Я.Бүрнээбазар нь Говь-Алтай аймгийн Насан туршийн суралцахуйн нэгжийн багшаар найм дахь жилдээ ажиллаж, малчдад боловсрол олгож байгааг албаныхан онцоллоо. Тэрбээр Боловсролын ерөнхий хуулийн 8.1, 2, 3, 17.7 дахь заалтын хүрээнд сумынхаа дөрвөн багийн малчин хүүхэд, залууст боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтыг явуулдаг аж. Ингэхдээ Сангийн далай багийн сургалтын цэг рүү 45, Цагаан-Уул руу 50, Өлзийт рүү 30, Цагаан нуур луу 43 км замыг мотоциклээр, нэг удаагийн сургалтаар гэхэд л 200 гаруй км туулдаг байна.
Боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалтад бие даан хамрагдаж буй суралцагчдад дасгал, даалгавар хийлгэж, шалгах, холбогдох гарын авлагаар хангах, мэргэжлийн багш нараас ном, сурах бичиг авч, хүргэж өгөх, танилцуулга болон зөвлөмж зөвлөгөө өгөхийн зэрэгцээ санал хүсэлтийг нь сонсож, уламжлах, ярилцах зэрэг олон талын эргэх холбоог хангадаг гэнэ. Үүнээс гадна иргэд, малчдад сургалт, нөлөөллийн ажлыг хотонд нь очиж зохион байгуулдаг бөгөөд өдгөө нийт 100 гаруй өрхийн 500 гаруй хүнд хэрэгцээт мэдээ, мэдээлэл дамжуулж, сургалтын хэрэглэгдэхүүн хүргэжээ.