Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос их, дээд болон ерөнхий боловсролын сургууль (ЕБС), мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад энэ хичээлийн жилийн эхний өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл заахыг бүх шатны боловсролын байгууллагад уриалжээ. Комиссын зүгээс тус хичээлийн агуулгыг ЕБС-ийн сурагчдад, их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан гэх хоёр хувилбараар бэлтгэн, олон нийтийн сүлжээнд байршуулаад байна.
НҮБ-аас 1948 онд баталсан 30 зүйл бүхий эл баримт бичиг нь хүний эрх, эрх чөлөөг иргэн бүрд төрөхөөс заяасан, салшгүй бөгөөд түгээмэл зүйл болохыг тунхагласан суурь хэм хэмжээ бөгөөд олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн “хөрс” гэгддэг. Тус хичээлийн агуулгыг цухас дурдвал, ЕБС-ийн сурагчдад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын амьд явах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх тэргүүтэй суурь үнэт зүйлсийг тайлбарласан бол их, дээд сургуулийнханд дээрх 30 сэдвийг илүү гүнзгийрүүлж бэлтгэсэн байна.
Д.Хэрлэн