УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог зохицуулалтыг хүчингүй болгох өргөдөлд иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасан. Эл асуудал өмнө нь нийтэд ил болж, багагүй шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл иргэн Ц.Батболд эл хуулиас энэхүү зохицуулалтыг хасуулахаар D-parliament цахим хуудсанд санал гаргажээ. Хэрэв энэхүү өргөдөл 100 мянган иргэний санал авсан тохиолдолд УИХ-аас дээрх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл санаачлах боломж бүрдэх юм.
У.Сүрэн