Сирийн түр Ерөнхийлөгч Ахмед аш-Шараа өнгөрсөн мягмар гарагт Туркийн Төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоантай уулзав. Энэ үеэр Сирийн төв нутагт Туркийн нисэх хүчний бааз байгуулахаар ярилцсан байна. Мөн Сирийн шинэ армийг сургах талаар ярилцжээ. Аш-Шараа үүний өмнө Саудын Арабын үе залгамжилсан ханхүү Мухаммед бин Салман, Катарын эмир Тамим бин Хамад Аль Тани нартай уулзсан.
Туркийн Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албаны даргын мэдээлснээр Эрдоан, аш-Шараа нар Сирид болж буй үйл явдлууд, тус улсын эдийн засгийг сэргээн босгох, тогтвортой, аюулгүй байдлыг нь хангахын тулд хамтран хийх ажлын талаар хэлэлцсэн аж. НАТО-гийн гишүүн Турк улс Сирийн зэвсэгт, улс төрийн хүчнийг эртнээс дэмжиж иржээ. Асадын дэглэмийн гол дэмжигч Ираныг хөндийрснөөс хойших орон зайд нөлөөгөө тэлж, шинэ Сири улсад чухал үүрэгтэй байхыг Анкара эрмэлзэж буй юм байна. Энэ байдал нь Персийн булангийн улсуудтай сөргөлдөхөд хүргэх вий гэж Израил болгоомжилж байгааг “Reuters” тэмдэглэсэн байх юм. “Сирийн шинэ засаг захиргаа хүсвэл шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн” хэмээн Туркийн Батлан хамгаалахын сайд Ясар Гюлер өнгөрсөн оны эцсээр мэдэгдэж байжээ.
Хүмүүнлэг, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, эрчим хүч, технологи, боловсрол, эрүүл мэндийн салбарт цаашдаа өргөн цартай төлөвлөгөө зохиох талаар ханхүүтэй ярилцлаа гэж аш-Шараа бичгээр хийсэн мэдэгдэлдээ өгүүлсэн. Асадын дэглэм унасны дараа аш-Шараа болон Сирийн шинэ төрийн хүмүүс Арабын хийгээд Өрнөдийн орнуудтай хэлхээ холбоогоо бэхжүүлэхийг хичээж буй юм байна. Энэ оны эхээр Сирийн Гадаад хэрэг, батлан хамгаалахын шинэ сайдыг Саудын Араб хүлээн авчээ. Катарын шейх Тамим бин Хамад Аль Тани Сирид очсон нь Башар Асадын дэглэм унаснаас хойш гадаад улсын Төрийн тэргүүний хийсэн анхны айлчлал болов. Сирийн ард түмний бүх давхаргыг төлөөлсөн Засгийн газраа даруй төвхнүүлэхийн чухлыг шейх Тамим онцолсон байна.
Арабын орнуудын удирдагчидтай харилцаагаа зөөлрүүлж авах нь Башар Асадын үед бий болсон нөхцөл байдалтай харьцуулбал томоохон ахиц юм. 2011 онд олны эсэргүүцэл тэмцлийг эрх баригч дэглэм харгис ширүүнээр дарснаас Сирийг Арабын орнуудын лигээс хассан. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрч буй.
Сирийн удирдагч, “Хайят Тахрир аш-Шам” бүлэглэлийн тэргүүн Ахмед аш-Шараа тус улсын шилжилтийн үеийн Ерөнхийлөгчөөр тохоон томилогдсон. Үүний талаар Сирийн төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. ОХУ болон олон улс алан хядагч байгууллага гэж үздэг “Хайят Тахрир аш-Шам” гэдэг исламын бүлэглэл аш-Шараагийн удирдлагаар босогчдын тэмцлийг манлайлж, эцэст нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Башар Асадын дэглэмийг нураасан билээ. Абу Мохаммед аль-Жулани гэх нууц нэрээр хээрийн цэргийн командлагч явсан аш-Шараа шинэ Үндсэн хууль баталтал ажиллах Хууль тогтоох түр зөвлөлийг байгуулах бүрэн эрхийг Сирийн шинэ эрх баригчдаас аваад байгаа аж. Босогчдын холбоонд нэгдсэн зэвсэгт бүлэглэлүүдийн командлагчид оролцон Дамаск хотод болсон уулзалтаас ийн зарлажээ.
Асадын дэглэмийг унагаах үйлсэд оролцсон зэвсэгт бүх бүлэглэл, түрүүчийн дэглэмийн үед байсан арми, тусгай албадыг татан буулгасныг Сирийн удирдлага бас олон түмэндээ дуулгажээ.
Ахмед Хуссейн аш-Шараа аав, ээж нь Саудын Арабын нийслэлд шилжиж ирсний дараа 1982 онд төржээ. Эцэг нь нефтийн үйлдвэрийн ажилтан, эх нь газар зүйн багш байж. Хожим нь аш-Шараа Дамаскийн их сургуульд сурав. 2000 онд Палестины арабуудын бослого, 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаа аш-Шараад их нөлөөлж, “Аль-Кайда”-гийн талд Иракт байлдахын тулд сургуулиа хаяж, Абу Мухаммед аль-Жулани гэх нууц нэртэй болжээ. Тэгээд Ахмед Хуссейн аш-Шараа 19 настайдаа Иракт очиж өөрийнх нь хэлснээр АНУ-ын эсрэг тэмцэхээр “Аль-Кайда”-гийн эгнээнд орсон байна. 2006 онд Иракт байхдаа америкчуудад олзлогдож, таван жил шоронд суужээ. Суллагдмагц нь Сирид салбар байгуулахыг “Аль-Кайда” түүнд үүрэг болгож, аш-Шараа ч уг үүргийг сайн биелүүлэв. Гэлээ ч цаг хугацаа өнгөрөх тусам уг бүлэглэлээс хөндийрч Сирид нөлөөгөө хүчтэй болгохыг аш-Шараа хүсэх болжээ. Шоронгоос гарсан ислам шашинтнуудаараа “Жебхат ан-Нусра” бүлэглэл байгуулж, Засгийн газрын цэргүүдийн хяналтад байсан үлэмжхэн газрыг эзэлснээр Сирийн хүчирхэг бүлэглэлийн нэг гэгдэх болов. “Ан-Нусра” 2016 оны эхээр босогчдын бусад бүлэглэлтэй нэгдэх талаар яриа хэлэлцээр хийв. “Хайят-Тахрир аш-Шам” бүлэглэлээ 2017 онд байгуулжээ. Тус бүлэглэл 2019 оноос Засгийн газрын чиг шугамыг баримталж, Туркийн хүчнүүдтэй сүжрэх болсон байна.
Аш-Шарааг Сирийн шилжилтийн үеийн Ерөнхийлөгч болгож буйг 2025 оны нэгдүгээр сарын 29-нд албан ёсоор зарлав. Асадын дэглэм унасны дараа жихадуудтай их ойр явсан энэ хүн яаж Сири улсын удирдагч болохыг тус улсад, бас Өрнөдөд ч сэтгэл түгшин ажиглаж байв. Исламчуудаар эрх бариулсан Сири ер нь яадаг бол? Идлибт тэд долоон жил засаглаж байна шүү дээ. Аш-Шараа олон сэтгүүлчийн, тэр дундаа Өрнөдийн хэвлэлийнхний асуултад хариулахдаа шинэ Сири улс, түүний эрх баригчид сиричүүдэд ч, ер нь энэ дэлхийн хэнд ч аюул учруулахгүй гэж хэлж байв. Сирийн байдлыг шариатын харгис хатуу хууль баримталж буй Афганы талибуудтай зүйрлэхгүй байхыг тэрбээр хүсдэг байлаа.
“Шинэ эрх баригчид эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлахгүй, боловсролыг бүгдэд хүртээмжтэй болгоно, одоо хүртэл оршин тогтнож буй исламын бүлэглэлүүдийн зэвсгийг хураана” гэж аш-Шараа амлаж байгаа юм. Дамаск хотыг босогчид авснаас хойш дэлхийн олон орны төлөөлөгчид аш-Шараатай уулзсан. Тэдний дотор Оросын Гадаад хэргийн дэд сайд Михиал Богданов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Александр Лаврентьев нар орсон байна.
БНТУ-ын Ерөнхийлөгч Эрдоан Рамадан сар эхлэхээс өмнө (хоёрдугаар сарын 28-наас наана) Сирид айлчлахаар төлөвлөж буйг Туркийн “Turkiyе” сонин мэдээлжээ. Дамаскийн шинэ эздэд Туркийн дэмжлэг их хэрэгтэй байгаа. Хоёр улсын удирдагчдын саяын уулзалтын ярианы гол сэдэв нь Асадыг унагасны дараа Сирийн зүүн нутагт идэвхжиж буй “Исламын улс”-тай, “Ардчилсан хүчний холбоо” нэртэй курдүүдтэй хийх тэмцэл байв. Эдгээр хүчин АНУ-ын дэмжлэгтэйгээр Сирийн зүүн хойт нутгийг мэдэлдээ байлгаж буй.
Ташрамд тэмдэглэхэд, АНУ-ын Төрийн департамент аш-Шарааг 2013 оны тавдугаар сард онц аюултай гэмт хэрэгтний жагсаалтад оруулж, түүнийг баривчлахад тус болох мэдээллийн төлөө 10 сая ам.долларын шагнал олгохоо зарласан. Харин аш-Шарааг Америкийн төлөөлөгчидтэй уулзсаны дараа 2024 оны арванхоёрдугаар сард уг шийдвэрээ цуцалсан байна. Сирийн хуучин (Асадын үеийн) армийг алан хядагчид гэж тооцдог Курдистаны ажилчны намын салбар гэж Анкара үздэг юм. Сирийн энэ армиар уламжлан нефтийн гол гол орд, хөдөө аж ахуйн ашигтай газруудыг нь АНУ хянаж байгаа. Үүнийгээ хэн нэгэнд шилжүүлж өгнө гэдэг юу л бол. “Курдүүдэд үзүүлэх дарамтыг хүчтэй болгоход Сирид Туркийн цэргийн хоёр бааз байхад хангалттай” гэж Дорно дахиныг судлаач Николай Сухов үзэж байна. “Reuters”-ын мэдээлснээр Анкарад болсон хэлэлцээрээр Сирид Туркийн хоёр ч бааз байгуулж, “F-16” бөмбөгдөгч онгоц байрлуулахаар тохиролцсон гэнэ.
Саудын Арабын төрийн мэдээллийн SPА агентлагийн мэдээлснээс үзвэл аш-Шараа түр Засгийн газрынхаа Гадаад хэргийн сайд Асад аль-Шайбанийг Эр-Риядад дагуулж очжээ. Энэ хүн Сири дэх Оросын цэргийн баазуудын асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Михиал Богдановтой нэгдүгээр сарын эцсээр хэлэлцээр хийсэн аж. Саудын Арабт хийсэн айлчлалаа аш-Шараа “Хоёр улсын стратегийн харилцааны эхлэлийг тавилаа” гэж дүгнэснийг Сирийн SANA агентлаг мэдээлсэн байна. “Аш-Шараагийн энэ удаагийн айлчлалын тэргүүлэх зорилт нь Сири улсыг сэргээн босгох төлөвлөгөөг хэрэгжүүлэх явдал байв” гэж шинжээчид үзэж байгаа юм. Саудын Араб нь Араб, Исламын ертөнцийн тэргүүлэгч, Турк, Катартай өрсөлдөгч, Арабын улсуудын лиг, Исламын хамтын ажиллагааны байгууллагын нөлөө бүхий гишүүн тул Сирийн шинэ эрх баригчдын хууль, эрх зүйн баталгаа эднийхээс ихээхэн хамааралтай байх аж. Түүнээс гадна ислам ёс дэглэм тус улсад “аядуу” байхыг аш-Шараа нотлон харуулах ёстой. Түүнчлэн Эр-Риядад аш-Шараа эхний айлчлалаа хийсэн нь “Хайят Тахрир аш-Шам”-ыг Туркт нааштай байгаагийн илэрхийлэл гэж үзвэл ташаа болно. “Сирийг өөртөө ашигтайгаар хэн сэргээн босгож эхлэх тухайд Арабын Нэгдсэн Эмират болон бусад улсаас Саудын Араб хоцрохыг хүсэхгүй” гэж шинжээчид үзэж байна.
Аш-Шараагийн хувийн амьдралын тухай мэдээлэл тун ховор. 2024 онд “Time”-д мэдээлснээр зэвсэгт томоохон бүлэглэлүүдийн тэргүүнүүдийн уулзалтад оролцохдоо аш-Шараа чухам хэн болохоо мэдэгдэхгүйн тулд нүүрэндээ баг өмссөн байжээ. Тэрбээр гэргий Латифа аш-Шарааг ердөө хэдхэн хоногийн өмнө, 2025 оны нэгдүгээр сарын 29-нд бусдад танилцуулсан байна. Сири, Америкийн эмэгтэйчүүдийн төлөөлөгчид Дамаск хотноо Ерөнхийлөгчийн ордонд анхны уулзалтаа хийх үеэр ийм үйл явдал болжээ.