Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар ажлын хэсэг байгуулах тухай нийтийн өргөдлийг иргэн Б.Номингоос ирүүлснийг УИХ-ын системд долоодугаар сарын 1-нд нийтэлсэн юм байна. Энэ сарын 15ны өдөр уг өргөдлийг дэмжиж, саналаа өгсөн хүний тоо 33 мянгыг давжээ. Нийт 33 083 иргэн саналаа өгсөн аж. Тиймээс уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлүүлэхээр Хүний хөгжил, нийгэм бодлогын, Төсвийн болон Өргөдлийн байнгын хороонд өргөдлийг шилжүүлж буйгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулсан юм. Хэрэв УИХ-ын нийтийн өргөдөл, гомдлын системд нийтлэгдсэн иргэдийн санал дээрх тооны босго давбал байнгын хороогоор авч хэлэлцэх боломж бүрддэг болсон билээ.
С.Уул