Боловсролын ерөнхий газрын Японы Шизуока мужийн Нэгдсэн сургалтын төвтэй байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагуудын багш нарыг тус улсад мэргэшүүлэхээр болжээ. Тус мужийн Боловсролын сургалтын төвийн орлогч захирал Ямазаки Күмико, хэлтсийн ахлах мэргэжилтэн Цүжи Ёсүкэ нар Монголд энэ сарын 22-27-нд ажиллаж байна. Тэд хоёр улсын боловсролын салбарын мэргэжилтнүүд болон багш нарын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, ахлах сургуулиудыг хөгжүүлэх, тэгш хамран сургах талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчны талаар туршлага солилцлоо.
Албаныхан Монголын боловсролын салбарын өнөөгийн байдал, анхаарч буй асуудлууд, эх хэлний боловсрол, ICT-гийн ашиглалт, хөгжүүлэлт, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтууд үйл ажиллагаанд хэрхэн туссан зэргийг Шизуока мужийн боловсролын байгууллагынханд танилцуулжээ. Мөн дээрх санамж бичгийн хүрээнд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн багш нарыг богино хугацаанд чадавхжуулах, солилцооны хөтөлбөрт хамруулах, мэдээллийн технологи, нийтийн эрүүл мэндийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээт иргэдийн асаргаа, нийгмийн эрүүл мэндийн судалгаа хийх, боловсролын чиглэлээр харилцан туршлага солилцох талаар хэлэлцэв.
О.Оргилох