Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу манай улсад энэ сарын 6-7-нд албан ёсны айлчлал хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Турк улсад төрийн айлчлал хийх үеэрээ Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол болон Туркийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулсан билээ. Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг анх 2004 онд байгуулсан бөгөөд өнгөрсөн 21 жилийн хугацаанд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд олон арга хэмжээ өрнүүлсэн юм. Тухайлбал, 2007-2009 онд Туркийн талаас нийт 545 500 ам.долларын өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор манай улсад нийлүүлснээр цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлжээ. Мөн ЭХЭМҮТ-д нярайн инкубатор 10 ширхгийг 2015-2017 онд нийлүүлсэн байна. Харин тус улсын Эрүүл мэндийн сайд энэ удаагийн айлчлалаараа Монгол Улсад хавдрын шинэ эмнэлэг барихад туслахаа мэдэгджээ. Тодруулбал, “Хавдар-2” төвийн барилгын ажил зураг төслийн шатандаа яваа бөгөөд энэ том бүтээн байгуулалтыг бодит ажил болгоход БНТУ бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
Ч.Туяа