Үндэсний аудитын газар (ҮАГ) нь төрийн санхүүгийн хяналтын бие даасан байгууллага бөгөөд улсын төсвийн үр ашиг, ил тод байдал, хариуцлагыг хангахад маш чухал үүрэгтэй. Монгол Улсын аудитын дээд байгууллага болох ҮАГ-аас Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хий¬сэн аудитын дүгнэлтээр 5.1, 2023 онд нийт 7.2 их наяд төгрөгийн зөрчил илэрч байв. Тэгвэл Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр 9.3 их наяд төгрөгийн зөрчил илэрснийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өнгөрсөн зургаадугаар сард УИХ-д танилцуулсан. Тухайлбал, 2024 онд шинээр болон он дамжин хэрэгжүүлэх 1319 төсөл арга хэмжээг 3.8 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан бөгөөд гүйцэтгэлээр 62.7 хувийг нь олгосон.
Мөн хэрэгжүүлж дуусахаар төлөвлөсөн 579 төсөл арга хэмжээний хэрэгжилт 69 хувьтай буюу “Хангалтгүй” байгааг тодотгосон юм. Гүйцэтгэх засаглалын санхүүгийн нэгтгэсэн тайлан, дүгнэлтээр илэрсэн зөрч¬лийг арилгуулахаар Үндэсний аудитын газар он оноор нь зөвлөмж гарган, УИХ болон Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын холбогдох гишүүдэд тухайлан хүргүүлдэг ч жил бүр хоёр их наяд гаруй төгрөгөөр нэмэгдсээр буй нь хачирхалтай.
Энэхүү аудитын дүгнэлтээр өмнөх онтой харь¬цуулахад төсөвт байгууллагын тоо 117, тө¬рийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд 19, төсөл, сан 54-өөр тус тус нэмэгдэж, санхүүгийн тайлан гаргасан нийт байгууллагын тоо 190 болж өссөн нь нэг жилийн дотор төрийн бүтэц ямар хэмжээгээр данхайж, томорсон бэ гэдгийг бодитоор илэрхийлсэн тоон үзүүлэлт юм. Нэг байгууллага нэмэгдэхэд л дарга, ажилтнууд болон тэдгээртэй холбоотой төсвийн болон тө¬рийн байгууллагуудын урсгал зардал өсөж, ачаа¬лал болдог учраас үүнийгээ даруй зогсоох тухай 2024 онд аудитынхан сануулж байж. Мөн Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл өмнөх оноос 863.6 тэрбум төгрөгөөр буурч, 2024 онд 909.7 тэрбум төгрөг болжээ. Тиймээс аудитын тайлангаар илэрсэн зөрчлүүд болох “Чингис хаан”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-уудад байршиж буй 256.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөд эрсдэл үүссэнийг анхаарч, буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч, Монголбанктай хамтран төрийн санд татан төвлөрүүлэх шаардлага үүсэж. Мөн өм¬нөх онуудад хэрэгжээгүй нийт 1,787.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн барьцаа хөрөнгө болох 726.1 тэрбум төгрөгийг чөлөөлж, улсын төсвийн орлогод буцаан авах, цаашид төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч шалгараагүй байхад санхүүжилтийг байршуулдаг асуудлыг хууль тогтоомжоор зохицуулах, төсвийн сахилга бат, хянал¬тыг сайжруулах шаардлагатайг ч онцолжээ.
“Төрийн эрх барих дээд байгууллагын үүргээ хэрэгжүүлэхэд нь УИХ-д дэмжлэг үзүүлж, эх орон, ард түмний эрх ашгийн төлөө Засгийн газрын хүлээх хариуцлага, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд тусална” гэсэн эрхэм зорилготой Үндэсний аудитын газар болон Монгол Улсын Ерөнхий аудиторын үйл ажиллагаанд ҮАБЗ-ийн дарга, УИХ-аас бусад байгууллага, албан тушаалтан хяналт тавих, үүрэг даалгавар өгөхийг хориглодог хуультай. Эндээс харахаар аудитын байгууллагыг найдвартай, хараат бус, бодитой гэсэн гурван үндсэн зарчмаа хангаж, аливаа нөлөөнд автахгүй ажилладаг гэж найдаж болмоор. Гэвч үнэндээ Үндэсний аудитын газар гэдэг бол олон нийтийн хувьд үйл ажиллагаа нь тодорхойгүй, үлбэгэр сул байгууллага гэж ойлгогддог. Төрийн институтуудын хэмжээнд ч тус газраас жил бүр гаргадаг дүгнэлт, хүргүүлдэг зөвлөмжийг нь “гэлэн гуай байтугай, гөлөг” ч гэж тоодоггүй, “шүдгүй арслан” байсаар он удав. Уг нь энэ чинь төр, түмний мөнгийг зөв, үр ашигтай зарцуулахыг баталгаажуулдаг ардчилсан хяналтын чухал механизм юм шүү дээ.
Их наяд их наядын зөрчил гэдэг нь юу гэсэн үг болохыг иргэд, олон нийт үнэндээ л сонирхдоггүй, ойлгуулахыг ч хүсдэггүй. Хам¬гийн энгийнээр энэ бол төсвийн сахилга бат маш муу буюу татвар төлөгч та бидний мөнгийг Засгийн газар, шат шатны төсвийн ерөнхийлөн захирагч нар үр ашиггүй зарцуулж байгааг харуулсан тайлан, дүгнэлт билээ. Өөрөөр хэлбэл, ҮАГын дүгнэлтүүд бол төрийн зарцуулж буй мөнгөний “эрүүл мэндийн үзлэг” юм. Харин энэ үзлэг, оношилгооны хариуг төр үл тоож, засах эмчилгээ хийхгүй явсаар байвал өвчин улам даамжирч, ард түмний итгэл ч алдардгийг бид бэлээхэн харж байна. Тиймдээ ч ҮАГ-ын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг ил тод мэдээлж, нийтэлдэг тогтолцоог бий болгож, олон нийтийн оролцоотой аудитын хэлбэрийг иргэд, ТББ-уудын саналд тулгуурлан туршиж, хэрэгжүүлэх нь нэн түрүүний зорилт болжээ. Түүнчлэн дижитал аудитын систем, мэдээллийн нэгдсэн сан нэвтрүүлж, үр нөлөөг нь нэмэгдүүлэх, УИХ-ын дэргэд Төсвийн хяналтын байнгын хороог томсгон байгуулж, аудитын дүгнэлтийг заавал авч хэлэлцдэг тогтолцоо бүрдүүлэх шаардлага ч зайлшгүйд тооцогдож байна.

ҮАГ жил бүр олон зөрчил илрүүлж, хэдэн арван зөвлөмж гаргадаг ч тэдгээрийн ихэнх нь “бодлогын зөвлөмж” төдий үлдэж, бодит шийдвэр гаргалт, хэрэгжилт, хариуцлага гэсэн дараа дараагийн үе шат руу шилждэггүй. Зарим агентлаг, төрийн өмчит компани аудитын дүгнэлтийг “санал, зөвлөмж” маягаар хөнгөхөн хүлээж авдаг нь системийн доголдол гэдгийг олон улсын шинжээч, зөвлөхүүд анхааруулдаг. Энэ бүхэн нь манай улсад аудитын байгууллагын хараат бус байдал хангалтгүй, төсөв, хүний нөөц, удирдлагын томилгоонд улс төрийн нөлөө ихтэйгээс гадна аудитынхны дүгнэлтийн хэрэгжилтийг хянах механизм сул, УИХ-ын хороод, Засгийн газар дүнг нь хэлэлцдэг ч заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээдэггүйтэй холбоотой гэнэ. Тиймээс дараах гурван чиглэлд онцгой анхаарах нь чухал байгааг олон улсын шинжээчид зөвлөжээ. Нэгдүгээрт, төсвийн бие даасан байдал буюу ҮАГ-ын төсвийг Засгийн газрын хүрээнд биш, УИХ-аар шууд батлах зарчим хэрэгжүүлэх, хоёрдугаарт, удирдлагын хараат бус томилгоо буюу Ерөнхий аудиторыг улс төрөөс ангид, ил тод өрсөлдөөнөөр томилох, ингэхдээ хугацаа нь тогтвортой, эргэж татаг¬дахгүй байх, гуравдугаарт, хариуцлагын тогтолцоо буюу аудитын дүнгээр илэрсэн зөрчилд заавал арга хэмжээ авах хууль эрх зүйн орчныг бий бол¬гох шаардлагатай аж. Товчхондоо бол “Хэрэгжилтгүй зөвлөмж” гэж байх ёсгүй.
Хөгжингүй орнуудын туршлагаас харахад ч манай ҮАГ-тай дүйцэхүйц чиг үүрэгтэй байгууллагуудыг төрийн бодлого, сахилга хариуцлагын “нүд, чих” гэж үздэг байна. Тухайлбал, Британид Үндэсний аудитын газрынхаа дүгнэлтийг парламентын “Public аccounts сommittee” нь заавал авч хэлэлцдэг. Канадад мөн Ерөнхий аудитор нь улс төрөөс бүрэн хараат бус бөгөөд парламентын өмнө ажлаа шууд тайлагнадаг. Харин Австралид аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг цахимаар буюу “real-time” хэлбэрээр хянадаг “Audit dashboard” сис¬темтэй аж. Тэгвэл Шинэ Зеландад иргэд, олон нийтийн саналд тулгуурлан аудитын сэдэв сонгодог “Иргэний аудит” тогтолцоог нэвтрүүлжээ. Төрийн аудит бол цаг, мөнгө, хүн хүч шаардсан зүгээр л нэг хяналт биш, харин төсвийн үр ашиг, хариуцлагыг бодитоор сайжруулах бодлогын гол хөшүүрэг гэдгийг эндээс харж болно.
Л.Ганчимэг