Сургууль, цэцэрлэгүүд, ялангуяа хувийн сургалтын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг элсүүлэн суралцуулахаас татгалзах, ялгаварлан гадуурхах тохиолдол элбэг. Боловсролын яам Монголын хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүдийн холбоо болон иргэдээс гаргасан удаа дараагийн санал хүсэлт, шаардлагыг үндэслэн энэ асуудлыг анхааралдаа авчээ.
Хувийн сургууль, цэцэрлэг тусгай хэрэгцээтэй хүүхдийг суралцуулахаас татгалзвал төрөөс олгодог татаас буюу хувьсах зардлыг зогсооно гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдсэн байна. Сургалтын байгууллагууд энэ төрлийн зөрчил гаргаж, хүүхдийн эрхэд халдсан тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчид нь салбарын яаманд гомдол, мэдээлэл хүргүүлж, арга хэмжээ авхуулах боломжтой гэнэ.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн бодлого, журмаар шийдвэрлэх шаардлагатай томоохон асуудлууд бийг ч эцэг, эхчүүд хөндөж байна. Тухайлбал, багш нарыг чадавхжуулах, тусгай хэрэгцээт боловсролын талаар мэдлэг, ойлголт олгох чиглэлээр төрөөс зохион байгуулдаг сургалтад хувийн сургууль, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгчдийг хамруулах, орчны хүртээмжийг сайжруулах, тохируулга хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэг бүрд олгодог хувьсах зардлын хэмжээг улс, хувийнх гэж ялгалгүй бүх сургалтын байгууллагад ижил хэмжээгээр олгох шаардлагатайг анхаарууллаа.
Ж.Сувд