БНСУ-ын Бүдүүн, шулуун гэдэсний нийгэмлэгээс зохион бай¬гуулсан “ICRS 2025” буюу олон улсын хуралд манай улсаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Чинзориг илтгэлээ хэлэлцүүлж, судалгааны ажлаа танилцуулсан байна. Дэлхийн 10 гаруй орны 600 гаруй мэс засалч хүрэлцэн очсон тус хуралд оролцогчдоос тодруулдаг “Special recognition award” шагналын эзнээр М.Чинзоригийг тодруулсан байна. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын яаралтай мэс заслын дараах богино хугацааны амьдралын чанар, эрсдэл ба хүндрэлүүд: Хавдар судлалын үндэсний төвийн туршлага” сэдвээр танилцуулсан илтгэлээрээ уг шагналыг хүртжээ.
Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бүдүүн, шулуун гэдэсний хавдрын тохиолдол бараг 10 дахин нэмэгдсэн. Энэ нь амьдралын хэв маяг өөрчлөгдсөн болон хорт хавдрын эрт илрүүлгийн хамрагдалтын байдлыг харуулж буйг эмч М.Чинзориг онцолсон юм. Тэрбээр “Хавдар судлалын үндэсний төвийн Статистикийн албанд 2024 онд эл хавдрын нийт 413 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Тэдгээрийн 73.7 хувь нь хожуу шатандаа оношлогдсон бөгөөд тухайн жилдээ 196 хүн нас баржээ. Энэ нь оройтож оношлуулж буйн ноцтой үр дагаврыг харуулж байна. Дэлхийд бүдүүн, шулуун гэдэсний хавдартай нийт өвчтөний 15-29 хувь нь оношлогдох үедээ түгжрэлийн шинж тэмдэгтэй ирдэг. Ийм тохиолдолд яаралтай мэс засал хийхээс өөр аргагүй. Энэ нь яаралтай хийж буй мэс заслын 77 хувийг эзэлдэг. Мөн сонгомол буюу төлөвлөгөөт мэс засалтай харьцуулахад хүндрэл, нас баралт өндөр. Өмнөх судалгаагаар мэс заслын радикал чанар болон мэс заслын өмнөх бэлтгэл хангалтгүй байх нь үр дүнг шууд тодорхойлдог болохыг тогтоосон. Монгол Улсад яаралтай мэс засал хийх нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан хүндрэл дагуулж байна. Үүнд, алслагдсан аймгаас төвд хүрэх урт зам (1700 км хүртэл), эмнэлгийн яаралтай тээвэрлэх хугацаа (20-24 цаг), өвчтөний биеийн байдал муу ирэх зэргээс шалтгаалдаг” гэв. Мөн тэрбээр эл өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүдүүн гэдсээ дурандуулахыг зөвлөсөн юм. Ялангуяа, 45-аас дээш насныхан хоёр жилд нэг удаа дурандуулах шаардлагатай аж.
Ташрамд, энэ нь Монголд бүртгэгдсэн нийт хорт хавдрын тохиолдлын зургаадугаарт бичигдэж буй бөгөөд хурдацтай нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Ч.Туяа