Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, АШУҮИСтай хамтран орон нутагт нутагшуулах үйл ажиллагааг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчигээний төвөөс эхлүүлжээ. Энэ үеэр нярайн эрт илрүүлэгт шаардлагатай пульсоксимет, арклайт, зөөврийн компьютер, принтер, хуруу уншигч зэрэг зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн хүрээнд тархи хөргөх эмчилгээ (бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох), уушгины даралт бууруулах, “имж эх”-ийн арчилгаа зэрэг дэвшилт технологи, аргыг нутагшуулж, 200 гаруй эмч, сувилагчийг олон улсын түвшний сургалтад хамруулсан байна. Сургалтыг бүсчилсэн байдлаар буюу Ховд, Дорнод, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тус бүр зохион байгуулах гэнэ. Тухайлбал, эл сургалтыг өнөөдөр Өвөрхангайд зохион байгуулах бөгөөд таван аймгийн эмч, мэргэжилтнийг хамруулах аж. Ингэс¬нээр нярайн 28 төрлийн эмгэгийг эрт, эмнэл зүйн шинж илрэхээс нь өмнө оношилж, эмчлэх боломж бүрдэж, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулахад чухал алхам болох юм. Энэ талаар Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн ахлагч, анагаах ухааны доктор, профессор Г.Эрдэнэтуяагаас тодруулахад “Нярайн тандалт шинжилгээ буюу скринингээр 28 эмгэгийг илрүүлэх боломжтой. Төрөлхийн гажгийг эрт үед нь оношилсноор тусламж, үйлчилгээ цаг алдалгүй үзүүлэх юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээл үүсэхээс, хүнд хэлбэрийн өвчинд өртөхөөс сэргийлнэ. Жишээ нь, оюуны болон бие бялдрын хоцрогдол, сонсгол буурах, дотор чихний эмгэг, зүрхний төрөлхийн гажиг, түнхний мултрал, тархинд цус харвалт зэргийг илрүүлэн, тусламж үзүүлнэ. Оюуны бэрхшээл үүсгэж болзошгүй бамбайн төрөлхийн дутагдлыг мөн эрт үед нь оношлох юм. Бамбайн төрөлхийн дутагдал нь дэлхий нийтэд 4000 хүүхдэд нэг тохиолддог бол манай улсад 2000-д нэг бүртгэгдэж байна” гэв.
Ч.Цэлмэг