Боловсролын салбарт Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төслийг 2022 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг болон нийслэлийн Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын зорилтот 18 сургуулийн багш нарыг тусгай хэрэгцээт боловсролын багшаар сургажээ. Өөрөөр хэлбэл, дээрх сургуулийн Хүүхдийн хөгжлийн дэмжих танхимын багш нарыг МУБИС-ийн багш, тусгай хэрэгцээт боловсролын бакалаврын хөрвөх хөтөлбөрт нэг жилийн хугацаанд хамруулан диплом гардуулсан байна. Хүүхэд хөгжлийн танхимыг сурлагын хоцрогдолтой болон хөгжлийн бэрхшээлтэй багачуудад зориулан тохижуулсан бөгөөд багш нар нь ганцаарчилсан хөтөлбөр боловсруулан ажилладаг аж. Ийн мэргэшсэн багш нар сургуулийнхаа ялгаатай хэрэгцээтэй сурагчтай ганцаарчлан ажиллах, бусад багш, ажилчдад арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.
Ч.Туяа