Нийслэлийн түргэн тусламжийн 103 төвд жолоочоор ажиллаж, олон хүний амь аварсан Н.Баярцэнгэлийн эмчилгээнд зориулж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулах гэж буй талаараа ар гэр, найз нөхдийн төлөөлөл нь өчигдөр мэдээлэл өгөв. Н.Баярцэнгэл нь 1999 онд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт цээжний хөндийд байрлах ургацын хагалгаанд орсон боловч тэр нь сэдэрч, улмаар ховор төрлийн хавдар болох нь оношлогджээ. ХСҮТ-д хими, туяа эмчилгээ хослуулан тасралтгүй хийлгэснээр 2011 онд бүрэн эдгэрсэн гэх хариу сонссон байна. Харин 2016 онд “Мөнх тэнгэрийн ноёд” ХХК-д шуурхай бүлгийн жолоочоор ажил үүргээ гүйцэтгэж явахдаа цээжин тус газраа хүчтэй цохиулсны улмаас хавдар нь дахин сэдэрч, эдийн шинжилгээгээр хоргүй хавдар гэж оношлогдсон аж. Гэвч 2023 онооос цээж, баруун хөл нь өвдөж, хавдар дахин сэдэрч, үсэрхийлэн, тав дахь удаагаа хагалгаанд орж, тус оны аравдугаар сард хорт хавдар гэх хариу сонсжээ. Энэ тухайд түүний гэргий Б.Дарханцэцэг “Миний нөхөр хавдар гэдэг өв¬чинтэй 26 жил тэмцэж байна. Хэдий уйгагүй эмчилгээ хийлгэсэн ч одоо хавдар нь IV шатандаа орж, Монголд эмчлэх боломжгүй гэж оношлогдсон. Харин БНХАУ-ын Гуанжу хотын хавдрын минимал инвазив цогц эмчилгээгээр тэргүүлэгч эмнэлгээс эл хавдрыг эмчилж, бүрэн эдгээх боломжтой гэсэн хариу авсан. Эмчилгээний зардалд 120 сая төгрөг шаардлагатай байгаа тул иргэд, та бүхнийгээ хандивын гараа сунгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэлээ.
Н.Баярцэнгэлийн эмчилгээнд зориулан Чингэлтэй дүүргийн XIV хорооны Засаг дарга Н.Доржпүрэв тэргүүтэй хүмүүс “Чингэлтэйнхэн чигээрээ” уриан дор нэгдэж, “Итгэлийн гэгээ” хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ. Тоглолт энэ сарын 19, 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд болох аж.
Ч.Болор