Ялгаатай хэрэгцээт хүүхдийг боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулах Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсрол, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу байгуулсан тус зөвлөлд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнд харьяа боловсролын газар, хэлтсийн тэгш хамруулан сургах асуудал хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, салбар комиссынхон, эрүүл мэнд хариуцсан гишүүн, сургууль, цэцэрлэгийн удирдлага, эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөл багтаж буй аж.
Тухайн орон нутгийн Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл нь тусгай хэрэгцээт хүүхдийг боловсролын бүх төрлийн үйлчилгээнд үр дүнтэй, тэгш хамруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд амьдрал, ахуйн нөхцөл, суралцах онцлог, ялгааг нь судлах үүрэг хүлээнэ. Мөн хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, сэргээн засах гэх мэт нэмэлт дэмжлэг үзүүлж, боловсролд хамрагдахад шаардлагатай хэрэглэгдэхүүнийг тодорхойлж, холбогдох зохицуулалт хийх, эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт, суралцагчийн эрүүл мэндийн байдал, хөгжлийн онцлогийг харгалзан сургалтын арга, хэлбэрийг боловсруулах гэнэ.
О.Оргилох