“Дарьсүрэн: Б.Явуухулангийн шүлгийн түүвэр шинээр гарсан байна. Чи уншаарай, чамд зориулж авсан юм.
Хандмаа: Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах сан
Мөнхийн рашаан уусан шиг
Танхил чамтай амьдрах сан”
“Үрлээ: Хүүе, чи яагаад бүжиглэхгүй байгаа юм бэ. Бүжиглэе л дээ. Би чамд хайртай шдээ”,
“Ангийн багш: Уржигдар л гэхэд “Залхуу гэж юу вэ” гэсэн зохион бичлэг бичүүлэхэд хоосон цаас хураалгасан байна лээ. Өөрөөс нь асуухаар “Залхуу гэж энийг хэлдэг юм шүү дээ” гэх юм”.
Эдгээр харилцан яриа манай үзэгчдэд хэдийн танил болсон биз ээ. “Сүхбаатар” (1942), “Сэрэлт” (1957), “Улаанбаатарт байгаа миний аавд” (1961), “Үер” (1966), “Хүргэн хүү” (1970), “Хөдөөгийн баясгалан” (1974), “Хөх ногооны униар” (1977), “Газрын үнэр” (1979), “Жаргал даахгүйн зовлон” (1982) тэргүүтэй 1936-1989 оны хооронд үзэгчдэд хүрсэн кинонуудад дайн тулаан, ёс суртахуун, ажил хөдөлмөр, малчин, тариачин, гэр бүлийн зэрэг нийгмийн үзэл суртлын чиг баримжаа шингэсэн нь элбэг. Харин 1990-2009 оны үеднийгэм, хувь хүний амьдралын ээдрээ, нугачааны талаарх агуулга зонхилсон бол 2010-аас өнөөг хүртэл хүн төвтэй, сэтгэл зүйн драм бүхий өгүүлэмжтэй бүтээлүүд жин дарах болсон юм. Урлаг судлаачид үүнийг Монголын кино урлаг үндэсний үзэл суртал, хувьсгалын хэлбэрээс хувь хүний дотоод сэтгэл, зөрчил, амьдралын ээдрээ рүү шилжсэн өөрчлөлтийн эрин гэж үздэг билээ. Энэ онд Монгол Улсад кино урлаг үүсэж, хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч, зураглаач Б.Балжинням агсныг энэ л үеэр дурсан санах нь зүй. Түүнийг амьдралыг “дурандагч” хэмээдэг байв. Тэрбээр “хаалттай” нийгмийн үед хамгийн “нээлттэй”, орчин үеийн, агуулга, метафортой, шидээвэр, “жинхэнэ” мэргэжлийн уран бүтээл туурвисан реалист нэгэн байсныг мэргэжилтнүүд дурддаг билээ. Ингээд түүний далай их бүтээлээс багахныг “шүүрдэн” хүргэе.
Б.Балжинням бол 80 гаруй баримтат, уран сайхны 15 киноны зураглаачаар ажиллаж, “Хачин хүн” (1989), “Тан руу нүүж явна” (1984), “Би чамд хайртай” (1985), “Гарын таван хуруу” (1983), “Ацаг шүдний зөрөө” (1985), “Сүүдэр” (1986), “Мөнх тэнгэрийн хүчин дор” (1992), “Мандухай цэцэн хатан” (1988) тэргүүтэй олон бүтээлийг найруулсан юм. Түүнчлэн “Сүхболдын яриа” (1975), “Дэгдээхэй нас” (1977), “Говийн зэрэглээ” (1980), “Илүү сартай зун” (1987), “Эргүүлэг”-ийн зохиолыг бичсэн. Хүний дотоод ертөнц, амьдралын эгэл төрхийг дэлгэцнээ буулгасан түүний бүтээлүүдэд дүр бүхэн өөрийн аястайгаар амьдардаг. Түүний охин Б.Амаржаргал нэгэн ярилцлагадаа “Би нэг ах, хоёр дүүтэй. Б.Амарсанаа ах минь найруулагч. Уг нь бол электроникийн инженер мэргэжилтэй. Бидний дунд киноны чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмшсэн хүн байхгүй. Би багш, орчуулагч, дунд дүү Энхжаргал маань мэргэжлийн фото зурагчин, продюсер гээд олон талын авьяастай. Харин бага дүү минь бизнесийн удирдлагаар АНУ-д сургууль төгссөн. Гэхдээ бидэнд өөрийн эрхгүй урлагт татагдах мэдрэмж байдаг юм болов уу гэж бодогддог. Ер нь аав биднийг урлагийн хүн бол гэж хүчлээгүй. Нэг их дэмждэггүй байсан. Амаргүй хэмээж байв. “Цэвэр” урлагийн хүн гэвэл Японд кино зураглаачаарсуралцсанманай хүү Б.Амар л байна даа. МУИС-д сурч байхдаа “Би өвөө шигээ мэргэжилтэй болно” гээд сургуулиа орхисон. Цаашид өөрийн гэсэн кинонуудтай болох байх” хэмээснийг энд дурдъя.
Өөр өөрийн өнгө аястай, дэлгэцийн чанартай бүтээлүүд чамлахааргүй төрөх болсонд түүний нөлөө их бий юм шүү. Монгол киноны тавдугаар үе гэгдэх 1980 оны дундаас 1990-ээд оны эхэн үе хүртэлх хугацаанд ид “гялалзсан” Б.Балжинням, Х.Дамдин, Ж.Сэлэнгэсүрэн, И.Нямгаваа, Г.Жигжидсүрэн, Н.Уранчимэг нар кино урлагийн цаашдын хандлагыг тодорхойлсон гэхэд хилсдэхгүй.
БИ ЧАМД ХАЙРТАЙ
Өөртөө нэвт татах шиг, гүн хөх эргийн зүг хараагаа бэлчээн, гуниглансуух цэл залуу эр. Ингэхэд драм киноны мөнхийн сэдэв хайрын гурвалжин биш гэж үү.
“Үрлээ: Дэлгэр ээ, чи яагаад хичээлээс гараад явчхав аа. Чамайг гарсан хойно багш чиний зохион бичлэгийг ураад хаячих шиг болсон. Чи яагаа вэ? Аавын чинь бие сайн биз дээ?
Дэлгэр: Үрлээ, чи надад хайртай гэсэн байх аа?
Үрлээ: Би зүгээр л тэр үед бүх хүүхдэд тэгээд хэлчихсэн шд. Намайг уучлаарай. Би өөр хүнд сэтгэлтэй.
Дэлгэр: “Би чамд хайртай” гэдэг үгийг тоглоомоор хэлдэг юм гэж үү” хэмээх хэсгийн тухайд л авч үзэхэд киноны цөм агуулгаа илэрхийлсэн гэлтэй. Б.Балжинням найруулагчийн гол онцлог бол диалог буюу харилцан яриа, үйл хөдлөл, зүйрлэл буюу метафорт онцгой ач холбогдол өгдөг байсан нь бүтээл бүрээс нь ил харагддаг. “Би чамд хайртай” өдгөө суваг бүрээр гарч, зарим хүн тоогоо алдталаа үзэж, тэр байтугай орчин үеийн залуусын дунд “моод” болтлоо дэлгэрсэн нь бүтээлийн хэв маягтай шууд холбоотой нь үнэн юм.
ГАРЫН ТАВАН ХУРУУ
Шагдарын дүрд ажилласан Л.Лхасүрэн, Хорлоо буюу Л.Цогзолмаа нарыг гудамжинд явахад нь чулуугаар нүүлгэх энүүхэнд байсан тухай тэд дурссан нь бий. Үзсэн киногоороо тэгтлээ “амьсгалж”, автсан байх нь шүү дээ. Энэ нь нөгөөтээгүүр жүжигчдийн уран чадвар, авьяастай холбогдоно.
“Должин: Чи наад хачин “юмаа” унаагаа зассан хойноо л авахгүй дээ. Улс амьтан хараад явуулахгүй юм.
Шагдар: Өөр хүн амьтан авчих байх гэж яараад.
Должин: Хог дээр байсан ч авахгүй, солиотой юм шиг новш цуглуулаад.
Шагдар: Хүүхдүүд минь урдын улс юу эдэлж байсныг мэдэг л дээ” гэх харилцан ярианаас их зүйл дүгнэж болохоор шүү. Ер нь энэ киног эхлүүлсэн л бол эмэгтэйчүүд нь Должингийн, эрчүүд нь Шагдарын талд “хамгаалахаа”, Сүрэнг (Я.Оюунцэцэг) харж шимшрэхээ ч мэдэх билээ.
ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ
“Холын зэрэглээнд цайран харагдах сумын бяцхан төв их говийн дунд жирэлзэн авай” гэж төгсөх энэ кинонд тэд (жүжигчид) хамгийн сайхан дүр төрхөө мөнхөлсөн юм. Урьд өмнө нь хаана ч үзэгдээгүй энхрий бүсгүй 1980 онд “Говийн зэрэглээ” кинонд тоглосон нь хожим залуусын сэтгэл зүрхийг булаана. 20 настай Я.Оюунцэцэг, Арслан хэмээх алдарт найруулагч Г.Доржсамбуу үүнд ажилласанюм. Үргэлж зэрэглээтэх говь, буйдхан нутгийн гоо сайхныг дүрсэлсэн “Говийн зэрэглээ” бол их “аагим”, өрнүүн бүтээл лдээ.
Кино бол цаг хугацааны гэрч. Түүний бүтээлүүд өдгөө ч уран бүтээлчдэд жимбасзам болж байна. Цахилгаан сүүдрийн ертөнц дэх амьдралыг дурандагч хэвээр үлдсэн тэр.
Д.Сэлэнгэ