Урьд шөнө би зүүдэллээ. УИХ-ын даргын сэнтийн төлөө МАН-аас Б.Хэрлэн, АН-аас С.Одонтуяа, ХҮН намаас Б.Мөнхсоёл, Үндэсний эвслээс А.Ундраа, ИЗНН-аас М.Нарантуяа-Нара нар нэр дэвшин өрсөлдөж байна гэж.
“Б.Хэрлэн хэдийгээр манай намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон ч гэлээ ардчиллын гол тулгуур болсон парламентын засаглалыг төлөвшүүлэх, шударга ёс, эрх мэдлийн тэнцвэрийг хангахад анхаардаг зарчимтай улс төрч” хэмээн МАН-ынхан нэр дэвшигчээ онцолсон бол АН-ынхан С.Одонтуяагаа хууль тогтоох дээд байгууллагад гурвантаа сонгогдсон, УИХ-ын дэд даргын алба хашиж үзсэн, Засгийн газрын гишүүнээр ч ажилласан туршлагатай кандидат гэдгээр нь пиар хийж байна. ХҮН намынхан Б.Мөнхсоёлыгоо спикер байх хэмжээний потенциалтай гэж УИХ-ын гишүүдэд сурталчлахаасаа илүү Үндсэн хуулиа урдаа барин зүтгүүлж харагдах бол Үндэсний эвслээс А.Ундраагийнхаа боловсрол мэдлэг, туршлага, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдал зэрэгт голлон төвлөрсөн байхад ИЗНН-ынхан харин М.Нарантуяа-Нараг иргэд, олон нийтийн дуу хоолой, санал хүсэлтийг парламентад төлөөлж чадахуйц нөлөөлөлтэй хэмээн лоббидохыг оролдох аж. Парламентын түүхэнд урьд хожид байгаагүй гал гарсан асуудлыг эцэслэн шийдвэрлэж, хайнаа хагалах санал хураалт яг эхлэхтэй зэрэгцээд зүүд нойрноос сэрчихсэн нь л тоогүй.
Утгагүй хоосон зүүд, утопи зүйл огт биш юм, энэ уг нь. 1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн нэгийн 24.1-т “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн, саналаа илээр гаргаж сонгоно” гэсэн заалт цагаан дээр хараар дурайтал бичээстэй бий. “Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн...” гэдгийг тогтоож сайн харвал “олонх”, эсвэл “цөөнх” гэдэг үг үсэг, тийм агуулга Үндсэн хуульд байхгүйг ойлгоно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга гэдэг нь парламентад олонх болсон аль нэг нам, эвсэлд л хамаатай албан тушаал, тэдний эрх ашигт үйлчилдэг “тавиул” биш гэсэн үг. Сонгуульд ялалт байгуулсан намын “бэлэг бэлгийн дээд” албан тушаалын бялуу бүр ч биш. Ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажилладгийн хувьд УИХ-ын гишүүнээр сонгогдсон хэн бүхэнд спикер болох эрх нь нээлттэй.
126 гишүүний хэн нь ч хэнээсээ давуу эрх дархтай биш, бүгд л адилхан ард түмнээсээ сонгогдсон төрийн түшээд. Ардчилсан Үндсэн хуулиа батлаад 33 жил болсон, парламентын засаглалтай Монгол Улсад энэ зарчмыг Улсын Их Хурлын тухай хуульдаа ёсчлон тусгасны нэг илрэл нь “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, байнгын, дэд хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад албан тушаалд сонгогдох, нэрээ дэвшүүлэх” гээд гишүүний бүрэн эрхийг заагаад өгчихсөн явдал юм. Энэ ч үүднээс УИХ-д суудалтай нам, эвслүүд хэнийгээ ч спикерт нэр дэвшүүлж болно. Тэр бүү хэл, өнгөрсөн хугацаанд бие дааж нэр дэвшээд, гишүүнээр сонгогдсон Л.Гүндалай, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, С.Жавхлан нарт ч УИХ-ын даргад өөрийн нэрийг дэвшүүлэх эрх нь нээлттэй байв. Харамсалтай нь, манайд ийм улс төрийн соёл төлөвшилгүй өнөөг хүрчээ.
СПИКЕРТНЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ, ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОГДСОН ЭРХЭЭ ЭДЭЛ, ГИШҮҮД ЭЭ!
Монгол Улсын Их Хурлын 13 дахь спикер Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгч, УИХ-ын гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэснээс хойш гурван долоо хоног өнгөрч байна. Энэ хооронд УИХ-ын даргын төлөөх зодоон эрх баригч МАН дотор эрчимтэй өрнөж, тус сэнтий өөд мацсан марафон барианы шугамд ойртож ирлээ. Эрх баригчид тогоон дотроо тохироогоо хэзээ эцэслэж, хэнийхээ нэрийг “Будаан дотроос шигшиж гарч ирсэн нэр шүү” гэж өндөр дуугаар уншин сонордуулахыг нөгөө дөрөв нь хүлээн, алга ташихдаа бэлдэж суугаа. Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиар олон намын төлөөлөл бүхий парламент бүрдсэн нь дэвшил гэж эрх баригчид уран донгодох төдийд өнөө хэдийнх нь нүд, ам, чих хэдийн тагларчихсан. Монгол үнэхээр л парламентын засаглалтай ардчилсан орон юм бол улс төрийн салхи хаашаа ч эргэж мэдэхээр байгаа энэ “алтан үе”-ийг ашиглаад, УИХ-ын даргад өөрсдийн гишүүдээсээ нэр дэвшүүлэх эрх олж авах хуулийн зохицуулалтыг хийх манлайлал, идэвх санаачилга гаргавал яасан юм бэ, АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвслийнхээн!
УИХ-ын дарга тодрох нь анхнаасаа тодорхой “тусгай тойрог” гэж хаана ч үгүй. Адилхан л сонгогчдоо төлөөлж парламентад сууж байж жаахан шийдэмгий, зоригтой байгаад улс төрийн шинэ соёлд үлгэрлээч. Нам, эвслийнхний чинь зориг хүрэхгүй бол яадаг юм, заалнаас өөрөө нэрээ дэвшүүлээч, гишүүд ээ. “Булгаа минь, хурал даргалах чинь нэг их ядаж зүдээд байх юм үгүй. Төвийг сахиад, чиглүүлэхэд л болно” гээд саяхны дуулианы үеэр дэд дарга Х.Булгантуяад “хичээл” заагаад байсан Б.Пүрэвдорж одоо өөрөө ч АН-аас нэр дэвшиж болмоор. Олонхын дэмжлэг авч, УИХ-ын даргаар сонгогдох, үгүй чинь бол дараагийн асуудал. Монголын ард түмний эрх ашгийг илэрхийлэхээр төрд төлөөлөн суугаа сөрөг хүчин, бусад нам, эвслийнхэн одоо л спикерийг нэг намын үзэл баримтлал, эрх ашгийг гүйцэлдүүлдэг “гар, хөл” нь байх учиргүй гэдгийг сэрж, сануулмаар сан. УИХ-ын тухай хуулийн “Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь “олонх” гэнэ, олонх болсон нам, эвсэл УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ” гэсэн заалтыг өөрчлөхийн төлөө “цусаа гартал” үзмээр байдаг. Үндсэн хуулийнхаа дээгүүр гишгэсэн олон хууль Монголд төрөн гарсан ч эцэстээ “хөх тэнгэрт” тулахаараа юунд хүрдгийг манай улс төрчид ч, олон нийт ч саяхны жишээнүүдээс харж, ойлгож эхэлсэн бус уу.
ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛТАЙ ОРНУУДЫН ЖИШИГ ХИЙГЭЭД МОНГОЛЫН ГАЖУУДАЛ
Монгол төрийн дээрээсээ хоёрдугаарт эрэмбэлэгдэх албан тушаалтан нь УИХ-ын дарга гээд манайхан бат нот итгэцгээчихсэн. Гэтэл парламентын засаглалтай аль ч оронд спикер нь УИХ-ын үйл ажиллагааг удирдан зохион байгуулагч, хурал даргалахдаа гишүүдийн дунд төв байр суурь баримталж дэг сахиулах, хууль тогтоох явцад ардчилал, дотоод хяналтын тэнцвэрийг хадгалах л үүрэг хүлээдэг тухай МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Ж.Төртогтохын “Парламент судлалын гарын авлага”-д олонтоо дурдагджээ. “Парламентуудын үндэслэгч эцэг” гэгддэг Английн парламентын Нийтийн танхим (доод танхим)-ын спикер намын гишүүнчлэлээсээ түдгэлздэг шиг Өмнөд Солонгосын Үндэсний ассамблейн дарга ч мөн ийм үүрэгтэй. Герман, Канад, Швед, Япон, Нидерланд, Шинэ Зеланд, Турк зэрэг оронд мөн адил спикер нь албан ёсоор гишүүнчлэлээсээ түдгэлзэхгүй ч намын эрх ашгийн үүднээс асуудалд хандахгүй, шийдвэр гаргахад алагчлахгүй байх, улс төрийн болон намын үйл ажиллагаанд оролцохгүй гэх мэтчилэн тодорхой зарчмуудыг баримтлан ажилладаг тухай “Парламентын спикер намын гишүүнчлэлээс түдгэлздэг эсэх, спикерийн бүрэн эрхийн хугацаа ба бүрэн эрхтэй холбоотой зарим зохицуулалт” харьцуулсан судалгаанд онцолжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга гэдэг манайхны бодож, мөрөөддөг шиг өндөр дээд эрх ямба эдлэх ёстой “хүсэмжит” албан тушаал биш бөгөөд спикерийн сонгогдон ажиллах хугацаа зургаан сараас зургаан жил хүртэл харилцан адилгүй байдаг аж.
Гэтэл Монголд төрийн эрх барих дээд байгууллагынхаа спикерийг сонгох үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн зарчмаас гажин, улс төрийн нөлөөнд гүнзгий автаж, нам, фракцуудын хоорондын тохиролцоо, ашиг сонирхлын наймаа болж хувирсныг шүүмжлэх гишүүд эхнээсээ гарч ирж байгаа нь сайн хэрэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Спикер гэдэг хүн улс төрийн намаасаа түдгэлздэг жишигтэй. Энэ албыг аль нэг намын дарга хашиж болдоггүй. Олон ургалч үзэлтэй парламентыг аль нэг намын дарга удирдана гэдэг нь өөрөө Үндсэн хуулийн гажиг. Энэ алдааг бид засах ёстой. Цаашид УИХ-ын дарга парламентат ёсоо хамгаалаад зогсдог, ашиг сонирхлын зөрчилгүй этгээд байх ёстой юм байна” хэмээн саяхан дуугарна лээ. Ардчиллын үнэт зүйл болсон олон ургалч үзэл, парламентын гишүүдийн тэгш эрхийн зарчмыг Үндсэн хуульд тодорхой заасан байтал энэхүү үзэл баримтлалыг УИХ-ын тухай болон бусад холбогдох хуульдаа тусган хэрэгжүүлэх нь үе үеийн гишүүдийн үүрэг. Гэтэл улс төрийн нөлөө, ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө парламентат ёсыг зориуд гажуудуулан, олонх нь спикерээ өөрсдөө шууд дотроосоо нэр дэвшүүлээд л гишүүдээр гар өргүүлэн ёслуулдаг болгосон.
Одооноос харин АН-ынхан энэ талын эрх зүйн шинэчлэлийг хийе гээд зоригтойгоор улс төрийн манлайлал гаргаж байгаа нь сайн хэрэг. Наанадаж, УИХ-ын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйл дэх “олонх”-той холбоотой заалтуудыг өөрчлөхийн төлөө бусад нь ч нэгдэх ёстой юм. Нэгэнт дорвитой өөрчлөлт хийх бол УИХ-ын даргыг дөрвөн жилээр тэр сэнтийд “хадах” биш, нэг нэг жилээр сонгож ажиллуулдаг, эсвэл бүр хавар, намрын чуулганы хугацаагаар ээлжилдэг буюу тухайн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд нийт найман спикертэй байх зохицуулалтыг давхар хийгээсэй гэж хүсье.
УИХ-д сөрөг хүчний оролцоо суларч, хяналт, тэнцвэр алдагдсанаар “олонхын дарангуйлал”-д хүргэх эрсдэлтэй гэдэг. Спикер гэдэг “толгойтныг бөхийлгөж, тойгтныг мөлхүүлдэг” өндөр дээд алба, эрх мэдэл, сүр хүч гэдэг ойлголтыг ч халцгаая. Үүний тулд нэгдүгээрт, УИХ-ын даргыг олонхоос бус, парламентын гишүүдээс нэр дэвшүүлэх гэдэг Үндсэн хуулийн суурь зарчмаа парламентын холбогдолтой бусад хуульдаа тусган хэрэгжүүлье. Хоёрдугаарт, спикерийг намын харьяаллаас ангид байлгах хязгаарлалтуудыг холбогдох хуулиудад тодорхой хийж өгье. Аль нэг намын эрх ашгийн төлөө бус, парламентын институцийн дэг журмаар ажиллах улс төрийн соёл, хандлага төлөвшөөд эхэлбэл өнөөх гишүүд чинь спикер гэдэг ямбаны албан тушаал биш, “ялны нэмэр” эд байна гээд ум хумгүй зугтаах вий.
Л.Аргамжин