АНУ-ын Дана-Фарберын нэрэмжит хорт хавдрын хүрээлэнгийн эрдэмтэд бөөрний хорт хавдрын эсрэг вакцины эмнэлзүйн туршилтаас гайхалтай үр дүнд хүрчээ. Аюулт өвчний явцыг 100% зогсоосон судалгааг шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтэлсэн байна.
Нэгдүгээр шатны туршилтад бөөрний тунгалаг эсийн хавдрын III буюу IV үеийн өвчтэй 9 хүн хавдраа авхуулсны дараа оролцжээ. Вакцин хийлгээд 34.7 сарын дараа, ажиглалтын төгсгөлд бүх өвчтөнүүдийн эдгэрэлт тогтвортой байжээ.
Бөөрний тунгалаг эсийн хорт хавдар нь бөөрний хорт хавдрын хамгийн түрэмгий хэлбэрүүдийн нэг юм. Мэс засал хийлгэж, стандарт дархлаа эмчилгээ хийсний дараа (жишээлбэл, пембролизумаб) өвчтөнүүдийн гуравны хоёр нь хавдар дахин илэрсэн байдаг.
Шинэ вакциныг неоантиген гэж нэрлэгддэг өвчтөн бүрийн хавдрын молекулын шинж чанарт үндэслэн бүтээдэг аж.
Эдгээр шинэ антигенүүд нь зөвхөн хавдрын эсүүдэд байдаг мутант уургийн хэсгүүд юм. Судлаачид алгоритмуудыг ашиглан дархлааны тогтолцоог хорт хавдрын үлдэгдэл эсийг таньж, устгахыг "сургах" зориултайгаар вакцинд хамгийн тохиромжтой неоантигенийг сонгон оруулжээ
Шинжилгээнээс харахад вакциныг хэрэглэсний дараа бүх өвчтөнүүдэд тогтвортой дархлааны хариу урвал бий болж, шинэ эмээр өдөөгдсөн Т эсүүд бие махбодид гурван жил хүртэл идэвхтэй хэвээр үлджээ.
“Бид хорт хавдрын эсийг довтолж чадах Т эсийн (биеийн дархлааны тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг лимфоцитуудын нэг төрөл) тоо хурдацтай, тогтвортой нэмэгдэж байгааг харсан. Энэ нь бөөрний хорт хавдрыг эмчлэх шинэ боломжуудыг нээж байна" гэж судалгааны хамтран зохиогч Доктор Патрик Отт хэвлэлд ярьжээ.