Хан-Уул дүүргийн XX хороо, “Лавай” зах орчимд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл, дүүргийн төсвөөр анги, танхимыг нь тохижуулжээ. Гэвч өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн эрхлэгчийг томилоогүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өчигдөр мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийслэлд нийт 139 сургууль, цэцэрлэг барьж байна. Үүнээс 20 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан. Гэтэл Боловсролын яамнаас дөрвөн сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилсонгүй. Үүний улмаас сандал ширээ, тоног төхөөрөмжийг нь хүлээн авах боломжгүй, багш, менежерүүдийг ажиллуулж чадахгүй байна. Есдүгээр сарын 1-нээс хойш дөрвөн сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулсан ч мөн л захирал, эрхлэгчийг томилсонгүй. Мөн нийслэлийн хэмжээнд 141 сургуулийн ширээ, сандлыг солих нэн шаардлагатай. Гэтэл улсын төсөвт сургуулийн орчин нөхцөл, сандал ширээг солих асуудлыг ер ярьсангүй. Энэ онд нийслэлийн төсвөөр нийт 20 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулна. Шаардлагатай сандал, ширээг Боловсролын яамнаас олгох ёстой” гэв.