Арав гаруй хоногийн өмнө дүүргийнхээ эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлэхээр очлоо. Баасан гаргийн үдэш байсныг ч хэлэх үү ачаалал их, ёстой л эмч, үйлчлүүлэгчгүй “оволзож” байв. Хөгшин, залуу, согтуу, өвчтэй иргэд, эмч, сувилагч гээд ийш тийш гүйлдсэн, хэн хүнгүй л уурлаж бухимдсан дүр зурагтай. Үйлчлүүлэгчдийн биеийн байдлаас шалтгаалан улаан, ногоон, шар түвшнээр эрэмбэлж, хүлээлгэх аж. Иргэдийн урдуур дайрч, яаралтайгаар үйлчлүүлж буй хүмүүсийн олонх нь архины гүн хордлого, шоктой. Цаг гаруйн хугацаанд ийм оноштой татсан хоёр ч хүнийг хэвтүүлэн эмчлэв. Иргэдээс сонсох нь ээ, ерөнхийдөө дүүргийн Яаралтай тусламжийн тасгууд энэ мэт эрүүлжүүлэн эмчлэх газар болж хувирчээ. Тэр хэрээр эмч, сувилагч нарын ааш аяг, харилцаа хандлага “эвдэрч”, архинд хордсон иргэдтэй нохойноос ч дор харьцах. Тэд байнгын үйлчлүүлэгчдээ ч андахгүй. Хөндлөнгөөс ажвал өнөөх согтуучуудаа эсэн бусаар харааж, загнах юм. Цаашлаад ар гэр, хувийн амьдрал руу нь хээвнэг “өнгийж”, дахин архи уугаад ирвэл эмчлэхгүй гэдгээ ч ил цагаан хэлнэ лээ.
За, тэгээд шөнө оройн цагаар Яаралтай тусламжийн тасгаар янз бүрийн л шалтгаан, зовуурьтай, өвдөж зовсон хүмүүс, хөгшид цөөнгүй үйлчлүүлэх нь ойлгомжтой. Тэр бүрд эмч нар үйлчлүүлэгчдийг өмссөн зүүснээр нь, ядарсан доройтсоноор нь ялгаварлах, эрхэд нь халдах, хувийн нууц, эмзэг мэдээллийг нь олны дунд зарлах, оношийг бусад эмч, сувилагчид задруулах зэргээр ажлаа дураараа хийх юм билээ. Үүдээр ороод ирсэн ядруухан нэгнийг “Орж болох уу” гэхэд нь “Ороод ирчихсэн байгаа юм биш үү, яасан юм. Ямар зовуурьтай вэ” гэхчлэн 7-8 орон дээр хэвтэн эмчлүүлж буй иргэд, тэдгээрийн сахин суугаа олон хүний нүд, чихэн дээр чанга орилно. Санаа нь зовсон зарим нь дуугарахгүй, аргаа барсан нэг нь зовуурь шаналгаагаа заалаар нэг зарлачхаж байгаа юм. Шөнийн цагаар эмчийн тангараг, ёс зүй энэ мэт үйлчилдэггүй бололтой. Үйлчлүүлэгчдээ өвдсөн ч нэр төртэй, гоо зүйтэй байх язгуур эрхийг нь хүндэтгэж мэддэггүй ийм эмч нараар салбар дүүрсэн гэхэд хилсдэхгүй.
ХҮНЛЭГ, ХУВИЙН НУУЦЫГ ЧАНДЛАН ХАДГАЛАХЫГ ХУУЛЬЧИЛСАН БАЙДАГ
“Эмч би, эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тангараглая” гэдэг сэн биш бил үү. Хүний эрх, эрх чөлөө, нэр төр, жендер, гоо зүй гээд язгуур эрх ашгийг дээдэлдэг шинэ зуун манай эмч нараас хүнлэг байхыг, ёс зүйтэй ажиллахыг шаардаад удаж буй билээ. Нэг үеэ бодвол эмч нарын ааш зан, харилцаа хандлага засраад овоо болсон гэдэг нь худал бололтой. Эмч нар хэзээ ч, хаана ч, ямар ч тохиолдолд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах ёстой баймаар. Гэвч энэрэх сэтгэлээ гээчихсэн, үйлчилгээний наад захын соёлгүй энэ мэт эмч, сувилагч нарын “баг”-ийг иргэд сүүлийн үед нийгмийн сүлжээнд нэлээд хуулах шиг болсон. Нэгэн төрөх эмнэлэгт яг ижилхэн хийсвэрээр амаржсан хоёр эмэгтэйн хагалгааны оёдол тэнгэр, газар шиг ялгаатай. Мөнгөтэй, олны танил, нэр хүндтэй ажил алба хашдаг бол гоо сайхны хагалгааны утас нь хайлдаг, брэндийнх байна. Харин эмч нарын гарыг цайлгаагүй, энгийн ээжүүдийн хагалгааны сорви “ухаан алдмаар” байдгийг олон эмэгтэй бичсэн байв. Хагалгааны оёдол нь бараг “мөнгө өгөөгүй гээд биччихсэн” байдаг гэнэ үү, арай ч дээ.
Төлбөр төлсөнд нь хамаг сайхнаараа үйлчилдэг, сул дорой бол өгзөг, гуян дээрээ алгадуулж, эсэн бусаар хэлүүлээд ч хамаагүй амаржих нь л чухал, энэ нь ч хэвийн үзэгдэл болсон гэх. Ийм социализмын үйлчилгээ одоо ч амь бөхтэй оршсоор, дээдэстэй урсгал ус шиг, доодостой арслан бар шиг харилцдагийг ээжүүд хэлээд өгч байна. Угтаа бол эмч, сувилагч нар жирэмсэн эхчүүд, өвчтэй иргэдийг, ядарсан гуйлгачин, гудамжны архичин байсан ч өнгө мөнгөөр ялгаварлалгүй, стандартын дагуу л үйлчлэх ёстой шүү дээ. Гэвч бодит байдалд тийм биш аж.
Монгол Улсын хүлээн зөвшөөрч, нэгдсэн хүний эрх, эрх чөлөөний талаарх олон улсын эрх зүйн баримт бичгийн дагуу боловсруулсан Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчтэй харилцахдаа хүнлэг, энэрэнгүй, хүндэтгэлтэй хандах, чин үнэнч, шударга, хүн бүрд тэгш хандаж, үл ялгаварлах, хариуцлагатай байхыг, нууцыг чандлан хадгалахыг хуульчилсан байдгийг энд сануулъя.

ИРГЭДЭД БАС ИХ УЧИР БИЙ
Хуучин нийгмийн харанхуй бүдүүлэг үеийнх шигээ бүх зүйлд өөрийнхөөрөө, муйхраар зүтгэдэг, явсан газар бүрдээ хэл ам, хэрүүл тэмцэл дагуулдаг хүн ч монголчуудын дунд элбэг. Үйлчлүүлэх соёлд анхнаасаа суралцаагүй, цаг үе өөрчлөгдсөн ч түүнийг дагаад хөрвөх чадваргүй, амьдарч байгаа нийгмээ, залуусаа хүлээн зөвшөөрдөггүй, хөгждөггүй бүхэл бүтэн “арми” бий нь үнэн. Тэд эмнэлгийн үйлчилгээ авахдаа яадаг вэ гэхээр дугаарлаж мэддэггүй, цагаараа үзүүлэх гэж буй хүмүүсийн урдуур “Түрүүлж ирсэн” гэх шалтгаанаар ухаан жолоогүй дайрдаг. Шаардлага тавьсантай нь зад хэрэлдчихдэг гэж байгаа.
Ийм “хортой” төрлийн хүмүүс жишээ нь эмнэлэгт хэвтэхдээ түмэн авир гаргана шүү дээ. Мессенжерээр “Манай өрөөнд ийм тийм хүн хэвтэж байна” гэж ар гэрийнхэндээ утасныхаа камераар харуулна. Энэ хүн ийм оноштой, хөөрхий минь өнөөдрөөс л овоо дээрдэж байна ч гэх шиг. Чихэвч хэрэглэж мэддэггүй, бусдынхаа амгалан тайван байдлыг байнга алдагдуулдаг. Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэгчээр хорвоогийн хов жив, хамаатан садныхаа бүтэлгүйтэл, найз нөхдийнхөө салсан сарнисан амьдрал гээд үргэлжид болохгүй бүтэхгүй зүйл ярьж, өөр дээрээ түмэн “зовлон хураана”.
“Хортой” хүмүүсийн паян ингээд дуусахгүй. Автобусанд настайчууд хүүхдүүдтэй барьцаж, сандал булаацалдана. Суудал тавьж өгөөгүй багачууд, залуусыг “Одоогийн хүүхдүүд ийм бүдүүлэг, эрээ цээргүй. Ахмад хүнийг хүндэлж мэддэггүй, соёлгүй, арчаагүй” гэх мэтээр хүний үрсийг амныхаа зоргоор загнаж доромжилдог. Төлбөр тооцооны төвүүд, банк, дэлгүүр гээд ер нь хаана ч тааралдсан тэд хүлээж үйлчлүүлэх тухай ойлголт үгүй. Яарсан, ядарсан зовсноо гайхаж, урагш тэмүүлнэ. Төрийн үйлчилгээ авахдаа ч ялгаагүй. Гэтэл өнөөх ад үзээд байдаг хүүхэд, өсвөр үеийнхэн, залуус чинь харин ч аль ч газраар соёлтой үйлчлүүлдэг юм шүү. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагч, хувийн хэвшлийн үйлчилгээний төвүүд, эмнэлэг, сургуулийнхан, эмч, багш, сурагч, иргэнгүй хаана хаанаа л хариуцлагатай, соёлтой үйлчилж, үйлчлүүлж суралцмаар байгаа юм.
Бид зөвхөн халдварт өвчний үед л хүн хоорондын зай баримтлах тухай ярьдгаас биш, энгийн үед ч үйлчилгээний байгууллагуудад энэ соёлыг нутагшуулах нь зүйтэй юм. Стандартаараа олон улсад хүн хоорондын зайг 1-1.5 метрээр тусгаарладаг юм билээ. Үүнийг Япон, БНСУ, Германд “харилцаа, үйлчилгээний соёлын зай” ч гэдэг. Энэ нь тухайн хүний тав тухыг эрхэмлэх, сэтгэл зүйн дарамтгүй байлгах, бичиг баримт, өвчний онош, яриа, санхүү зэрэг эмзэг, нууц мэдээллийг нь задруулахгүй байхад тусална.
ДАВУУ ЭРХ ЭДЛЭХ ГЭЖ ОРОЛДОХ НЬ НИЙГМИЙН ЗӨРЧИЛ
Дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжиж буй улс орнуудын иргэд төрийн нэгж, банк, дэлгүүр, эмнэлэг зэрэг аливаа байгууллагаар үйлчлүүлэхдээ эмх цэгц, ёс зүй, тэвчээр, хүндлэл дээр суурилсан соёлын тогтсон хэв маягтай байдаг. Үйлчилгээ үзүүлэх нь зөвхөн тухайн байгууллагын үүрэг бус, хэрэглэгчийн соёл, хариуцлага, сахилга баттай салшгүй холбоотой гэж үздэг. Ийм улс орнуудад иргэн бүр үйлчилгээ авахдаа ээлжээ чанд баримталдаг, бусдын цагийг хүндэтгэдэг, байгууллагын дотоод дүрэм журамд захирагддаг. Үүний хамгийн тод жишээ бол Япон Улс юм. Японы иргэд гудамжинд автобус хүлээхдээ хүртэл нэг эгнээнд зогсож, дуу чимээ гаргахгүй, бусдын орон зайг хүндэтгэдэг. Энэ нь ёс заншил бус, үндэсний соёлынх нь нэг илэрхийлэл билээ. Тэд ямар нэгэн үйлчилгээ авахдаа хэн нэгний өмнүүр дайрах, давуу эрх эдлэх гэж оролдох нь нийгмийн томоохон зөрчил, ичгүүртэй үйлдэл гэдгийг мэддэг.
Сингапурт төрийн үйлчилгээний 99 хувь нь цахимаар байдаг тул иргэд урт дараалалд зогсох шаардлагагүй. Төрийн байгууллагад дараалал үүсэх тохиолдолд иргэд цахим дугаар авч, нэр нь дуудагдахыг хүлээдэг аж. Дугааргүй үйлчлүүлэх, ажилтныг дарамтлах, бусдын өмнүүр орох нь хууль зөрчсөнд тооцогдож, өндөр торгууль ногдуулдаг юм байна. Тиймээс үйлчлүүлэх соёл нь иргэн бүрийн эрх, үүрэгтэйгээ холбогдож, тогтолцооных нь нэг хэсэг болон хөгжжээ.
Хойд Европын улс орнуудад тэр дундаа Швед, Норвегид тэгш эрхийн зарчим үйлчилдэг тул төрийн үйлчилгээ авах хүн бүр ижил журам мөрдөнө. Үйлчилгээний байгууллагууд электрон дугаарын системтэй бөгөөд иргэд хүлээлгийн дагуу ажлаа амжуулдаг. Дараалалд зогсож байхдаа хүмүүс бусдад садаа болох дуу чимээ гаргахгүй, утсаар чанга ярихгүй байх дүрэмтэй. Энэ нь зөвхөн хувь хүний хүмүүжил төдийгүй нийгмийн хэм хэмжээ, ойлголт, соёлын нэг хэсэг аж. Швейцарт мөн иргэдэд чиглэсэн үйлчилгээнүүд цагийн менежментэд тулгуурладаг. Хүмүүс товлосон тухайн цаг, минутдаа л үйлчилгээ авах эрхтэй. Хугацаа хэтрүүлбэл хариуцлага хүлээнэ. Эл улсад цаг баримтлахыг хамгийн дээд соёл гэж үздэг. Тэгвэл Герман улс хууль, дүрэм журмаа ягштал баримтлахыг иргэддээ зааж сургадаг. Канад, Австрали зэрэг орны иргэд үйлчилгээ авахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэх харилцаанд түшиглэдэг. Өмнөд Солонгост үйлчилгээний дараалал тодорхой, ил тод байдаг тул буруу ойлголт, маргаан бараг гардаггүй.
Эдгээр улс орны туршлагаас харахад үйлчилгээний соёл гэдэг нь зөвхөн хүмүүжлийн түвшинд яригддаг зүйл биш байгаа биз. Энэ нь төрийн бодлого, дижитал технологийн хөгжил, иргэний үүрэг, хариуцлага, нийгмийн ухамсар, шударга тогтолцоо, тэгш эрхийн зарчим зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр аж. Түмэн олон нь тогтолцоондоо итгэдэг, төр нь иргэнээ ялгаварладаггүй болсон цагт сая үйлчилгээний соёл тогтдог байна.
О.Оргилох