Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хэл бичгийн ухааны доктор Н.Нарангэрэлтэй ярилцлаа.
СУРАХ БИЧГҮҮДИЙГ ЗАСАЖ САЙЖРУУЛААД, АЛДААГҮЙ БОЛГООД ЭХЭЛСЭН
-Монгол хэлний зөв бичгийн дүрэмтэй холбоотой маргаан цөөнгүй гардаг. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гарсан ч маргаан цэглэсэнгүй. Үүнийг хэрхэн цэгцлэх талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Б.Осор, Ц.Дамдинсүрэн нарын зохиож, 1983 онд хэвлэсэн “Монгол үсгийн дүрмийн толь”-ийн ард хавсаргасан дүрмийг манай улс өдий хүртэл баримталсаар ирсэн. Цаашид ч энэ дүрмийг баримтална. Тус тольд хавсаргасан дүрмийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл тогтоол гарган баталгаажуулсан юм. Улмаар Монгол хэлний тухай хуульд заасны дагуу хэл бичгийн 20 гаруй эрдэмтэн хамтран “Монгол бичгийн зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг дээрх толь бичигт суурилан гаргасан юм. Зөв бичих дүрмийн журамласан тольгүй байхад ерөнхий боловсролын сургуулийн, тэр дундаа бага ангийн багш нар ямар дүрэм мөрдөх нь тодорхойгүй байлаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, төрийн бүх шатны байгууллага баримтлах толь байгаагүй. Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толь төдийлөн олддоггүй, хүртээмж ч бага байсан юм. Харин журамласан толь гарснаар маргаан дагуулдаг байсан олон үгийг хэрхэн бичихийг нь шийдвэрлэсэн. Ингэснээр маргаан байхгүй болсон гэсэн үг. Өмнө нь хүмүүс энэ үгийг яаж бичих вэ гэж манайх руу их ханддаг байлаа. Бид лавлах шиг л ажиллаж байлаа шүү дээ. Харин 2018 онд журамласан толийг гаргаснаар ингэж асуухаа больсон. Тэгэхээр толь бичиг үүргээ сайн биелүүлж байна гэж ойлгож байгаа. Энэ бол маш том дэвшил. Одоо төрийн албан хаагчид, сэтгүүлчид, боловсролын бүх байгууллага энэ толийг мөрдөж байна. Сурах бичгүүдийг үүний дагуу засаж сайжруулаад, алдаагүй болгоод эхэлсэн. Цаашид бусад байгууллага ч мөрдөөд, цаг хугацааны явцад нийтээрээ дагаж хэвшинэ. Герман улсын иргэд “Дүдэн” толио бүгд дагаж мөрддөг шиг болох үе ирнэ гэж боддог.
-Зөв бичих дүрэм цахим орчинд хамгийн их зөрчигддөг гэж олон хүн шүүмжилдэг. Үүнийг цэгцлэх, өөрчлөх боломж манайд бий юү?
-Цахим орчинд монгол хэлний хэрэглээг боловсронгуй болгох, хөгжүүлэх болон “Google”-ийн алдаа шалгах, орчуулгын программыг сайжруулах чиглэлээр тус компанийнхантай хамтран ажиллаж байгаа.
МОНГОЛ ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭ ХААНА БАЙНА, ТЭР БҮХЭНД ХҮРЧ СУДАЛГАА ХИЙДЭГ
-ШӨХТГ-аас хэвлэл мэдээллийн байгууллагууд руу зөв бичих дүрмийг мөрдөхтэй холбоотой албан бичиг илгээдэг. Зөв бичгийн дүрмийг мөрдүүлэх энэ арга хэмжээ нь зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хязгаарлагддаг уу. Эсвэл өөр газруудад ч шалгалт хийж, шаардлага тавьдаг уу?
-Монгол хэлийг хэрэглэж байгаа бүх газарт л судалгаа хийж, дүгнэлт гарган, ШӨХТГ луу албан бичиг явуулдаг. Хэвлэл мэдээлэл нэг л хэсэг нь. Ном, сурах бичиг хэвлэдэг газрууд, рекламны самбар, хаяг, автобусны буудлын урсдаг зар, караокены дууны үг, дэлгүүрт зарж байгаа барааны тэмдэгт, заавар зэргээр монгол хэлний хэрэглээ хаана байна, тэр бүхэнд хүрч судалгаа хийж, засаж залруулах ажлыг зохион байгуулдаг гэсэн үг. Тус газрынхан Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг. Манай байгууллагын хүний нөөц бага, ШӨХТГ-т ч мөн ганцхан байцаагч ажилладаг. Тиймээс орон тоог нэмбэл үйл ажиллагааны хүртээмж сайжирч, үр дүн гарна.
-Техник, технологийн хөгжил, ялангуяа цахим орчны нөлөөгөөр гадаадын олон шинэ үг хэллэг хэрэглээнд орж ирж байна. Тэдгээрийг хэрхэн бичих вэ гэдэг нь бидний өдөр тутмын ажилд тулгардаг асуултуудын нэг. Кириллээр бичих үү, эсвэл англиар буулгах уу гэх маягаар төөрөлддөг. Ийм тохиолдолд яах вэ?
-Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дэргэд 2016 онд Улсын нэр томьёоны комиссыг сэргээн байгуулж, шинэ нэр томьёог монгол хэлээр оноох, батлах үйл ажиллагаа явуулж байна. Энэ чиглэлээр бид ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн секторынхонтой хамтран ажилладаг. Яамд салбарынхаа нэр томьёог манайх руу илгээдэг. Үүний дагуу хариуцдаг байгууллагуудынх нь төлөөллийг оролцуулан нэр томьёог хэлэлцээд, шаардлага хангасан тохиолдолд манай зөвлөл баталж, тогтоол гаргадаг. Саяхан Үндэсний аудитын газартай хамтран мэргэжлийн 300 гаруй нэр томьёоны талаар хэлэлцсэн байна. Эл ажлын хүрээнд terminogolgy.mn цахим хуудас нээж, гадаад үг, нэр томьёог монгол хэлэнд хэвшүүлэх талаар хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар мэдээлдэг. Мөн холбогдох байгууллагууд нь батлуулсан нэр томьёогоо салбартаа нутагшуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд таниулахад анхаарч ажиллах учиртай. Ер нь гадаад үгийг монгол хэлээр хэрхэн бичихийг тухайн хэлний авиа зүйд нь тулгуурлаж галиглах шаардлага үүсдэг. Үүний дагуу бид одоогоор хятад хэлний үеийн галигийг батлаад, хэрэгжүүлж байна. Зөв бичих дүрмийн журамласан толь бичигт дипломат харилцаатай орнуудын нэрийг нийслэлийнхтэй нь хамт галиглан оруулсан шүү дээ. Тэдгээрийг Гадаад харилцааны яам бүх бичиг баримтдаа тусгаад, мөрддөг.
-Монгол хэлэнд гадаад, ялангуяа англи хэлний нөлөө ихсэж байна гэх хүн цөөнгүй. Үүнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл хяналт тавьдаг уу?
-Гадаад нэр томьёо, харь үг гэдэг ойлголт ямар ч хэлэнд байдаг зүй тогтол. Монгол Улс олон талт, нээлттэй гадаад бодлого баримталдаг. Үүнтэй холбоотойгоор монгол хэлэнд гадаад үг, нэр томьёо оруулж ирж л байдаг. Жишээ нь, социализмын үед журнал, стол зэрэг орос үг монгол хэлний үгийн санд оруулж ирээд, иргэд өргөнөөр хэрэглэдэг байсан. Харин одоо бид стол гэж бараг ярьдаггүй. Ширээ л гэдэг шүү дээ. Яг ийм үзэгдэл бүх хэлэнд байна. Ганц манайд ажиглагдаад буй зүйл биш. Гэхдээ хэмжээ хязгаар, тунг нь тогтоох ёстой. Тиймээс Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гадаад үг, нэр томьёо хэрэглээнд орж ирэнгүүт бүртгэдэг. Жишээ нь, оффшор гэдэг үгийг хамгийн анх хэзээ, ямар сонины хэд дэх дугаарт хэрэглэснийг бүртгэн баримтжуулдаг юм. Мөн тухайн үгийг аль болох монгол хэл рүү буулгах, оновчтой орчуулах бодлого баримталж, холбогдох байгууллагуудад нь зөвлөмж, чиглэл хүргүүлж байна.
41-60 НАСНЫ АЛБАН ХААГЧДАД МОНГОЛ БИЧИГ СУРГАХАД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ
-Монгол хэлний тухай хуулийн дагуу манай улс 2025 оноос хос бичигтэн болно. Жил гаруйхан хугацаа үлдээд байгаа гэсэн үг. Бэлтгэл ажлаа хангасан уу?
-Монгол хэлний тухай хуульд заасны дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрт зааснаар дөрвөн зорилтын 69 үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд монгол бичгийн хэрэглээний орчныг бүрдүүлэх, сурах ажлыг эрчимжүүлэх, төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах стандартыг батлуулж, бэлтгэл хангах зэрэг үйл ажиллагааг хамруулсан. Дээрх 69 үйл ажиллагаанаас 55-ыг нь одоогоор хэрэгжүүлж дуусаад байна. Үндсэндээ бодлогын томоохон ажлуудаа амжуулсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, 2025 онд хос бичигт шилжихтэй холбоотой албан бичгийн стандарт, техникийн бэлтгэл ажлууд бүрэн хангагдсан гэж Хэлний бодлогын үндэсний зөвлөл үзэж байгаа. Тухайлбал, үндэсний бичгийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой дөрвөн стандартыг боловсруулж, батлууллаа. Тэр дундаа төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулахтай холбоотой 13 нэр, төрлийн албан бланкийг Стандарт, хэмжил зүйн газраас батлан, 2022 оноос 21 аймаг, зарим сумд, нийслэлийн 150 орчим байгууллагад амжилттай нэвтрүүлээд байгаа. Төрийн 200 мянга гаруй албан хаагчийн тал хувийг нь монгол бичгийн сургалтад хамруулсан. Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь есөн гишүүнтэй. Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцдаг ажлын албаны орон тоо цөөн. Улсын хэлний бодлогын үйл ажиллагааг цөөн албан хаагч хэрэгжүүлэхэд хүндрэлтэй тул бид аймаг, сум, яамдад салбар зөвлөлөө 2016 оноос нээж ажиллуулсан. Энэ жилээс гадаадад буй монголчуудад хүрч ажиллах үүднээс Европ, Ази тивд салбар зөвлөл байгуулж байна.
-Төрийн албан хаагчдаас монгол бичгийн шалгалт авахад тал хувь нь хангалттай үнэлгээ авсныг холбогдох байгууллагууд өмнө нь мэдээлж байв. Одоо тэр үзүүлэлтүүд ахисан уу?
-Бид Үндэсний статистикийн хороотой хамтран 2021 онд төрийн 141 100 албан хаагчаас монгол бичгийн мэдлэгийн түвшин тогтоох судалгаа авсан. Уг судалгаагаар улсын дундаж түвшин 53.6 хувьтай гарсан юм. Говь-Алтай аймагт 74.7 хувь буюу хамгийн өндөр байлаа. Баян-Өлгийд хамгийн бага буюу 37.5 хувьтай байв. Бид түвшин тогтоох судалгааг цахимаар давтан хийхэд 2021 оны тоон үзүүлэлт 15 хувиар өссөн байсан. Учир нь судалгааны үр дүнгийн дагуу 200 мянга гаруй албан хаагчид зориулсан төлөвлөгөөг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөл хамтран боловсруулж, манайхаас төрийн албан хаагчдад монгол бичиг заах хичээлийн хөтөлбөрийг баталсан юм. Эл хөтөлбөрийн дагуу төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн сургалтыг тогтмол явуулж байна. Жишээ нь, БШУЯ болон манай зөвлөлөөс өнгөрсөн онд төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн сургалтыг 21 аймагт явуулсан. Бид жил бүр аймгуудад ажиллаж, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Энэ жилийн хувьд 10 гаруй аймагт ажиллалаа.
Монголчууд 1941 оноос хойш кирилл бичиг хэрэглэж байна. Үүний зэрэгцээ үндэсний бичигтэй холбоотой бодлогыг төрөөс тасралтгүй хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, 1985 оноос хойш үндэсний бичигтэй холбоотой 10 гаруй тогтоол, тушаал гаргасан байдаг. 1992 онд ерөнхий боловсролын 1-4 дүгээр ангид монгол бичиг зааж байв. Тэр үед үндэсний бичиг сурсан хүмүүс өдгөө төрийн албан хаагчдын 33 хувийг бүрдүүлж буй юм. Мөн төрийн албанд 20-30 насны 52 000 орчим хүн ажилладаг. Тэд 6-12 дугаар ангидаа монгол бичиг үзсэн учраас тодорхой хэмжээний мэдлэгтэй. Харин 41-60 насны албан хаагчдад монгол бичиг сургахад ихээхэн анхаарах шаардлагатай байгаа.
БИЧИГ СОЁЛЫГ МИНЬ ГАДААД ХҮН СУРТАЛЧЛАН ТАНИУЛЖ БАЙХАД БИД Ч ХИЧЭЭХ ЁСТОЙ
-Үндэсний бичгийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой стандарттай болсон талаар та өмнө нь дурдсан. Ямар стандартууд байна вэ?
-Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дөрвөн стандарт баталсан байх ёстой. Тухайлбал, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас (албан бланк), түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага стандартыг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран 2022 онд боловсруулж, баталсан. Үүний хүрээнд 2022 оноос 21 аймаг бүр албан бичгээ кирилл болон үндэсний бичгээр хэвлэж, туршиж байна. Мөн Төрийн албан хаагчийн нэрийн хуудасны стандартыг 2022 онд боловсруулж, батлуулсан. Ингэснээр монгол бичиг, кириллээр зэрэгцүүлэн бичсэн нэрийн хуудас ашигладаг боллоо. Түүнчлэн гудамж, зам, талбай, аж ахуйн нэгж, байгууллагын хаягт тавих стандартыг шинэчлэн батлуулж, үндэсний бичгээр давхар бичих заалт тусгуулсан. Үүний дагуу төрийн байгууллагуудын үүдний хаягийг хос бичгээр бичсэн байгаа. Мөн хувийн хэвшлийнхэнд үүнийг мөрдүүлэхээр ажиллаж буй. Одоогоор Увс, Говь-Алтай, Хэнтий, Дорнод аймаг хаягжилтын стандартыг маш сайн мөрдүүлж, бусдадаа жишиг болж байна. Улаанбаатар хотын тухайд Захирагчийн ажлын албатай хамтраад эхний ээлжид жишиг гудамж сонгон, тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагыг монгол бичгийн хаягтай болгох ажлыг зохион байгуулж байгаа. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт буй жишиг гудамжинд 5000 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бий. Тэр бүхэнтэй Захирагчийн ажлын албаныхан уулзаад, хаягжуулалтын стандартыг танилцуулж, мөрдүүлэхээр ажиллаж байгаа гэсэн үг. Бид хаягжуулалтын судалгааг байнга хийдэг. Үүний дагуу ШӨХТГ-ынхан стандартыг мөрдүүлэх албан бичгийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлдэг. Ийм байдлаар жилд 1500 орчим хаяг, рекламны самбар буулгах, солиулах ажлыг Захирагчийн ажлын албаныхантай хамтран гүйцэтгэдэг. Зөрчлийн тухай хуулиар бол Монгол хэлний тухай хуулийн зөрчлийг хянан, шийдвэрлэх байгууллага нь ШӨХТГ.
-Гэхдээ удахгүй бүх нийтээрээ монгол бичиг хэрэглэх нь гээд зарим хүн Монгол хэлний тухай хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа.
-Үндэсний бичиг нь монголчууд бидний 1000 гаруй жилийн үүх түүхийг тээсээр ирсэн. 2025 оноос зөвхөн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулна. Үүнийг төрийн албан хаагчид ухамсарлан, монгол бичгээ сурч байгаа. Мөн төрийн албанд анх ажиллах гэж байгаа иргэн монгол хэлний мэдлэгээ шалгуулж байна. Англи хэлийг улс даяараа сурахыг эсэргүүцдэггүйтэй адил төрөлх хэлээ сайн эзэмших нь монгол хүн бүрийн үүрэг. Бид цөөхүүлээ. Монгол хэл, бичгээ хүн бүр эзэмших нь үндэсний аюулгүй байдлын баталгаа болдог. Саяхан Ромын пап манай улсад айлчлахдаа Гүег хааны тамганы дардастай бичгийг Ерөнхийлөгчид бэлэглэсэн. Тэгэхэд дэлхий даяар Монгол Улс ямар өвөрмөц сонин бичигтэй юм бэ гэж гайхширлаа. Бичиг соёлыг минь гадаад хүн сурталчлан таниулж байхад бид ч хичээх ёстой юм.
-Үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, ялангуяа олон нийтэд түгээн таниулах ажлууд хийж байгаа юу?
-Монгол бичгийн багш нарын цуврал хичээлүүдийг боловсруулаад дуусаж байна. Тэдгээрийг МҮОНТ-ээр дамжуулан олон нийтэд хүргэхэд бэлэн болсон. Мөн монгол бичгийн аппликэйшнийг гаргаж байна. Төрийн 30-аад цахим хуудас, сайт монгол бичгийн хувилбартай боллоо. Олон нийтэд нээлттэй цахим толь бичиг найм бий. Монгол бичгээрх групп фэйсбүүкт 100 гаруй, инстаграмд 50 орчим байна. Тэдгээрийг идэвхтэй хэрэглэгчийн тоо өдөрт 570 орчим байдаг.