Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозигийн Хүндэт легионы болон “Гавьяа байгуулсны төлөө” одонгуудыг хурааж авахаар болсон нь 1945 оноос хойших анхны ийм тохиолдол аж. Авлигын хэргээр Ерөнхийлөгч асанд нэг жил хорих шийтгэл оноосон нь ийм шийдвэр гаргах шалтгаан болжээ. Түүнд дурдсанаар уг шийдвэр үүнээс 10 хоногийн өмнө батлагджээ. Тэгээд 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс Саркози шагналуудын эзэн байхаа болов. Түүнд Хүндэт легионы одонг 2004 онд хүртээсэн юм байна.
Францын эрх баригчид “Гавьяаны төлөө” том загалмай одонгийн талаар Хүндэт легионы адил шийдвэр гаргажээ. Энэ одонг Саркози Ерөнхийлөгч болоод 2007 онд аяндаа л авчихсан юм байна. Мөн л 2023 оны тавдугаар сарын 17ноос энэ одонгоо зүүх эрхгүй болсон байна. Саркози Хүндэт легионы одонгоо хураалгасан Францын хоёр дахь Ерөнхийлөгч болов. 1945 онд маршал Филипп Петенд ийм тавилан тохиосон бөгөөд тэрбээр Гитлертэй хамтран ажиллаж байж. “Франс пресс” агентлагийн тайлбарласнаар шүүхийн шийдвэр гаргуулсан хэн ч бай, төрөөс авсан шагналаа буцааж өгдөг ёстой юм байна. Саркозигийн шагналыг хурааж авахыг Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэл Макрон эсэргүүцэж “Ерөнхийлөгч байсан хүмүүст хүндэтгэлтэй хандах ёстой” гэж хэлж байжээ. Макрон, Саркози хоёр байнгын харилцаатай байдаг юм байна. Гэтэл Саркозигийн шагналыг буцааж авах талаар шийдвэр гаргадаг “их магистр” хэмээх албан тушаалыг бүрэн эрхээ хэрэгжүүлж буй Төрийн тэргүүн, тодруулбал Макрон л гаргах эрхтэй аж.
2000-аад оны дундуур Саркози Ливийн дарангуйлагч Муаммар Каддафитай авлигын хуйвалдаан хийсэн гэх хэргийг Парисын шүүх шийдвэрлэсэн байна. Николя Саркози 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөхдөө хэрэглэх зорилгоор Каддафигаас мөнгө авсан хэрэгт орооцолджээ. Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози, түүний Тамгын газрын дарга, Дотоод хэргийн сайд асан Клод Геан, Засгийн газрын гишүүн асан Брис Ортефё нар энгийн модон сандал дээр суу¬ чихсан, 2004-2007 онд Ливид Францын Элчин сайдаар ажиллаж байсан Жан-Люк Сибьюд зогсоод мэдүүлэг өгч байх юм. “Саркози, Ливийн удирдагч асан Муаммар Каддафи хоёр бусад хүмүүсийн хамт уулзаж байснаа ердөө хоёр хэлмэрчтэйгээ салаад явсан” хэмээн тэрбээр хэлж байв. Шүүгч болон өмгөөлөгчид хэд хэдэн удаа хүссэн ч огцорсон дипломатч тэдний ярианы агуулгын талаар юу ч нэмж хэлсэнгүй. Уг нь бол Саркози, Каддафи хоёрын тэр уулзалт л шүүхийн энэ хурлын анхаарлыг татсан гол асуудал байв. Елисейн ордны ирээдүйн эзэн чухам тэгэхэд л Ливийн дарангуйлагчтай “авлигын хэргээ амжуулсан байх” хэмээн шүүгчид сэжиглэж байв.
2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд нь зориулан 50 сая евро өгөхөөр Каддафи амлаж, тэгээд л Саркози ч сонгуульд ялсан гэж үздэг аж. Хариуд нь франц эр имижээ дээшлүүлэхэд нь туслах амлалт Каддафид өгсөн байна. Тухайн үед Ливи улс олон улсын алан хядах ажиллагааг санхүүжүүлдэг гэх муу нэртэй болоод байв. Саркозигийн хэрэгт холбогдсон 13 хүн тус бүр 10 хүртэл жил шоронд хоригдож, 750 мянган еврогоор торгуулах ял хүлээж байжээ. Энэ хэргийг шалгасан гурван мөрдөн байцаагч 10 гаруй жилийн хугацаа зарцуулж, 557 хуудас шүүхийн дүгнэлт бэлтгэсэн байна. Геан, Ортефё нар Ливид очиж, мөнгө гуйвуулсан хэрэгт сэжиглэгдсэн зуучлагчидтай уулзсан, дүүрэн дүүрэн мөнгөтэй чемодануудын тухай түүнд нүдэнд нь харагдтал өгүүлсэн байлаа. Саркозигийн өмгөөлөгчдийн нэг Кристоф Ингрен сурвалжлагчид “Бидэнд нотолгоо алга” гэж хэлж байв.
Шүүхийн хурлын эхний өдрүүдэд хуйвалдааны тухай яриа гарчээ. 2011 онд Ливийн удирдагчийг унагасан олон улсын эвслийг толгойлсон Саркозигоос өш хонзонгоо авахыг Каддафи хүсэж байжээ. Францын хуулиар нэр дэвшигч гадаадаас санхүүжилт авч сурталчилгаандаа зарцуулах эрхгүй байдаг юм байна. Сэтгүүлч Фабриса Арфа Германы сэтгүүл¬ чийн асуултад хариулахдаа “Бид хүний эрхийг мөрддөг гэж байнга ярьдаг ч манай Ерөнхий сайд байсан Ален Жюппе, Франсуа Фийон нар авлигын хэргээр шүүхийн шийдвэр гаргуулсан. Ерөнхийлөгч асан Жак Ширак, Николя Саркози нар ч ялгаагүй” гэж хэлсэн байна.
Франсуа Олландыг Ерөнхийлөгч байхад эрх ашгийн зөрчлийн тухай хууль тогтоомжийг чангаруулж Нийгмийн амьдралыг тунгалаг болгох дээд байгууллага бий болгожээ. Өмгөөлөгчийн суудал дээр байгаа Венсан Бренгар Ерөнхийлөгч асны хэргийг хэлэлцэж буй шүү¬ хийн энэ үйл ажиллагааг тус улсад ардчиллын институтцийг бэхжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байв.
Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан Эдуардас Вайткусын Төрийн шагналыг цуцлах шийдвэр гаргав. Вайткус Ерөнхийлөгч Роландас Паксасын шийдвэрээр 2004 онд Офицерын загалмай одонгоор шагнуулж байжээ. Тэрбээр хэдэн долоо хоногийн өмнө Беларусь улсад очих үедээ Ерөнхийлөгч Науседийг хууль бусаар сонгогдсон, литвачууд хийгээд төр улсаа устгах замаар Литва улс явж байна гээд хэлчихсэн аж. Вайткус тэнд “Белая Русь” намын даргатай уулзаж, хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Үүний нь дараа Литва улсын эсрэг үйлсэд гадны улсад тусалсан явдлыг нь мөрдөн шалгах ажлыг эхлүүлэв. Литвад төрийн аливаа одон, медаль, бусад ялгах тэмдгийг улсынхаа өмнө байгуулсан онцгой гавьяаг нь үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм байна. Тэгвэл гэмт хэргийн төлөө шийтгэл, зэмлэл хүлээсэн хүмүүс шагнал авсан байж таарахгүй.
Украин улсаас урваж, төрөөс авсан шагналаа хураалгахаар болсон хүмүүсийн эхний нэрсийг Киевт олны сонорт хүргэв. Түүнд Украины төрийн зүтгэлтнүүд болон Оросын жүжигчин 34 хүний нэр оржээ. Тэдний дотор ОХУ-ын Ерөнхийлөгчийн дотны хүн, Украины Дээд Радагийн депутат байсан Виктор Медведчук, ерөнхий прокурор асан Виктор Пшонка, Ерөнхий сайд асан Николай Азаров, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Дмитрий Табачник зэрэг хүний нэр багтсан байна. Оросын дуучин Николай Басков, Филипп Киркоров нарын “Украины ардын жүжигчин” цол, Оросын үнэн алдартны шашны тэргүүн Кириллийн Цэцэн Ярославын I зэргийн одонг мөн хураахаар болжээ.
Брежнев 1978 онд “Ялалт” одон хүртсэн аж. Зөвлөлтийн иргэд үүнд эгдүүцэж, улмаар уг шагнал өвгөрсөн ерөнхий нарийн бичгийн даргын талаар элдэв шог яриа үүсэх шалтаг болсон байдаг. 1943 оны намар Аугаа их эх орны дайны явцад үндсэн өөрчлөлт гарч, нацистууд Өрнө зүгт зогсолтгүй ухарч, Герман ялагдах нь ойлгомжтой болж байв. Ийм үед цэргийн дээд тушаалын дарга нарт олгох “Ялалт” нэртэй шагнал бий болгохоор шийдэж, эрдэнийн хэд хэдэн чулуу, алт, мөнгө оруулсан одон хийж, хүмүүст өгсний дотор Сталин, Жуков нар оров. “Ялалт”-ыг АНУ-ын генерал Эйзенхауэр, Английн фельдмаршал Монтгомери, Румыний хаан I Михай, Польшийн маршал Роля-Жимерский нарт ч олгож. Нийтдээ 16 хүн уг одонгоор энгэрээ мялаав. Брежневийн өмнө уг одонг 1945 оны намар Югославын маршал Йосиф Броз Титод хүртээсэн байлаа.
Дайн дуусаад 30 гаруй жил болсон байхад Брежнев 17 дахь шагналтан болж, цуглуулгадаа нэг одон нэмэрлэсэн аж. 71 настай Брежневийн хувьд алдар цол, шагнал авах нь нэг ёсондоо дуртай ажил нь болоод, ард олон “Аз болоход Леня гайгүй өргөн цээжтэй юм” хэмээн наргиан болгодог байлаа. Брежнев 68 насандаа армийн генерал, хоёр жилийн дараа маршал болов. Леонид Ильич 70 насандаа ЗХУ-ын хоёр удаагийн баатар болчихсон, Зөвлөлтийн болон гадаадын 120 шахам шагналтай байв. Хожим нь тэрбээр баатрын алтан таван хошуу тавыг гялалзуулж явах болсоны нэг нь “Социалист хөдөлмөрийнх” байсан гэдэг. 1989 оны намар Михиал Горбачев онцгой зарлиг гаргаж Брежневийг “Ялалт” одонгоор шагнасан шийдвэрийг цуцалсан байна. Энэ нь намын ахмад гишүүдийн талархал хүлээсэн Горбачевийн бараг цорын ганц шийдвэр байх. Брежнев өөрөө Дээд Зөвлөлийн дарга байсан болохоор түүнд “Ялалт” одон олгох зарлигт нэгдүгээр орлогч Василий Кузнецов нь гарын үсэг зурсан гэдэг.
Ямар нэг ой болоход Улс төрийн товчооны гишүүдийг алтан одоор шагнах нь нийтлэг жишиг болсон байв. Брежнев ЗХУ-ын Батлан хамгаалах зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч учраас зарчмын хувьд маршал цолтой байх эрхтэй байжээ. Дайны туршид Брежнев армийн улс төрийн хэлтсийн дарга байгаад, дайн дуусахад хошууч генерал цолтой болсон байв. 2000 оны тавдугаар сарын 9-нд Владимир Путин Кремльд “Ялалт” одонтой хүмүүсийн нэр бүхий салбар нээхэд Брежневийнх байгаагүй гэдэг.
“Ялалт” одонг анх Одесс хотыг чөлөөлсөн 1944 оны дөрөвдүгээр сарын 10-нд гардуулж, фронт командалсан маршал Константин Рокоссовский, Иван Конев, Родион Малиносвкий, Фёдор Толбухин, Леонид Говоров, Семен Тимошенко, Кирилл Мерецков нарт дайны дараа уг одонг хүртээхэд ганцхан армийн генерал байсан нь 1945 оны хоёрдугаар сараас Жанжин штабын даргаар ажилласан Алексей Антонов байжээ. “Ялалт” одонг хүртэгсдээс ганц I Михай хаан л дайнд цэрэг командлаагүй, 1944 оны наймдугаар сард улсаа Гитлерийн эсрэг эвсэлд татан оруулсан улс төрийн шийдвэрийнхээ төлөө уг шагналын эзэн болсон байдаг. Михай “Ялалт” одонгийн сүүлчийн эзэн байсаар 2017 оны эцсээр 96 насандаа өөд болжээ. Энэ хаан 1947 онд эх орноосоо хөөгдөж, Швейцарт аж төрөх болсон байна. Ялалтын 60 жилийн ойд оролцохоор Москвад ирэх үеэрээ Путинд бараалхахад түүний энгэр дээр “Ялалт” одон байгаагүй гэдэг. Хүний газар цөлөгдөөд байхдаа юм юмаар гачигдсанаас одонгоо зарсан гэх яриа бий ч нотлох баримт байдаггүй. Сталины амьдралын сүүлийн жилүүдэд Броз Титог Зөвлөлтөд “дээрэмчин” гэлцэх болсон байсан ч, Роля-Жимерский 19531955 онд Польшид шоронд улс төрийн хэргээр сууж байсан ч “Ялалт” одонг нь хурааж аваагүй. 1966 онд Шарль де Голлийг айлчлахын нь өмнө Зөвлөлтийн удирдагчид шагнахаар төлөвлөж байсан ч тодорхой бус шалтгаанаар больсон юм билээ. “Ялалт” одонг 22 хувь хийж, гурвыг нь хэн нэгэнд өгөлгүй үлдээсэн гэсэн. Эйзенхауэрт хүртээсэн “Ялалт” одонг америкчууд цэгнэж үзээд зөвхөн бриллиантыг нь тухайн үеийн ханшаар 18 мянган ам.доллароор үнэлсэн юм гэнэ лээ.
Жаргалант