Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийнхөн БНСУ-ын “Халлим” их сургуулийн эмнэлгийнхэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүний хүрээнд түлэгдэлт, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ технологи, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт аргуудыг нэвтрүүлэх гэнэ. Мөн эмч, мэргэжилтнүүдийг тус улсад сургаж чадавхжуулах, харилцан туршлага солилцох, хамтарсан үзлэг, зөвлөгөөн зохион байгуулах аж. Ялангуяа түлэнхийн эмчилгээний шинэ арга техник, хиймэл арьсны туршилт, судалгаа шинжилгээ хийх, холбогдох тоног төхөөрөмжөөр хангах талд анхаарч ажиллахаар болжээ.
Манай хоёр эмнэлэг 2011 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд эмч, сувилагч нарыг БНСУ-д түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр тогтмол сургаж, мэргэшүүлж ирсэн байна. Мөн түлэнхийн сорвитой хүүхдүүдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо тогтмол хийдэг болсон аж. Улмаар амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг “Халлим” түлэнхийн сангийн зардлаар ихсургуулийнэмнэлэгт эмчилж, нийт 37 хүүхдэд мэс засал үнэ төлбөргүй хийжээ.
М.Гэгээ