ЭМЯ, СЭМҮТ, салбар дундын байгууллагууд хамтраад “Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулснаа мэдээллээ. Уг төлөвлөгөөг үндэсний хэмжээнд хэлэлцүүлэн, зөвлөмжийг Засгийн газарт танилцуулж, батлуулахад ийнхүү бэлэн болгожээ.
НҮБ-аас гаргасан Дэлхийн хүүхдийн аж байдлын сүүлийн жилүүдийн судалгааны тайланд 15-19 насны залуусын нас баралтын тэр¬гүүлэх шалтгааны нэг нь амиа хорлолт болсныг дурдсан байна. Амиа хорлолтын түвшин Номхон далай баруун эргийн бүсийн орнуудад, тэр дундаа Монгол Улсад 100 мянган хүн тутамд 18.5 тохиолдож байгаа нь бүсдээ БНСУ-ын дараа II-т бичигдэх үзүүлэлт юм.
Өнгөрсөн онд Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн 7936 дуудлагын 636 нь амиа хорлолтынх байжээ. Түүнчлэн Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн төвд энэ оны есдүгээр сарын байдлаар эмийн хурц хордлогын 240 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 95.3 хувь нь амиа хорлох сэдлээр эм уусан байж.
Сэтгэл гутрал, түгшүүр, хоёр туйлт эмгэг, ганцаардал, эдийн засгийн дарамт, хүчирхийлэл, архидалт, донтолт зэрэг нь нийгмийн болон эрүүл мэндийн ноцтой асуудлын нэг бөгөөд эдгээр нь амиа хорлолтын тэргүүн шалтгаан аж. 15-24 насны залуусаас гадна 65-аас дээш насны ахмадуудын дунд амиа хорлох тохиолдол ч нэмэгджээ. Иймд “Сэтгэцийн эрүүл мэнд” хэмээх дөрвөн зорилт, 34 үйл ажиллагаа бүхий цогц арга хэмжээг 2024-2027 онд хэрэгжүүлж буйгаа ЭМЯ-ныхан хэлсэн юм.
О.Бат