Тамхины хяналтын тухай хэмээх хэрэгждэггүй, хэрэгжүүлдэггүй хуулийг хүчжүүлж, хүн болгонд хүртээлтэй болгохгүй хүүхэд залуус утаат болон электрон тамхинд донтож, хордох нь нэмэгдсээр байна. Тамхи таван нас хорооно гэдэг. Утаат болон электрон тамхины хор нөлөөнөөс үүдэлтэй өвчнөөр жил бүр дэлхий даяар найман сая хүн нас бардаг гэсэн судалгааны дүн байдаг. Түүгээр ч зогсохгүй электрон тамхины хор уршгаар уушгины шинэ төрлийн өвчин үүсэж, 10-20 жилийн дараа аюул нь хэрэглэгч, ялгарч буй утаагаар нь амьсгалагч хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг үр дагавраа үзүүлэх нь гарцаагүй болсныг эрүүл мэндийн байгууллагаас байнга анхааруулах болов.
Аливаа тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуны түрүүнд эрх зүйн орчин чухал. Манай улсад Тамхины хяналтын тухай хууль гэж бий, шинээр нэмэлт, өөрчлөлт оруулан тусгаж буй ч хүүхэд залууст хүртээлгүй мэт байгаа нь харамсалтай. Хууль тогтоогчид нь өөрсдийгөө л “сурталчлах” гэж хуулийн төсөл боловсруулдгаас биш, амьдрал дээр хэрэгжихэд нь огт анхаардаггүй гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, хамгийн сүүлд Тамхины хяналтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөгийн УИХ-ын гишүүн О.Номинчимэг санаачлан өргөн барьсан. Энэ үедээ “Тамхины хяналтын хуулийн автор, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй зорьж очиж уулзлаа. Тухайн үед хууль батлуулсан үйл явц, туршлагаас нь сонслоо. Дотор орчинд тамхи татахгүй байх, үүгээрээ дамжуулаад дам тамхидалтаас иргэдийг хамгаалах түүний зорилго чиглэл өнөөдөр ч үйл хэрэг болоод үргэлжилж байна” хэмээн фэйсбүүк дэх хуудсандаа бичсэн байв. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг санаачлаад батлуулчихсан гэж санаж явдаг аж. Уг нь бол Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийг 1993 онд УИХ баталж, 1994 оны гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн түүхтэй. Нийгмийн ороо бусгаа жилүүдэд баталж, амьдралд төдийлөн хэрэгжээгүй гэхэд хилсдэхгүй энэ хуулийг хэрэгжүүлэх, биелэлтэд хяналт тавих ажлыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ гэж заасан байсан. Ийм ерөнхий заалттай байсан учраас хэн дуртай нь хаа тааралдсан газартаа, албан тасалгаа, олон нийтийн газарт утаа савсуулж, автобусны жолооч нь кабиндаа саагиулж зорчигчдоо, иргэд гудамжаар ард, урдаа яваа хүнийг хордуулан алхсаар ирсэн юм.
Л.Эрдэнэчимэгийг санаачилсан, түүний “автортай” гэх хуулийн хэрэгжилт бас л хангалтгүй байв. Уг нь 2013 оны гуравдугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн Тамхины хяналтын тухай хуульд ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахгүй. Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин, зочид буудлын нийтийн үйлчилгээний танхим, ресторан, баар, цэнгээний газар, кино театр, үзвэрийн газрууд, зорчигч тээврийн буудал, агаарын тээвэр, зорчигчдын галт тэрэг болон цэцэрлэг, бүх шатны сургууль, дотуур байрны гадна, дотор орчин, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн орон сууцны орц, цахилгаан шатанд тамхи татахыг бүрэн хориглосон. Ингэж хориглосноор баар, цэнгээний газруудад замбараагүй тамхи татдаг байсан нь больсон нь сайшаалтай. Гэвч өнөөдөр автобусны буудал, нийтийн орон сууцны үүд, тагт, сургууль, цэцэрлэгийн хашааны буланд тамхичид утаагаа савсуулж, өөрийгөө ч, өрөөлийг ч хордуулсаар байна. Үүнийг хянах, хариуцлага тооцох газар, байгууллага алга. Учир нь хууль зөрчсөн бол торгох талаар заалт тусгасан ч үүнийг нь хэн хэрэгжүүлэхийг заагаагүй. Тиймээс Тамхины хяналтын тухай хууль хэрэгжихгүй байна. Уг нь өмнөх буюу 1993 оны хуулийн “Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий холбогдох байгууллага, цагдаа болон хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ” гэсэн ерөнхий заалтаа тусгасан ч амьдралд дээр хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн хүмүүс нь ажлаа хийхгүй байгаа юм.
Тиймдээ ч Төрийн ордонд хурал, чуулганд оролцсон нөлөөлөгч гэх залуус нь электрон тамхиа байн байн сөрж, автобус, таксины жолооч нь ч утаагаа цонхоороо үлээн, ишээ гудамжинд хаа хамаагүй шидэлж, шүлсээ хаясаар байгаа юм. Түүгээр ч зогсохгүй электрон тамхийг сургууль цэцэрлэгтэй ойр газарт худалдаж, борлуулсаар буй. Баталсан хуулиа хэрэгжүүлэх субъектыг тодорхой тусгахгүй, нийт дунд нь орхисноор Монголын хууль гурав хоногийн л настай гэгч нь бодит утгаараа биелж байна.