ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Монгол Улс сонгогдон, хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний зургаан орны нэг болсон билээ. Үүний хүрээнд албаныхан өчигдөр хуралдаж, хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл солилцлоо. Манай улсад жил бүр хүүхдийн хорт хавдрын 120-140 тохиолдол бүртгэгддэг. Үүний 45-50 хувийг цус, тунгалгийн, 18 хувийг тархи, мэдрэл, 8-9 хувийг яс, зөөлөн эд, 20 хувийг бусад төрлийн хавдар эзэлдэг байна. Тохиолдлын тоо харьцангуй цөөн ч эмийн чанар муу, тасалдал үүсэх эрсдэл өндөр хэвээр байгааг ЭМЯ-ныхан хэлсэн. Харин дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хавдартай хүүхдүүдийн эмийг тасалдуулахгүйгээр, санхүүгийн дарамтгүйгээр, урт хугацаанд шаардлагатай эмчилгээг хийх боломж бүрдээд байгаа аж. Хөтөлбөрт сонгогдсон улс орнуудад хүүхдийн хорт хавдрыг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай 35 нэр, төрлийн чанарын баталгаатай эмийг таван жилийн хугацаанд үнэ төлбөргүй нийлүүлэхээр болсон байна. Үүнийг эрчимжүүлэх аж¬лын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхан платформоор оруулж ирэх эмийн бүртгэл, импортын мэдүүлгийг нэн даруй олгох, хэрэглээ, хадгалалт, түгээлтэд хяналт тавих, ЭХЭМҮТ-ийнхөн эмийг хүлээн авч, горимын дагуу хадгалан, улсын хэмжээнд эмчилгээнд хэрэглэх үүрэг хүлээжээ.
О.Бат