Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баяртай холбоотойгоор Боловсролын ерөнхий газраас сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт чиглэл хүргүүлсэн байна. Өнгөрсөн хичээлийн жилд АТГ болон нийслэлийн Прокурорын газраас боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой найман мэдэгдэл, нэг зөвлөмжийг Боловсролын ерөнхий газарт ирүүлжээ. Эдгээрийн 55.5 хувь нь суралцагчаас хууль бусаар төлбөр, хураамж авсан гэх утгатай байж. Тухайлбал, нэгэн сургуулийн захирал заалны төлбөрийг хууль бусаар ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, арга хэмжээ авхуулжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд иргэдээс 284 өргөдөл, гомдол ирсний ихэнх нь аялал зугаалга, төгсөлт, үсэглэлийн баяр, анги цэвэрлэгээ, биеийн тамирын хувцас, эцэг, эхчүүдийн тэмцээн, уралдаантай холбоотой байсан гэнэ. Үүнээс Зөрчлийн тухай хуулийн дагуу 81 хүнд арга хэмжээ авчээ. Иймд холбогдох хууль тогтоомжийг сахин мөрдөж, гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэхийг боловсролын байгууллагын удирдлагуудад сануулсан байна. Тухайлбал, багш нарыг хичээл, сургалтын үйл ажиллагаанаас бусад ажилд хамруулахгүй байх, эцэг, эх асран хамгаалагч нарын оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарлаж, оролцоогоор нь хүүхдийг үнэлдэг байдлыг өөрчлөх, 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч нь эцэг, эхчүүд, асран хамгаалагч, багш нартаа сурсан мэдсэнээ тайлагнах арга хэмжээ болгон шинэлэг байдлаар зохион байгуулах, ар гэрийнхэн нь багштай тогтмол харилцаа холбоотой байж, хүүхдэдээ анхаарал хандуулах зэрэг зөвлөмж өгсөн байна.
Ч.Болор