Монголын хэл засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбооныхон Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнтэй хамтран дээд боловсролтой иргэдийг хэл засалч мэргэжлээр нэг жилийн хугацаанд мэргэшүүлэн сургаж буй юм. Өнгөрсөн гурван жилд уг сургалтад135 хүн хамрагдан, хэл засалчаар төгссөн бөгөөд тэдний 60 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа аж. Харин энэ удаа Улаанбаатар хот, Дархан-Уул, Увс, Дорнод аймгаас багш, эмч, сэргээн засалч мэргэжилтэй, нийт 41 хүн сурч, хэл засалчийн дипломоо гардан авчээ.
Ажиллах явцдаа цахимаар суралцах боломжтой бөгөөд энэ удаа нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд дадлага хийснээрээ онцлог гэнэ. Манай улсад хэл, ярианы бэрхшээлтэй хүүхдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж буй ч тэдэнд туслалцаа үзүүлэх мэргэжилтэн ховор хэвээрээ байна.
Хэл засалчид зөвхөн боловсролд бус, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм. Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 14 мянга гаруй хүүхэд байгаагийн 894 нь сонсгол, хэл, ярианы бэрхшээлтэй аж. Мөн 2395 хүүхэд аутизмын хүрээний эмгэгтэй нь оношлогдсон бөгөөд тэдний хэл, ярианы хөгжил сул учир хэл засалчийн тусламж нэн шаардлагатай байдаг юм.
Ч.Болор