Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдарч буй 525 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв нээлээ. Эдгээр аймгийн нийт хүн амын 10 гаруй хувь нь хавдрын хяналтад байдаг аж. Мөн эл бүс нутагт хавдраар жилд 900 гаруй хүн нас бардаг, 600 орчим хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгааг ХСҮТ-өөс гаргажээ. Энэ нь хойд бүсийнхэн хавдрын өвчлөлөөр нэгдүгээрт, нас баралтаар хоёрдугаарт бичигдэж буйг илэрхийлэх үзүүлэлт аж. Нас баралт өндөр байдаг нь хавдраар өвчлөгсдийн 71.3 хувь нь хожуу шатандаа оношлогддогтой холбоотой гэнэ. Тиймээс Засгийн газраас тус бүсэд хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв байгуулах шийдвэр гаргасны дагуу Эрдэнэтэд нээж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна. Ингэснээр бүсийн иргэд нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээг орон нутагтаа хийлгэх боломж бүрдэж буй юм. Түүнчлэн ХСҮТ-ийн ачаалал ч 16 хүртэл хувиар буурах тооцоолол гарчээ. Мөн хувь хүн, гэр бүлд ирэх санхүүгийн дарамт буурах, цаг хугацаа хэмнэх, өвчнөө эрт үед нь оношлуулах зэрэг давуу талтайг ЭМЯ-ныхан хэлсэн. Учир нь дэд төвд эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг цогцоор нь үзүүлнэ. Тухайлбал, эмэгтэйчүүд, элэгний болон хөхний хорт хавдрын мэс засал хийх бэлтгэл хангажээ. Одоогоор хоёр MRI болон томографын аппарат суурилуулсан байна. Цаашид нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүд үе шаттайгаар нэмэхээр төлөвлөсөн гэнэ.
Хүний нөөцийн хувьд 177 орон тоотой. Хавдар судлалын үндэсний төвөөс эхний ээлжид 10 эмч ажиллах нь. Хэвтэн эмчлүүлэгсдийн 35 ортой, өдрөөр 30 хүнд химийн эмчилгээ хийх боломжтой. Амбулаториор өдөрт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж.
О.Ундрах