Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр өндөр барилгууд нэмэгдэж, хүн амын нягтрал улам л төв рүүгээ тэмүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, нийслэлд амьдрах иргэдийн нийт хүн амд эзлэх хувь жил ирэх тутам өсөж байна. Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг ба Стастистикийн мэдээллийн нэгдсэн санд дурдсанаар 2023 онд улсын нийт хүн амын 49.5 хувь нь нийслэлд амьдарч байв. Тэгвэл Монгол Улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөн, түүнд нөлөөлөх татах, түлхэх хүчин зүйлийн газар зүйн судалгаанд дурдсанаар 2045 он гэхэд нийслэлд амьдардаг хүний тоо нийт хүн амын 60 хувьд хүрэх тооцоолол гарчээ. Анх 400-500 мянган хүн амьдрах дэд бүтэцтэй төлөвлөсөн нийслэлд хүн амын тоо хэд дахин хэтэрснийг бүгд л мэддэг. Гэвч Засгийн газар, хотын үе үеийн удирдлага дорвитой шийдэлд хүрэлгүй өнөөдөртэй золгосон
Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд “Өндөр, дунд болон цөөн давхар барилгатай (16 давхар буюу 4-17 давхар хүртэлх) орон сууцын хорооллын нэг хүнд ногдох сууцын талбай 20 ам метр /хүн байх тохиолдолд хүн амын нягтрал 300 хүн/ га-аас ихгүй байна” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, нэг га буюу 10 мянган ам метр талбайд 300-гаас ихгүй хүн байхаар тусгажээ. Энэ нь маш нягт суурьшилтайг илэрхийлж буй бөгөөд гэр хороололд нэг га-д 40-60 хүн ногдож буй. Дунджаар 4-5 хүн амьдардаг нэг айлын газарт хэдэн зуун өрх төвхнөх боломжтой өндөр барилга сүндэрлүүлсээр. Энэ нь иргэдийг орон сууцжуулах гарц, шийдэл хэдий ч аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангахгүй бол олон эрсдэл дагуулж мэдэх юм. Тухайлбал, газар хөдлөлт, гамшиг осол, гал түймрийн үед барилга хэдий өндөр байна төдий хэрээр эрсдэл дагуулахыг мэр¬гэжилтнүүд хэлдэг. Ялангуяа, норм, дүрмээс гажууд, “чанаргүй” барилгуудын балаг их.
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь буюу 822 922 ам км-т газар хөдлөлтийн аюул маш өндөр байгааг Одон орон, геофизикийн хүрээлэнгийн 2023 оны судалгаанд дурджээ. Тэр дундаа нийслэл орчимд газар хөдлөлтийн зургаан хагарал байгааг илрүүлсэн бөгөөд Улаанбаатар хотын бичил мужлалын зургаас харахад хотын нийт нутаг дэвсгэр VIIIX баллын газар хөдлөлтийн бүсэд хамаарч байна. Тодруулбал, хотын 47.6 хувь нь VII, 50.4 хувь нь VIII, хоёр хувь нь IX баллын эрсдэлтэй бүсэд хамаардаг. 2020 оны байдлаар улсын хэмжээнд нийт 902.609 айл өрхийн 73.7 хувь нь газар хөдлөлтийн VIII баллын хүчтэй газар хөдлөлтөд өртөх магадлалтай гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, манай орны нутаг дэвсгэрийн 77.1, нийслэл Улаанбаатар хотын 98 хувь нь газар хөдлөлтийн VII ба түүнээс дээш баллын идэвхтэй бүсэд хамаардаг нь аюул өндөр болохыг харуулж буй юм.
Нийслэл дэх барилга, байгууламж газар хөдлөлт, гамшиг эрсдэлд өртөх магадлал ямархуу түвшинд байгааг ОБЕГ-ын Эрсдэлийн удирд¬лагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээс тодруулсан юм. Тэрбээр “Улаанбаатар хотын нийт барилгын 40 хувь нь долоо ба түүнээс дээш баллын хүчтэй газар хөдлөлтөд нурах эрсдэлтэйг япончуудын хийсэн тооцооллоор гаргасан. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 130 000 орчим барилга, байгууламж байна. Үүний 117 900 нь Улаанбаатар хотынх. Нийслэлийн хувьд насжилт өндөртэй барилгуудыг буулгаж, шинэчлэн барих шаардлага байсаар. Мөн боловсролын байгууллагад хийсэн эрсдэлийн үнэлгээний дүнгээс харахад нийт барилгын 64.4 хувь нь газар хөдлөлтийн эрсдэл дунд буюу түүнээс өндөр түвшинд тодорхойлогдсон. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагын 2320-д нь газар хөдлөлтийн эрсдэл өндөр гарсан. Тухайн барилгын эмзэг байдал, нурах эрсдэлийн үнэлгээг паспортжуулалтаар тогтоодог. Барилга, байгууламжид паспортжуулалтын дүгнэлт гаргах үйл ажиллагааг тухайн хуулийн этгээдийн барилга байгууламжийн бүтээцийн зураг төслийн зөвлөх инженер ахалж, барилга байгууламжид хэмжилт, судалгаа, туршилт хийх аргаар гүйцэтгэдэг юм. Төсөв хөрөнгөтэй холбоотойгоор паспортжуулах ажлыг бүрэн гүйцэтгэхгүй байна. Газар хөдлөлтийн тэсвэрлэх байдлыг нийслэлийн бичил мужлалын зурагтай уялдуулж төдөн баллыг заавал тэсвэрлэх ёстой, ингэхийн тулд ийм хийц, бүтээцтэй барь гэсэн шаардлага тавьдаг. Өндөр барилга барих зөвшөөрлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог. Тухайн барилга газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар ямар байх вэ гэдэгт онцгой байдлын байгууллагаас ямар нэг хяналт байдаггүй. Бид зөвхөн галын аюулгүй байдлыг хангах систем бий, эсэхэд л хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, Улсын комисс хүлээн авсны дараа галын аюулгүй байдал болон шаардлагатай норм, стандартыг мөрдүүлдэг” гэв.
Монгол Улсын барилгын норм ба дүрэмд зааснаар 1-3 давхрыг нам, 4-6 давхрыг дунд, 7-16 давхрыг олон, 17 ба түүнээс дээш давхрыг өндөр барилга гэж үздэг. Өөрөөр хэлбэл, 17-35 давхар буюу 51-150 метр өндөр барилгыг ийн нэрлэдэг. Зах зээлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан Өндөр барилгын төлөвлөлтийн нормыг 2023 онд баталжээ. Манай улсад сүүлийн жилүүдэд орон сууцын барилгыг 20 ба түүнээс дээш давхрын өндөртэй барих нь хэвийн үзэгдэл болсон. Эдгээр барилгыг онц чухал объектод тооцон бүтээцийн даац нурах эрсдэл, галын аюулгүй байдлыг хангах үүднээс гал унтраах автомат төхөөрөмжтэй байхаар тоноглох, орц, гарцыг нарийн тооцоолох зэрэг олон шаардлага тавьдаг юм. Мөн өндөр барилгын дээвэрт аврах кабин болон нисдэг тэрэг буулгах талбай заавал төлөвлөхийг тусгажээ. Гэвч одоогийн тэнгэр баганадсан өндөр барилгуудад нисдэг тэрэг буух талбай бий, эсэх мэдээлэл бүрхэг.
Мөн цас, мөс, салхины ачааллыг хүртэл тооцож хийц, бүтээцийг анхаарахыг цаасан дээр “хатуу” сануулжээ. Түүнчлэн газар хөдлөлтийн үйлчлэлийг “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх” норм ба дүрэмд заасны дагуу тодорхойлон тооцож, зураг төсөлд тусгахыг анхааруулсан байна. Улаанбаатар хот бүхэлдээ шахам газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаарч буй тул үүнд тэсвэртэй, эсэх нь барилгын “амин сүнс” гэлтэй. Ялангуяа, газар хөдлөлийн таван баллын эрчимтэй бүсэд баригдах 100 м-ээс өндөр, зургаан баллынхад бол 75 м-ээс өндөр барилгад газар хөдлөлтийн үйлчлэлийг заавал тооцох ёстойг Өндөр барилгын норм, дүрэмд заажээ. Энэ нь дээр дурдсан 17-35 давхар барилгуудад хамаатай гэсэн үг. Гэтэл энэ бүх нарийн ажиллагаанд онцгой байдлын байгууллагын оролцоо, хяналт байхгүй бөгөөд зөвхөн галын аюулгүй байдалд нь”хошуу нэмдэг” нь байж боломгүй.
16-гаас доош давхар барилга барих зөвшөөрлийг нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газраас олгодог аж. Тухайн газарт геологийн болон бусад эрсдэл бий, эсэхийг тооцон барилгын ажил эхлүүлэх даалгаврыг тус газрынхан өгдөг. Тэднээс нийслэлд шинээр барьж буй барилга байгууламжийн аюулгүй байдлын талаар тодруулахыг хүссэн ч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Манай улсад барилгын 400 гаруй норм ба дүрэм, 600 орчим стандарт, бусад техникийн дүрэм бий. Өөрөөр хэлбэл, барилгын төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралт, ашиглалт зэрэг үйл ажиллагаанд мөрдөх хангалттай олон тооны норм, дүрэм, стандарт хүчин төгөлдөр үйлчилж байдаг. Гэвч эдгээрт тавих хяналт сул байгааг мэргэжлийн байгууллагынхан ч үгүйсгээгүй. Тухайлбал, Барилгын хөгжлийн төвийнхөн норм, дүрэм хангалттай байгаа ч үүнийг ягштал мөрдүүлэх, эргэх холбоо сул буйг хэлсэн.
Өндөр барилгууд өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, орон сууцуудыг 20-иос дээш давхар барих боллоо. Өнгөрсөн долоо хоногт гэхэд “Ногоон нуур” 1008 айлын орон сууцын барилгыг албан ёсоор ашиглалтад хүлээн авсан. Тус барилга нь 21 давхар найман блок. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгуудыг илүү олон давхар барих нь ойлгомжтой байна. Харин өндөр барилгууд норм, стандартын дагуу баригдсан, адаглаад гал унтраах автомат тоноглолтой, эсэх нь чухал. Манай улсын галын автомашинуудын шат 10 давхар барилга хүртэл л сунах боломжтой. Харин сүүлд Францаас оруулж ирсэн автомашины механик шат 30-42 метрт хүрэх юм гэнэ лээ. Гэхдээ л хангалттай биш. Хамгийн гол нь бусад улс орон өндөр барилгын галын аюулгүй байдлыг сунадаг шатаар бус, анхнаасаа л эрсдэлийг тооцсон барилгаар шийддэгийг сануулахад илүүдэхгүй биз.
Д.Цэлмэг