Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр амжилтгүй болсны улмаас эмч нар төв талбайд өчигдрөөс суулт зарлаж эхэллээ. Тэд үндсэн цалинг нь 15 хувиар нэмэгдүүлэх бус, 3.5 сая төгрөг болгохыг шаардан, хоёр өдөр суулт зарлах бөгөөд хэрэв эл асуудалд холбогдох байгууллагынхан дорвитой шийдэл олохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ энэ үеэр мэдэгдсэн юм. Мөн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон ирэх оны улсын төсвийг эргүүлэн татаж, салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө.
Тус холбооны дарга Ч.Нарантуяа “Энэ бол зөвхөн эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудал биш. Үүний ард Монгол Улсын нийт иргэдийн эрүүл мэнд хохироход хүрч байна. Бид төв талбайд энэ сарын 9-нд жагсаж, холбогдох байгууллагынханд шаардлага хүргүүлсэн. Улмаар Ерөнхий сайд эмч нарын төлөөлөлтэй уулзаж, цалинг нэмэгдүүлэх ямар боломж байгааг сайтар судал гэсэн. Гэтэл бид судлах ёстой хүмүүс нь биш шүү дээ. Харин эсрэгээрээ бид шаардах эрхтэй. Хийсэн хөдөлмөртөө тохирсон цалин хөлс авах учиртай. Аль салбарт хаана асуудал байгааг судлах нь төрийн хийх ажил шүү дээ. Тиймээс бид эрүүл мэндийн байгууллагынхны цалинг 15 хувиар бус, 3.5 сая болгон нэмэгдүүлэхийг шаардаж байна. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх долоо хоногт ч суултаа үргэлжлүүлнэ. Бид тангараг өргөсөн хүмүүс учраас л ажлаа үргэлжлүүлж байна. Бодит байдалд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нөхцөл байдал маш хүнд байна. Эмнэлгүүд бараг тэг зогсолт хийхэд хүрчихсэн. Хамгийн багадаа 1.5-1.7 тэрбум төгрөгийн өртэй эмнэлэг ч бий. Эмч нар эмнэлгийн тусламж үйлчилгээгээ цаг алдалгүй үзүүлэх гэсэн ч эм, тариа, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж хүрэлцээгүй. Бүр ариутгалын бээлий ч сүүлийн үед олдохгүй байна. Бас бидэнд ирэх дарамт шахалт маш их учраас дуу хоолойгоо хүргэж, өөрсдийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдмал. Хэрэв дуугарвал тухайн эмнэлэгт олгох санхүүжилт зогсчихдог” хэмээв.






У.Сүрэн