Боловсролын ерөнхий газрынхан Япон Улсын Осакагийн шүдний эмч нартай өнгөрсөн хичээлийн жилээс хамтран ажиллаж эхэлжээ. Үүний хүрээнд хотын төвөөс алслагдсан, шүд, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, сургуулийн хүүхдүүдийг үзлэгт хамруулсан байна. Хамтын ажиллагааны турш хэрэгжүүлсэн энэхүү ажлын үр дүнг хуваалцсан юм. Тодруулбал, нийслэлийн ерөнхий боловсролын зорилтот нэг сургууль, Осакагийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын үзлэгийн зарим үзүүлэлтийг танилцуулжээ. Тухайлбал, эрүү, нүүрний үзлэгээр монгол хүүхдүүдэд гажиг илүү бага байсан гэж дүгнэжээ. Буйлны үрэвсэл зорилтот сургуулийн суралцагчдын 30 хувьд илэрсэн бол Осакагийн суралцагчдын есөн хувьд нь л оношлогдсон байна. Харин шүдний цоорол монгол хүүхдүүдийн 50 хувьд байсан бол Осакагийн суралцагчдын 10 хувьд илэр-чээ. Үүн дундаа хоёроос дээш шүд нь өвчилсөн хүүхэд 52 хувийг эзэлсэн бол Осакагийн суралцагчдад энэ үзүүлэлт есөн хувьтай гарч.
Иймд монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шаардлагатай сургалт, зөвлөгөө мэдээллийг тогтмолжуулах, сургуулийн эмчийн албан тушаалын тодорхойлолт болон эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт тусгахыг сануулжээ.
Ч.Болор