Татвар төлөгчдийн халааснаас суйлж, 30 орчим тэрбум төгрөгөөр “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” хэмээх цаасан дээрх төслийг “хэрэгжүүлж” тоглосон гашуун сургамж монголчуудад бий. 15 жилийн өмнөх явдал хэдий ч үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-уудын өнөөгийн нөхцөл байдал, дүр төрхөөс харахад энэ түүх давтахгүй гэх баталгаа алга. “Сайншанд”-тай нас чацуу “Эмээлт” үйлдвэрлэл, технологийн парк гэхэд л өнгөрсөн хугацаанд нэрээ л хэд сольсноос бусдаар ахисан өөрчлөлт огт гарсангүй. Шинээр яригдаж буй “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн тухайд гэхэд л төсөвт өртөг нь тэнгэрт тулж, 735 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байна билээ. Энэ мэтээр Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, экспортын шинэ бүтээгдэхүүн бий болгох зо¬рилгоор хүнд болон хөнгөн үйлдвэрийн чиглэлийн ҮТП байгуулах тухай 2010 оноос идэвхтэй ярьж эхэлсэн ч бодлого нь тогтворгүй, дэд бүтэц нь хангалтгүй, санхүүжилт, хөрөнгө оруулалтын тогтолцоо нь ойлгомжгүй, хот төлөвлөлт, хүний нөөцтэйгөө уялдаагүй зэргээс үүдэн бүтээн байгуулалт туйлын удаашралтай, үйлдвэрлэлүүд жигдрэхгүй өнөөг хүрэв.
Энүүхэн Дархан-Уул аймагт 2016 оноос хойш л ҮТП “байгуулж” тоглосон, 2020 онд Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зорилтыг биелүүлэх, тодорхойгүй хугацаагаар төс¬лийг зогсонги байдалд оруулахаас сэргийлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийг мөн байгуулсан ч тусыг эс олсон. Иймд Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалтыг батлахдаа “Эрдэнэс ҮТП” ХХК-д харьяалагдах “Тавантолгой” ҮТП-ийн Кокс-Эрчим хүчний цогцолбор, “Эрдэнэт” ҮТП-ийн Зэс боловсруулах цогцолбор, “Дархан” ҮТП-ийн Гангийн цогцолбор, “Хөтөл” ҮТП, “Багануур” ҮТП-ийн Нүүрс-химийн цогцолбор, “Бор-Өндөр” ҮТП-ийн Төмрийн хүдрийн хорголж, жоншны баяжмал боловсруулах цогцолбор зэрэг төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн паркуудыг багтаасан байгаа. Гэвч арьс, ширний цогцолборынх нь сураг тасарсанд бухимдалтай байсан дар¬ханчууд одоо 560 гаруй тэрбумын төсөвт өртөгтэй гангийн үйлдвэрлэлийн төсөлд ч итгэл муутайхан, таагүй хандаж байгаа нь саяхан ИТХ-аараа хэлэлцсэн Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолборын үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих тухай асуудлын үеэрх уур амьсгалаас тод харагдана лээ.
Парк, тэр дундаа технологийн парк гэж юу болохыг ч нарийн таньж мэдээгүй хэрнээ “хүнд, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр паркуудыг хөгжүүлнэ” гэсэн ганц уриатай ханцуй шамлаад орчихсон нь олон жишээнээс харагддаг. Технологийн парк гэдэг бол нөөцөд суурилсан үйлдвэрлэл, судалгаа, инновац, бизнесийн дэд бүтэц болохоос гадна татвар, гааль болон хөрөнгө оруулалтын зохицуулалт, урамшуулал хийгээд тээвэр, ложистик, байгальд ээлтэй ус, дулаан, эрчим хүчний шийдэл зэрэг олон талт үйл ажиллагаа юм.
Монгол Улсад өнгөрсөн 20 жилийн хугацаанд ашигт малтмал боловсруулах, баяжуулах нийт 67 үйлдвэр ашиглалтад орсны 75 хувь нь буюу 50 үйлдвэр өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоожээ. Учир нь боловсруулах үйлдвэрийг дэмжих худалдааны болон татварын зохицуулалт хангалтгүй учраас энэ салбар хөгжиж чадахгүй өнөөдрийг хүрсэн гэдэг. “Хөрөнгө оруулагч нар Хятадад үйлдвэрээ бариад Монголоос түүхий эдээ хямд өртгөөр аваад тэндээ боловсруулах уу, эсвэл Монголд боловсруулаад урагшаа экспортлох уу, аль нь илүү ашигтай байна вэ гэдгээ л мэдээж хамгийн түрүүнд тооцно. Түүнээс Хятадыг илүү аж үйлдвэржүүлье, Монголыг түүхий эдийн бааз байлгая гэдэг бодлого байхгүй. Жишээлбэл, манайд ашигт малтмалыг боловсруулаад үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнээс олон улсын эцсийн хэрэглэгчид очих биржийн үнээр тооцож АМНАТ ногдуулж байгаа нь үндсэндээ ихэнх үйлдвэрийг хаалгаа барихад хүргэсэн” хэмээн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр ярьсан юм. Төр нэг гараараа ҮТП-уудыг дэмжих бодлого шийдвэр гаргах хэрнээ нөгөө гараараа түлхэж унагаад байдгийн бэлээхэн жишээ нь энэ.
Улс орнууд 100-200 км-ын радиус доторх төрөл бүрийн нөөцүүдийг нэг дор харилцан уялдаатай байдлаар төлөвлөн, бодлогоо боловсруулж, тэндээ бизнесүүдийг нэг дор төвлөрүүлэхийн тулд хатуу, зөөлөн дэд бүтцүүдийг нь сайн нөхцөлтэйгөөр шийдэж өгөх зарчмаар аж үйлдвэрийн салбаруудаа хөгжүүлж байна. Энэ дагуу Монгол Улс Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны долоодугаар сарын 5-нд баталсан. Уг эрх зүйн шинэчлэлээр бий болсон нэг чухал зүйл нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүд юм. Жишээ нь, тухайн паркт үйл ажиллагаа явуулах үйлдвэрлэл эрхлэгчийн гаалийн болон НӨАТ-ыг дөрвөн жил хойшлуулах, газрын төлбөрөөс 10 жилийн хугацаанд бүрэн чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн татварыг эхний таван жилд авахгүй байх зэргийг тусгаж өгсөн. Энэ дагуу орон нутгийн өмчит “Алтанширээ” ҮТП гэхэд гаалийн татвараас 39 тэрбумыг чөлөөлүүлэх бол НӨАТ-аас 81.9 тэрбум төгрөгийн төлбөрийг хойшлуулан төлөхөөр төлөвлөгдсөн байна. Тус паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 6.3 мВт-ын цахилгаан станц, 12 км төмөр зам, 9.4 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг бүрэн барьж, усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус паркад нүүрс баяжуулах, эрчим хүчний кокс, төмрийн хүдрийн нойтон соронзон баяжуулах, төмрийн хорголжин болон ширмийн таван цогцолбор үйлдвэр баригдаж буй. “Гэрэлтговь” ҮТП-ийн хувьд харин газар, үл хөдлөх хөрөнгийн татвараас гадна 13.3 тэрбумын гаалийн татварыг нь чөлөөлж, 28 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг 2030 он хүртэл хойшлуулсан байна.
Түүнчлэн олон улсын жишгийн дагуу паркийн удирдлагын компани гэдэг бүтцийг албан ёсоор хуульчилж өгчээ. Ингэснээр нөөц болон зах зээлийн хүчин чадалд тулгуурласан шинжлэх ухаанч хөгжлийн төлөвлөгөө боловсруулахаас эхлээд газар зохион байгуулалт, тээвэр ложистик, дэд бүтэц, барилгажилтын нарийвчилсан төлөвлөлт, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний оновчтой зохион байгуулалт хийх, энэ дагуу төслийн бүтээн байгуулалт өрнүүлэх, технологи, инновац хөгжүүлэх, нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, төсөл сонгон шалгаруулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх ажлуудыг паркийн удирдлагын компани хийхээр болсон нь дэвшил гэдгийг Монголын үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал О.Өлзийбаатар хэлэв. Гэвч уг хуулийг дахин шинэчилж, сайжруулах шаардлага байгаа бөгөөд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тухайд ч эргэж харах зүйл бишгүй бий гэсэн.
Гэнэт нэг шөнө зүүдэнд нь орсон аятай, энд ч тийм парк байгуулна, тэнд ч ийм аж үйлдвэрийн цогцолбор барина гэж сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргаад байх бус, эхлээд тухайн байршилд хүн амын болон байгалийн нөөц, эрчим хүчний хүчин чадал ямар билээ, усны эх үүсвэр, бохирын систем, тээврийн сүлжээ нь боломжтой, эсэхийг сайтар судалж, төлөвлөх шаардлагатай гэнэ. Үүний дараа хөрөнгө оруулалтаа хэрхэх билээ, зөвхөн төрөөс шийдээд явах боломж хомс учраас хувийн хөрөнгө оруулагчдын оролцоог боди¬тоор татах, үүний тулд татварын тогтвортой орчин, газар ашиглах урт хугацааны баталгаа, тодорхой эрсдэлийн хуваарилалт зэрэг механизмыг ашиглахыг зөвлөдөг байна.
Амь ордоггүй аж үйлдвэрийн паркуудыг өсгөн бойжуулж, бодитоор нь хөгжүүлэхийн тулд үндэсний хэмжээний кластрын загварыг нэвтрүүлэх нь хамгийн чухалд тооцогддог аж. Салбар дундын уялдааг сайтар хангасан түүхий эд-үйлдвэрлэл-экспортын сүлжээг бий болгохгүйгээр ҮТП гэж дахиад хэчнээн жил яриад ч, тэрбум тэрбумаар нь дэд бүтцэд цутгаад ч амьдралд бодитоор биеллээ олохгүйг салбарынхан ойлгоод эхнээсээ саналуудаа нэгтгэн, тогтвортой хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө гаргаж буй гэнэ. “Эрдэнэт” ҮТП-ийн дэд бүтцийн ажил ирэх оны дөрөвдүгээр улирал гэхэд бүрэн дуусна, араас нь “Хөтөл”-ийн өндөр технологийн шохойн үйлдвэр, “Дархан”, “Бор-Өндөр”-ийн төмрийн нойтон баяжуулах, хорголжийн, жоншны баяжуулах үйлдвэр, “Багануур”-ын нүүрс-химийн үйлдвэрүүд баригдаж эхэлнэ гээд цаасан дээр төлөвлөсөн ажил бол бидэнд хангалттай их. Гэхдээ паркуудыг зөвхөн “барилга” биш, хүний хөгжил, инновац, үйлдвэрлэл, ложистикийн цогц экосистем гэдгийг ойлгодог, бодлогоо тогтвортой болгосон цагт л Монголын аж үйлдвэрлэлийн шинэ үе бодит утгаараа хэрэгжих боломжтой.
Л.Аргамжин