Бүгд Найрамдах Узбекистан Улс, ДЭМБ, АНУ-ын “Сэйнт жүүд” хүүхдийн эмнэлэг хамтран зохион байгуулсан “Хорт хавдар болон бусад хүнд өвчтэй хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах чадварыг сайжруулах, зовлон зүдгүүрийг бууруулах дэлхийн хөдөлгөөн” сэдэвт арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн оролцжээ. Тэрбээр “Монгол Улс 2025 оноос хүүхдийн зургаан хорт хавдрын 18 төрлийн, чанартай эмийг санхүүгийн дарамтгүй буюу үнэ төлбөргүй олгож эхэлсэн. Ингэснээр хүүхдийн хорт хавдрын эмийг үнэгүй олгодог зургаан улсын нэг болсон” гэв.
ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адхеном Гебрейсус хөгжиж буй бага, дунд орлоготой орнуудын хүүхдийн эмнэлгүүдийг чанарын баталгаатай, хавдрын эмээр хангаж, 2030 он гэхэд хүүхдийн хорт хавдрын эмчилгээний үр дүнг 60 хувьд хүргэх зорилт танилцуулсан байна.
Хурлын үеэр манай Эрүүл мэндийн сайд “Хүүхэд бүр эцэг, эх болон нутаг усаа сонгодоггүй, харин өвдөх үед дэлхийн хамгийн сайн эмчилгээг хийлгэх эрхтэй” хэмээн онцгойлон тэмдэглэсэн. Тэгвэл дэлхийн хамгийн сайн эмчилгээг Монголдоо хийлгэх эрхээр хангаж өгөхийг түүнээс олон нийт хүсэж, мөн шаардах болсон гэнэ.
Ч.Болор