Олон улсад бага ангийн сурагчдыг хичээлийн уртын завсарлагаанаар нь унтуулдаг жишиг бий. Тэгвэл эл туршлагыг Дорнод аймгийнхан нэвтрүүлжээ. Эхний ээлжид тэд дөнгөж сурагч болсон зургаан настнуудыг унтлагын цагтай болгосон байна. Тодруулбал, Хэрлэн сумын IX багт байрлах ерөнхий боловсролын “Кристал” сургуулийнхан үдийн 12.00- 13.20 цагт сурагчдаа унтуулж, амрааж хэвшжээ. 80 минутын энэхүү амралт нь хүүхдийн анхаарал төвлөрлийг сайжруулж, санах ой, сурах чадварыг дэмжин, дархлааг бэхжүүлж, сэтгэл санааг тайван, тогтвортой болгоно хэмээн тус сургуулийнхан хэлэв. Cурагчид зөвхөн ширээний ард номхон суугаад хичээл хийх бус, эрүүл амьдралын зөв хэвшилтэй болж хүмүүжих хэрэгтэй гэдгийг ч тэд онцолсон.
Хүүхдийн, тэр дундаа бага насныхны өсөлт хөгжилд чанартай нойр чухал нөлөөтэй байдаг. Дээрх мэдээлэл цахим орчинд түгсэн даруйд эцэг, эхчүүд, багш нар ерөнхий боловсролын уламжлалт системд өөрчлөлт оруулж, сургууль бүрийг амралтын цагтай болгох шаардлагатай хэмээжээ. Нойр судлалын шинжлэх ухаанчид ч бага насны хүүхдүүдийг өдөрт багадаа нэг цаг заавал унтуулах хэрэгтэй гэсэн юм. Энэ нь дээр өгүүлснээс гадна сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлж, өсөлтийн даавар ялгаруулж, стресс бухимдлаас сэргийлэн, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмждэг аж. Тиймээс бага ангийн хүүхдүүдийг тогтмол цагт 30 минут ч болтугай унтуулж, амраахыг зөвлөв. Ташрамд, 6-13 насныхан өдөрт дунджаар 9-11 цагийн нойр авах ёстой гэнэ. Ингэснээр эд, эс, эрхтэн тогтолцоо нь бүрэн сэргэж, төлждөгийг судлаачид хэлж байна.
М.Гэгээ