Тайланд улсад болсон олон улсын скайраннингийн цуврал тэмцээний нэг болох “Kailas penang skyrace-2025”-д манай улсаас хоёр тамирчин оролцов. Тус тэмцээнд өрсөлдсөн оролцогчид уулын эгц өөд бартаа ихтэй 30 км-ийн замд хурд сорьж, уруудаж уралдахдаа хамгийн богино хугацаанд амжилт гаргасан нь тэргүүн байрт шалгарах байв. Эрэгтэйчүүдийн ангилалд Монголын скайраннингийн холбооны тамирчин, ОУХМ Н.Лувсаншарав удаалж, эмэгтэйчүүдээс М.Дуламсүрэн хүрэл медаль хүртлээ. Дээрх тэмцээнд оролцсон тамирчид чансааны оноо цуглуулж, “Merrell skyrunning” Дэлхийн цом, ДАШТ-д өрсөлдөх эрхээ авдаг байна. Н.Лувсаншарав Японы Осака хотод өнгөрсөн сард зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн цастай уулын гүйлтийн тэмцээнд түрүүлж, хошой алтан медальтай ирсэн юм.