Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2024 оны эцсийн байдлаар 13, нийт арилжааны дүн 10.5 их наяд төгрөгт хүрчээ. Зөвхөн үнэт цаасны арилжаа гэхэд 1.5 их наяд төгрөг болсон нь жилийн хугацаанд хоёр, 2020 оныхтай харьцуулахад 24.2 дахин өссөн дүн юм. Хөрөнгийн зах зээл ийнхүү эрчимтэй тэлж буй нь санхүүгийн салбарын олон тулгуурыг бий болгон, хөрөнгө оруулагчдын тоог өсгөн, эдийн засагт эергээр нөлөөлж байна хэмээн ойлгогдоно. Гэтэл үнэн хэрэгтээ манай улсын санхүүгийн салбарын 90 хувийг банк эзэлж, нийт хадгаламжийн хэмжээ 30 их наяд төгрөгөөс давсан буюу хөрөнгийн зах зээлийн үнэлгээнээс бараг гурав дахин их хэвээр байна.
Түүнчлэн томоохон зарим компани засаглалын хэлбэрээ өөрчилж, хувьцаат компаниас хязгаарлагдмал хариуцлагатай болох хүсэлтээ ирүүлсэн. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчиж, хөрөнгийн зах зээлийн итгэлцэл болон хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж байна уу гэсэн асуулт гарна. Энэ талаар буюу хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл, үйл явдал, хэрхэн илүү хөгжих тухайд мэргэжлийн байгууллага, эдийн засагчид болон иргэдийн санал, сэтгэгдлийг сонирхлоо.
Хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт, компаниудад хөрөнгө оруулах боломж, хувьцааны арилжаанд оролцдог, эсэхийг 10 хүнээс асуусны долоо нь “Ямар ч ойлголт алга, мэдэхгүй” гэв. Харин Баянзүрх дүүргийн иргэн Б.Гансэлэм “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлээд 10 гаруй жил болсон. Манай дөрвөн ам бүл нийт 3000 гаруй хувьцаатай. 1017 хувьцааг тухайн үедээ 100 сая төгрөгийн үнэлгээтэй гэж байсан. Гэтэл энэ хугацаанд бид нийлээд сая хүрэхгүй төгрөгийн л ногдол ашиг авсан. Хувьцаа гэхээр “үхмэл 1072”оос өөр ойлголт байхгүй” хэмээв. Санхүүч мэргэжилтэй Б.Тунгалаг “Би Голомт банкны хувьцаатай. Тухайн үед нэг бүрийг нь 1285 төгрөгөөр, 10 000 гаруй ширхгийг худалдаж авсан. Уг нь ногдол ашиг хүртэж, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлнэ гэж бодсон ч олигтой ашиг ч хүртэхгүй явсаар өдгөө нэгж хувьцааных нь үнэ 1100 орчим төгрөг болж буурсан. Хөрөнгийн зах зээлийн өгөөж, хувьцааныхаа ногдол ашгийг хүрттэл удах нь. Ер нь хувьцаа аваад ашигтай юу, шал дэмий мөнгөө үрсэн юм шиг байна” гэлээ. “Говь” компанийн нэгэн ажилчин “Бид хувьцаанаасаа цөөн тоогоор эзэмшдэг. Гэтэл өнгөрсөн зун нэгж хувьцаагаа 100 000 төгрөгөөр компанидаа борлуул. Манайх хязгаарлагдмал хариуцлагатай болох учраас эртхэн хувьцаагаа зарвал зүгээр. Компани ашиггүй ажиллаад байгаа тул цаашид ч хувьцааны ногдол ашиг тарааж, та нарт өгөөж хүртээж чадахгүй гэсэн. Шийдэж чадаагүй байтал хязгаарлагдмал хариуцлагатай болох, эсэх асуудал хойшилсон” хэмээн ярив.
Хөрөнгийн зах зээл өсөж, тоон үзүүлэлт нь сайжирч байгаа ч иргэдийн ойлголт, оролцоо, хувьцааны арилжаа иймэрхүү л байна. Санхүүгийн боловсрол өндөр, зах зээлийн мэдрэмжтэй, шаардлагатай үед хөрөнгө оруулалт хийж, өгөөж хүртэж чаддаг хүмүүс байдаг ч бодит байдалд хөрөнгийн зах зээл биднээс “алс”, ойлгомжгүй, итгэлгүй санагддаг нь нууц биш. Түүнчлэн системийн таван банкны хувьцааг олон нийтэд санал болгож, хөрөнгийн зах зээлийн хөгжилд ахиц гаргаж, иргэдийн орлогыг солонгоруулна гэсэн нь ч одоогоор эерэг үр дүн харагдахгүй, үнэт цаасных нь ханш унасан байгаа юм. Тэгвэл энэ тухай мэргэжилтнүүд юу хэлэв.
Г.ЭНХБАТ (Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга):

-Хөрөнгийн зах зээлийг тэлэхийн тулд гурван чиглэлд зэрэг ажиллах шаардлагатай. Нэгдүгээрт, татварын урамшуулал болон тэтгэврийн хуримтлалаар дамжуулсан урт хугацааны хөрөнгө оруулалтын сувгийг бий болгох. Хоёрдугаарт, мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал, хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулж, иргэд утсаараа шууд хөрөнгө оруулдаг дижитал орчныг бүрдүүлэх нь чухал. Дараагаар нь санхүүгийн боловсрол олгон, “Хуримтлал+хөрөнгө оруулалт” гэсэн ойлголтыг хүүхэд бүрд төлөвшүүлэх нь чухал. Томоохон банкуудын үнэт цаасны ханш унаж байгаа нь зах зээлийн хүү өндөр, хөрвөх чадвар бага, эдийн засгийн тодорхойгүй байдалтай холбоотой. Зарим том компани хувьцаат хэлбэрээсээ татгалзаж, хязгаарлагдмал хариуцлагатай болох хандлага нь тайлагналын шаардлагаас зайлсхийх, үнэт цаасаа “дэндүү хямд үнэлүүллээ” гэж үзэх, цөөн хүний эрх мэдлээ төвлөрүүлэх сонирхолтой холбоотой. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, хөрөнгийн зах зээлийн хэмжээ, чанар, гадаад, дотоод хөрөнгө оруулалтын итгэлд сэв суулгаж буй хэрэг. Жижиг хувьцаа эзэмшигчийн хувьд хөрөнгийн үнэ цэн буурах, хувьцаагаа бэлэн мөнгө болгох боломж хумигдах, компани зах зээлээс гарах үед эрх нь зөрчигдөх эрсдэл үүсдэг. Тиймээс зах зээлийн төлөвшил, жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах бодлого нэн чухал хэвээр байна. Нэмж хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг бодлогын түвшинд дэмжиж, таатай орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Б.ӨЛЗИЙБАЯР (“Өлзий энд Ко капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал):

-Хөрөнгийн зах зээлийн хөгжил бол улсын эдийн засгийн толь, тусгал. Өндөр хөгжилтэй, хөрөнгө оруулалтын таатай орчинтой улс орнуудын хөрөнгийн зах зээл хөгжингүй, иргэддээ ойлгомжтой, дунд, урт хугацаандаа ашигтай байдаг. Манай улсын хувьд эдийн засагтай холбоотойгоор хөрөнгийн зах зээлийн хөгжил удаан, итгэлцэл муу байна. Томоохон банкуудын хувьцааны ханш унаж байгаа нь ч эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой. Мөн хөрөнгийн зах зээлд томоохон хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын мэргэжлийн сангууд, гадаадын хөрөнгө оруулагчид бараг байхгүй. 2012 онд уг зах зээлийн хөрөнгө оруулагчдын 90 хувь нь гадаадынхан байсан бол өдгөө эсрэгээрээ 10 хувь хүрэхтэй, үгүйтэй л болсон. Үүнд улс төрийн нөхцөл байдал, шийдвэр гаргах түвшнийхний удаан, хойрго ажиллагаа, тогтворгүй бодлого л нөлөөлөөд байгаа хэрэг. Нийгмийн даатгалын болон тэтгэврийн санг хөрөнгө оруулалтынх болгоно хэмээн яриад олон жил өнгөрсөн ч ажил хэрэг болсонгүй. Түүнчлэн Монголын хөрөнгийн бирж, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, үнэт цаасны клиренгийн төв зэрэг хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц бүхэлдээ төрийн мэдэлд байна. Тиймээс удаан ажиллаж, өөрчлөлт шинэчлэлт дорвитой хийхгүй нь. Ерөөсөө брокерын компаниудын аж¬лын шимтгэлээр амьдардаг учраас зах зээл хурдацтай урагшилж, иргэдэд өгөөжөө өгөхгүй байна. Зарим компани хөрөнгийн биржээс татан буугдаж байдаг нь тийм ч буруу зүйл биш. Хөрөнгийн бирж “цэвэрлэгээ” хийж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, сайн бүтээгдэхүүн санал болгох зорилгоор заримыг нь татан буулгадаг. “Говь” компанийн хувьд өр төлбөр болон ашигт ажиллагааны асуудлаасаа болж хязгаарлагдмал хариуцлагатай болох, эсэх нь хойшилсон. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо зөв ажиллаж газар дээрх хяналтыг сайн хийсэн. CU-гийн хувьд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах зорилгоор хуулийн дагуу хувьцаагаа эргүүлэн худалдан авах санал тавьсан нь зөв. Ингэснээр хувьцааны ханш нь тавин хувиар өсчихөөд байна.
Л.ЭРХЭМБАЯР (“Түмэн шувуут” компанийн захирал):

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд жилд 18-20 хувийн өгөөжтэй бонд маш ихээр гарч, хөрөнгө оруулагчид бонд руу мөнгөө хийсэн. Одоогоор ямар ч компани 20 хувийн өгөөжтэй ногдол ашиг тарааж чадахгүй шүү дээ. Хэрэв бонд найдваргүй хөрөнгө оруулалт байвал удахгүй моодноос гарч, санхүүгийн өөр хэрэгслийг иргэд сонирхох байх. Мөн иргэдийн итгэл үнэмшлийг хангахуйц засаглал-тай компани олноор бий болохгүй, том хувьцаа эзэмшигчдийн ёс зүй жижиг хувьцаа эзэмшигчдийн тавьж буй шаардлагад хүрэхгүй байна. Үүнээс гадна манай улсын ихэнх компани тоног төхөөрөмжийн шинэчлэл, өргөтгөл хийхээс өөр аргагүй үе ирсэн. Ногдол ашиг тараахаас илүүтэйгээр хөрөнгө оруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор зээл авах, эргэн төлөх үйл явц ойрын жилүүдэд үргэлжилнэ. Мөн их хувьчлалаас хойших жилүүдэд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хохироосон шарх сорви нь аниагүй, хүмүүс хөрөнгийн зах зээлд итгэх итгэл сэргээгүй хэвээр байна. Хамтдаа хөгжих ёстойг хаана, хаанаа ойлгодог, сайн засаглалтай компани бий болох сэтгэлгээг төлөвшүүлэхэд ихээхэн цаг хугацаа орох төлөвтэй.
А.БАТПҮРЭВ (Санхүүгийн шинжээч, эдийн засагч):

-Манай эдийн засаг цөөн хэдэн банк, тэдгээрийн эздийн хяналтад байдаг нь нууц биш. Ийм гажуудал олон арван жилийн өмнө хөгжингүй орнуудад ч байсан юм билээ. Үүнийгээ засахаар олон алхам хийсний нэг нь арилжааны буюу хадгаламж татан төвлөрүүлж зээл олгодог банк, хөрөнгө оруулалтын сан гэж санхүүгийн бүтцийг задалж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн явдал. Хөрөнгийн зах зээлийн тоон өсөлтөөс гадна итгэлцлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэх нь бидний өмнө тулгамдаж буй сорилт хэвээр байна. Хөрөнгийн зах зээл нь зөвхөн үнэт цаасны арилжааны платформ бус, макро эдийн засгийн хөгжилд жинтэй нөлөөтэй санхүүжилтийн томоохон суваг юм. Тиймээс наад зах нь төрөөс хэрэгжүүлдэг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрүүдийг банкаас гадна хөрөнгийн зах зээлээр дамжуулбал хөгжих алхам болно. Банк давамгайлсан санхүүгийн салбарыг олон тулгуурт, эрсдэл даах чадвартай болгоход үнэт цаасны зах зээлийн оролцоо, нөлөө их гэдгийг мэргэжилтнүүд, судлаачид үргэлж ярьдаг. Даанч авч хэрэгжүүлж буй ажил цөөн, үр дүн бага байна. Хөрөнгийн биржийн дэд бүтцийг сайжруулах, багтаамжийг өсгөх, ялангуяа гадаад хөрөнгө оруулагчдын орол-цоог нэмэгдүүлэх, тэдэнд чиглэсэн нээлттэй, тогтвортой бодлогыг үргэлж хэрэгжүүлж, сурталчилж байх учиртай.
Эндээс харахад, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаа өргөжин, зах зээлийнх нь үнэлгээ болон арилжааны дүн өсөж, холбогдох байгууллагууд нь ажиллаад байгаа ч жирийн иргэд, олон нийтийн ойлголт бага, хөрөнгө оруулалт хийх сонирхол, мэдлэг муу байна. Мөн уг зах зээлд том хөрөнгө оруулагчид, гадаадын компаниуд, хөрөнгө оруулалтын мэргэжлийн сангийн орон зай онгорхой, эдгээрийг “тоглоомонд татан оролцуулах” хөрөнгө босгох зайлшгүй шаардлагатай хэвээр байна.
С.Дулам