Монгол Улс нүүрсний арвин нөөцтэй бөгөөд энэ нь уул уурхайн гаралтай экспортын бүтээгдэхүүний гол баялаг, эдийн засгийн хөшүүрэг гэдгийг хүн бүр мэддэг. Гэтэл монголчууд байгаа баялгаа зүй зохистой ашиглаж, үр шимийг нь төдийлөн хүртэж чаддаггүй. Боловсруулаад түлж ч хүчрэхгүй, угаарын хийд хордож, олноороо амиа алдсаар. Ямар сайндаа нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг улс орны нэг байтлаа урд хөршөөсөө хагас коксон түлш худалдан авч, гал алдахгүй амь зуухдаа тулж байх вэ дээ. Өнгөрсөн тавдугаар сарын 16-нд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр Улаанбаатар хотод хагас коксон буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш хэрэглэх шийдвэр гаргасан юм.
Эрдэмтдийн танилцуулснаар туршилтаар хийсэн шахмал түлшин дэх нүүрстөрөг¬ чийн дутуу исэл буюу СО-ийн хүлцэх хэмжээ лабораторийн шинжилгээгээр 1.4 дахин их гарч, стандартын шаардлага хангахгүй байгааг дуулгасан. Үүнд үндэслэн шахмал түлшийг хагас коксоор солих, түүхий эдийг өөр эх үүсвэрээр орлуулах ажлыг эхлүүлсэн гэсэн үг.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд сайжруулсан шахмал түлшийг 2019 оноос хойш өнөөг хүртэл түлж буй. Гэтэл зургаан жилийн дараа дээрх дүгнэлтийг гаргасан нь хачирхалтай. Эл хугацаанд хэчнээн хүн угаартаж амь, эрүүл мэндээрээ хохиров. Харин энэ нь ердөө “алдаа” байсан мэтээр нийслэлийн удирдлага, мэргэжилтнүүд ярьж, одоо жинхнээсээ утаа бууруулдаг түлш оруулж ирсэн хэмээх нь холгүй байна. Нэг ёсондоо эрх мэдлийг хотын даргын гарт шилжүүлснээр Хятадаас 306 мянган тонн хагас коксон түлш нийлүүлэх эхлэл тавигдсан. Тодруулбал, өнгөрсөн сарын 9-нд гэр хорооллын айлууд шинэ түлштэйгээ “танилцсан” юм. Хэрэглэгчдэд хэдийн танил, бүр дотно санагдах болсон сайжруулсан шахмал түлшний зэрэгцээ хагас коксон түлш борлуулж эхэлсэн билээ. “Тавантолгой түлш” компанийн үйлдвэр өчигдрийн байдлаар нийт 29 000 орчим тонн түлшний нөөцтэй байв. Үүний 984.5 тн нь шахмал түлш, 27 600 тн нь хагас кокс аж.
Эргэн сануулахад, одоогоос хоёр жилийн өмнө нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган өрхийн галлагаанд хагас коксон нүүрсийг 45 хоногийн хугацаанд туршилтаар нийлүүлж, утаа ялгаралт, илч, дулаан хадгалах чанарыг судалсан. Түлшний түүхий эд болох кокс, асаагчийг БНХАУ-аас 177.5 тэрбум төгрөгөөр худалдан авсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурджээ. Тэгвэл тэрхүү туршилтыг өдгөө бодитоор хэрэгжүүлж эхлээд байна. Айл өрхүүд хагас коксон шахмал түлш хэрэглээд сар гаруйн хугацаа өнгөрч буй. Ирэх сарын 1-нээс зөвхөн коксон шахмал түлш түлүүлнэ хэмээн нийслэлээс мэдэгдсэн юм.
220 ГАРУЙ ТЭРБУМААР АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ УУ
Өвлийн цагт агаарын бохирдол монголчуудын толгойны өвчин болдог. Хүйтний улиралтай зэрэгцэн утаа, угаар иргэдийг туйлдуулж, өвчлөлийн эх үндэс болсоор байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд манай улс өнгөрсөн хугацаанд өчнөөн их наядаар тоологдох хөрөнгө зарцуулсан ч өдгөө бахь байдгаараа нүүрсээ түлж, пийшингээ сольсон хэвээрээ. Яндангийн тоог бууруулахад биш, солиход анхаарсаар хэдэн тэрбум төгрөгийг салхинд хийсгэв ээ. Одоо ч мөн л сайжруулсан түлшийг коксоор сольж, пийшинг нь дахиад л өөрчлөхөөр зэхэж байна. Нийслэлийн хороодод “Нүүдэлчин” хэмээх зуух тараасан бөгөөд зорилтот бүлгийн хү¬ мүүст өгөх гэнэ. Цахим орчинд “дүлий” хэмээн алдаршсан өнөөх зуух. Зарим айл уг зуухыг “халахгүй байна” гээд хашаандаа гаргаад тавьчихсан гэдэг. Эл зуух хагас коксон түлшинд тохирох, эсэх судалгаа, мэдээлэл ч алга.
Манай улс энэ өвөл БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306 мянган тонн хагас коксон түлшийг 226 тэрбумаар авахаар болсныг хотын дарга мэдээлсэн. Ийм өндөр өртгөөр өөр нүүрс худалдан авах хэрэгцээ, шаардлага бий юү гэх асуулт урган гарах нь зүй ёсны хэрэг. Түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмд нэрж боловсруулан, цэвэршүүлдэг, хорт бодисыг нь салгадаг нүүрс химийн үйлдвэр байхгүй учраас арга буюу ийм шийдвэр гаргасан хэмээн тэрбээр тайлбарладаг. Харин түүхий эд нь байвал ийм түлш үйлдвэрлэх технологийн процесс нь шахмал түлшнийхтэй ижил учир “Тавантолгой түлш” компанийнхыг дайчлах боломжтой гэнэ. Жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгөөр алс холоос түлш зөөвөрлөхийн оронд эх орондоо үйлдвэр барьж, ашиг тусыг хүртэх нь илүү ухаалаг шийдвэр хэмээн салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд үзэж буй. Тухайлбал, ШУАийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Ж.Нарангэрэл “Түүхий нүүрсийг үйлдвэрийн нөхцөлд дулааны задралд оруулаад хагас коксон нүүрс болгохдоо хорт бодисыг нь ялгаж авдаг. Ингэж ялгасан хагас коксыг ахуйн болон үйлдвэрлэлийн зууханд шатаахад хорт бодис ялгарахгүй. Хагас кокс бол хатуу түлш дотроо хамгийн цэвэр нь” хэмээсэн. Мөн тус хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан “Сайжруулсан шахмал түлшинд шилжээд агаарын чанар харьцангуй сайжирсан боловч бохирдол хүссэн хэмжээнд хүртэл буураагүй. Тиймээс агаарт хорт хий ялгаруулдаг бодисыг ялгасан хагас коксоор түлш хийвэл тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өмнө нь ч гэсэн судлаачид хагас коксон түлшийг хэрэглэх зөвлөмжүүдийг хэлдэг байлаа. Энэ түлшийг өнөө өвөл түлж буй нь бидний хувьд дэвшил болж байна. Хятад улсын туршлагад үндэслээд хэлэхэд ганц нүүрсийг хөгжүүлэхээс гадна зуухаа бас сайжруулсан байна. Зуухны технологи чухал гэдэгт анхаарах нь зөв байх. Одоо Монгол Улс хамгийн түрүүнд хагас коксын үйлдвэртэй болох хэрэгтэй” гэв.
ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ Ч ӨӨР СОНГОЛТ ҮГҮЙ
Хотын дарга Х.Нямбаатар 2026 онд хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн ч энэ жилийн тухайд агаарын бохирдол багатай, эрсдэлгүй өвөлжихийн тулд уг түлшийг БНХАУ-аас импортолсон хэмээн тайлбарлаж буй. Өнгөрсөн жилүүдэд нийслэлчүүд 500 мянга орчим тонн нүүрсээр өвөлждөг байсан бол одоо 350 мянгаар өвлийг давах гэнэ. Хагас кокс нь сайжруулсан түлшнээс илүү илчлэгтэй тул дулаанаа удаан хадгалж, иргэд өмнөхөөсөө бага түлш хэрэглэнэ гэж тооцсон аж. Гэтэл хагас коксон түлш нь тийм ч илчлэгтэй биш, “дүлий” байгааг иргэд шүүмжилж буй. Тиймээс хэрэглээний хувьд хэмнэлттэй байж чадахгүй буй тул хагас коксын хомсдол байсхийгээд л үүсэх болж. Хэрэв дотооддоо үйлдвэрлэдэг болчихвол эдийн засаг, хүртээмжийн хувьд ч ашигтай. Ийм үйлдвэр барих нь өртөг зардал өндөртэй ч Багануурын хүрэн нүүрсний уурхайг түшиглэн хагас коксон химийн үйлдвэр байгуулахаа Засгийн газар мэдэгдсэн. Тэгвэл үйлдвэр барих шаардлагагүй хэмээн байр сууриа зарим нь илэр¬хийлж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал үүнийг эрс эсэргүүцэж буй. Тэрбээр “Хагас коксын үйлдвэр барихад хэдэн зуун сая ам.доллар шаардлагатай. Нэмээд химийн үйлдвэр барих шаардлага үүснэ. Өртөг нь бүр тэрбум ам.доллароор яригдана. Тэгэхээр том үйлдвэр барих хэрэггүй. Харин Багануурын уурхайг түшиглээд хийн түлш үйлдвэрлэж, ахуйдаа, шатахуун гаргаад автомашиндаа хэрэглэж болно” гэв. Хагас кокос үйлдвэрлэхэд гарах давирхайг химийн бүтээгдэхүүн болгох дамжлага хэрэгтэй болох нь. Мөн Монгол Улс асар их нүүрсний нөөцтэй ч урд хөршөөсөө хамааралтай болчихлоо. Гадаадын хамааралтай байх нь ямар хэцүү болохыг бид мэднэ. Үүний оронд гэр, байшинг нь дулаалах, орон сууцжуулахад анхаарах нь зүйтэй гэж үзэх хүн цөөнгүй. Гэвч одоогийн нөхцөлд хагас коксын үйлдвэр яаралтай барих нь хамгийн зөв гарц гэдэгт олон хүн санал нэгдээд буй.
Засгийн газрын есдүгээр сарын 2-ны ээлжит хуралдаанаар хагас коксын үйлдвэр байгуулах асуудлыг хотын захирагчид үүрэгдсэнийг дахин сануулъя. Нийслэлийн зүгээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу хагас коксон түлшний үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөж, төслийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Хагас коксон түлшний үйлдвэр барих тендерийг аравдугаар сард зарлана гэсэн боловч чимээгүй л байна. Одоогоор нүүрс-хими цогцолбор буюу хагас коксон түлшний үйлдвэр барих төслийн газрын зөвшөөрөл, ТЭЗҮ, технологийн судалгааг хийсэн бөгөөд тендер зарлахаар бэлтгэл ажлаа базааж буйг нийслэлээс мэдээлсэн юм.
Гэхдээ иргэдийн амины үнэтэй “шалгалт”-д энэхүү түлш тэнцэх, үгүй нь эхний асуудал. Үүний дараа л Монголд хагас коксон түлшний үйлдвэр барих ажил утгаараа биеллээ олох биз.
Ч.Цэлмэг