Аймаг, сумуудын ойн баяр хавтгайрч, зохион байгуулалт нь задгайрч, тэр хэрээр аюулгүй байдал нь алдагдсаныг Увсын Тариалан сумын 100 жилийн наадам гэрчлэв. Тус сумын түүхт ойн баяр энэ сарын 21, 22нд болсон бөгөөд нийт 10 насны 350 орчим морийг 80 гаруй уралдаанч хүүхэд хурдлуулсан байна. Энэ үеэр 12 хүүхэд мориноос унаж бэртжээ. Тэдний найм нь соёолон насны морьдын уралдааны үеэр унасныг албаныхан хэлсэн. Учрыг тодруултал 48 соёолон гараанаас гарахад зам чиглүүлж хөтлөх үүрэгтэй комиссынхны машин эхэнд нь яваагүй аж. Үүнээс болоод гарааны зурхайгаас дөнгөж 500 метрийн зайд морьд үргэлжилсэн том гуу жалганд бүдэрцгээж, олон хүүхэд унасан харамсалтай үйл явдал болжээ. Өөрөөр хэлбэл, Увсын тариаланчууд 12 хүүхдийн амиар наадах шахаж.
Зохион байгуулагчид гарааны төхөөрөмж азарганы уралдаанаас хойш эвдэрсэн, үүнээс болж будилаан, үл ойлголцол үүссэнийг, хариуцлага алдсанаа ч хүлээн зөвшөөрөөд буй. Гэвч Тариалан сумын Засаг дарга нь “Гараанаас түрүүлж гарсан хүүхдүүд наадмын комиссынхны машиныг хүлээлгүй буруу зам сонгосон. Тэр замаар бариа руу явах ёсгүй байсан, уулынхаа бэлээр “ороовол” гуу жалга таарахгүй. Сумын жил бүрийн наадмаар энэ л замаар морьд уралдаж ирсэн” гэх мэтээр арьсаа хамгаалж сууна. Хүүхдүүд унасан нь бараг өөрсдөөс нь болсон гэх. Гарааны төхөөрөмж эвдэрсэн нь 500 метрийн цаана байрлах гуу жалганд ямар ч хамааралгүй. Уралдааны зам харгуйгаа судлаагүй, ойролцоох эрсдэлийг тооцоолоогүй комиссынхны түмэн буруу байхад амьгүй эд зүйлсэд нялзааж, уснаас хуурай гарахаар улайрч буйг иргэд ч шүүмжилсээр байна.
Уралдааны үеэр хүүхэд хамгааллын баг Тариалан сумд ажиллаж, уралдаанч хүүхдүүдийн хувцас, хэрэглэлийг нь бүрэн өмсгөж, хяналт сайн тавьсан гэж төрийн албаныхан өөрсдийгөө мөн өмгөөлөөд эхэлж. Мориноос унасан хүүхдүүдийн биеийн байдал сайн, ямар нэгэн хүнд гэмтэл аваагүй, орон нутгийн эмнэлгийн хяналтад байгаа хэмээн мэдээлсэн. Тэгвэл соёолон насны морьдыг гараанаас дагаж явсан иргэний дүрс бичлэгт хүүхдүүд маш том гуу жалганд морьтойгоо онхолдож, бие биетэйгээ мөргөлдөн унаж байгаа нь ил болсон шүү дээ. Тийм аймшигтай ослоос хүүхдүүд ямар ч бэртэл гэмтэл аваагүй, биеийн байдал нь сайн гэх албаныхны мэдэгдэлд итгэхэд бэрх.
Улсын хэмжээнд одоогоор 100 жилийн ойн баяр тэмдэглэх 18 сум наадмын товоо зарлаад байна. Нэмээд бүсийн томоохон хэмжээний таван даншиг наадам монголчуудыг хүлээж буй. Энэ үеэр дээрхээс ч аймшигтай осол болохыг үгүйсгэхгүй. Уг нь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын Засаг дарга нар Хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлдэг. Гэвч тэд үүргээ төдийлөн биелүүлэхгүй байгааг олон жишээ харуулсаар л байгаа.
Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан өчигдөр Монголын морин спорт, уяач¬ дын холбооныхонтой уулзана лээ. Уг нь хүүхэд хамгаалал нь урьдчилан сэргийлэх ажлаас эхэлдэг болохоос хэрэг гарсных нь дараа “бужигнадаг” салбар биш юм. Нөгөөдүүл нь ч цаашид ингэхгүй, тэгэхгүй, Тариалан сумын баяр наадмын уралдааны үеэр уяачдын холбооны төлөөлөл байлцаагүйгээс хамгаалалт, хяналт суларсан гэх зэргээр уриа лоозонгийн шинж чанартай зүйлс л ярьж. Тэгвэл Б.Баярсайхан “Хурдан морины уралдаанч хүүхдүүдэд зориулсан, улсын хэмжээнд нэгдсэн стандарт бүхий хамгаалах хувцас, хэрэгсэл нийлүүлэх тендер зарлахаар төлөвлөсөн” гэдгийг мэдэгдсэн. Аливаа төрийн ажил, бараа материалыг ингэж системтэйгээр, нэгдсэн журмаар, албадан нийлүүлээд эхлэхээр л ямар нэгэн хийдэл, асуудал үүсдэгийг монголчууд андахаа больсныг сануулахад гэмгүй.
О.Ундрах