Өмгөөлөгч Э.Чулуунцэцэг Боловсролын сайдын 2024 онд гаргасан Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг хуульд нийцээгүй хэмээн үзэж, хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 45 хоногийн богино хугацааны сургалтаар багшлах эрх олгож буй нь мэргэжлийн бус хүн хүүхдэд заах нөхцөл бүрдүүлж, сурч боловсрох эрх, эцэг, эхийн мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчиж байна хэмээн тэрбээр үзжээ. Мөн багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмж буурч болзошгүй гэж маргасан. Хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцээд, журмын зарим заалтыг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж байв.
Харин хяналтын шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, журмыг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл, Багшлах эрхийн гэрчилгээ олгох журмыг хуульд нийцсэн гэж шүүх үзэж, өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. Тодруулбал, 45 хоногийн сургалтад хамрагдаж багшлах эрхийг тухайн хүний эзэмшсэн бакалаврын мэргэжлийн чиглэлд үндэслэж олгодог тул хүүхдийн эрхийг зөрчөөгүй гэж үзжээ.
Ташрамд, өнгөрсөн онд багшлах эрх олгох 45 хоногийн сургалтад 129 иргэн хамрагдсан байна. Тэднээс 68 нь ерөнхий боловсролын сургуулиудад багшилж буй аж.
Ч.Болор