Гудамжаар “хэсүүчлэнгээ” тааралдсан нохойгоо хүртэл зандарч, ажил хийж буйгаа нотлох гэж хичээхдээ үргэлж “фактлах” даргынхаа тарьсан балгийг “баллуурдах”, түү
нийг өөгүй, “хөөрхөн” харагдуулах, хир халдаахгүй гэсэндээ цээжээрээ хамгаалахыг хэвлэлийн төлөөлөгчийн үүрэг гэж ойлгодог болоод удлаа. Урьдчилан бэлдсэн асуулт, хариулттай нэг талын эх сурвалжийн мөлгөр тодруулга яриа, мэдээ шидчихээд түүнийгээ дамжуулахыг “тушаах”, цаашлаад редакцын нийтлэлийн бодлогод нөлөөлөх, сэтгүүлчийн юу бичих, үгүйг зааж, олон нийтийн мэдэх эрхийг зөрчин, хэвлэлийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдах явдал олширсон нь нууц биш юм.
Аливаа байгууллага бүр хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба, хэлтэстэй. Уг албанд ажиллагсдыг хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах мэргэжилтэн хэмээдэг. Энэхүү хэлтэс, нэгж нь хэвлэлийн бага хурал зохион байгуулах, тухайн албан тушаалтан, институтийн өдөр тутмын үйл ажиллагааны талаар, цаг үеийн шуурхай, үнэн бодит мэдээллээр иргэдийг хангах, сэтгүүлч, сурвалжлагчдыг тодорхой албан тушаалтан, эх сурвалжтай холбох “гүүр” болох зэрэг бүх сувгаар олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Тэр ч утгаараа хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл үнэ цэнтэй төдийгүй мэдээллийн анхдагч эх сурвалж болдгоороо онцлог. Түүнчлэн аливаа байгууллага үйл ажиллагаагаа сурталчлах, нууцад хамаарах асуудлаар мэдээлэл өгөхөөс татгалзахыг буруутгах аргагүй. Цомхон бүтцээр мэргэжлийн ёс зүйтэй ажиллаж, хэвлэл, мэдээллийн ажилтнуудтай ялгаварлалгүй харилцан, түргэн шуурхай, нээлттэй хамтран ажилладаг хэвлэлийн төлөөлөгчид ч бийг сануулах нь зөв. Гэсэн ч сайны хажуугаар саар буй.
1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” хэмээсэн. Гэтэл зарим төрийн байгууллага дэргэдээ мэргэжлийн редакцад баймгүй тоног төхөөрөмж, хүн хүчээр “зэвсэглэж”, тэрбум төгрөгөөр хэмжигдэх данхар төсөвтэй ажиллах болсон. Ингээд хэвлэлийн төлөөлөгч гэх нэртэй боловч төсвийн мөнгөөр даргаа магтаж, түүний пиарыг хариуцсан мэргэжлийн контент үйлдвэрлэгч үй олноороо “төрж” буй нь хэвлэлийн эрх чөлөөнд туйлын халтай. Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтнууд гол төлөв сэтгүүл зүйн салбарт ажиллаж байсан, сэтгүүлч мэргэжилтэй нэгэн байх нь олонтоо. Харин эл албан тушаалд очихоороо төрөл арилжиж, сэтгүүлчдийн ажлыг заах, заавардах нь хэрээс хэтэрч байх шиг. Тухайлбал, редакцын сэтгүүлчийг өрөөндөө дуудангуутаа “Манай даргын ярианаас үүнтэй холбоотой хэсгийг нь яагаад оруулаагүй вэ” гэж цензурдэх, “Эргээд хариу хэлье” гээд таг алга болж талийх тохиолдол ч бий. Үүгээр тогтохгүй “Сайдын яриа нийтлэгдэхээс өмнө бидэн рүү илгээж шалгуулна биз дээ”, “Манай даргаас ийм л зүйл асуугаарай”, “Чамд заавал мэдээлэл өгөх албагүй. Манай сайтад байгаа мэдээг хуулаад тавьчих”, “Даргатайгаа яриул даа”, “Энэ хэсгийг ингэж өөрчилмөөр байна. Гол нь энэ ажлыг онцолж бичээрэй”, “Энэ хү нээс л яриа аваарай. Өөр хүн хэрэггүй” гэхчлэн эх сурвалжийг хянах зэрэг дураараа, даналзсан хандлага гаргах нь цөөнгүй. Фэйсбүүкийн чат групп нээж, түүн рүү мэдээ дамжуулж, хувийн цахим хуудсаараа даргынхаа постыг түгээснээ олон нийттэй харилцах үүргээ биелүүлж буйн дайтай тоох нь ч бий. Тэрхүү бүлгээсээ сэтгүүлчдийг үзэмжээрээ хасаж, нэмдэг нь ч нууц биш. Даргаараа бодлогын асуудал бус, камерын өмнө зогсоож, “эмо” бодролыг нь яриулснаа мэдээлэл өгсөн хэмээн мэлзэж, татвар төлөгчдийн мөнгийг салаагаараа урсгаж байна.
Эхээс унахдаа л “дарга” гэж хэлд орсон мэт “задарсан” хэвлэлийн төлөөлөгчид энэ мэтчилэн редакцын нийтлэлийн бодлого зааж “томрох”, сэтгүүлчийн юу бичих, бичихгүйг хянах юм гэнэ. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага бол олон нийттэй харилцах алба, хэлтсүү дийн реклам, маркетинг хариуцсан үйлчилгээний газар биш. “Бид та нартай хамтарч ажиллаж байгаа учраас ингэж мэдээллэ” гэх нь ч асар бүдүүлэг хийгээд зохисгүй. Өөрөөр хэлбэл, хэвлэлийн төлөөлөгчдийн олон нийтийг үнэн бодит мэдээллээр хангах үндсэн чиг үү рэг нь редакцын юу бичих, эс бичих рүү ортлоо халтирч, даргадаа хир халдаахгүй, түүнийг үргэлж гоё харагдуулж, шүүмжилсэн мэдээ, нийтлэлийг ор мөргүй болгох нь тэдний хувьд чухал байгаа нь анхаарах гажуудал мөнөөс мөн. Ингэх тусам тэд албан тушаалтнуудыг улам бүр “вакумжуулж”, төрийн мэдээллийн нээлттэй байдлыг хумьж буйгаа ойлгохгүй байна. 2017 онд баталсан Төрийн албаны тухай хуулийн 7.1.6 дугаар зүйлд заасанчлан төрийн албаны үндсэн зарчмын нэг нь “Ил тод байх” хэмээсэн ч энэ нь зөвхөн цаасан дээр хэрэгждэг болоод удлаа. Түүнчлэн иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийн эрх зүйн үндсийг тогтоох, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, олон нийтийн хяналтыг бий болгоход чиглэсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль ч тунхгийн шинжтэй хэрэгжиж байна. Мэдээллийг нууцлах тусам хардлага, үл ойлголцол үүсдэгийг сануулахад илүүдэхгүй.
Манайд хэвлэлийн төлөөлөгч гэж хэн болох, угтаа ямар үүрэгтэй ажиллах талаар ойлголт хангалтгүй. Сэтгүүл зүйн онолын номуудад “Итгэл үнэмшил, нэр төр, ёс суртахууны дээдлэл нь нийгмийн харилцааны үнэт зүйл, эрхэм чанар юм. Худал төөрөгдүүлэлт, баримтын гуйвуулал, хэт сүржигнэл, магтаал нь үр нөлөө, үнэ цэнгүй мэдээлэл харилцааны үндэс болно” гэсэн бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Дагиймаа манай сонины 2023 оны тавдугаар сарын 2-ны өдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Төрийн байгууллагууд болон бусад газрын олон нийттэй харилцах алба маш хүчтэй боллоо. Хэвлэлийн албад нүсэр төсөв, бүтэц, эрх мэдэлтэй болсон нь сэтгүүл зүйн салбарыг маш төвөгтэй байдалд оруулчихлаа. Ийм алба мэдээж байж болно. Өмнө нь ч байсан. Харин одоо өмнөхөөсөө илүү, урьд хожид байгаагүй хүчтэй болоод байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санхүүгийн хувьд оршин тогтнохын тулд хамгийн түрүүнд олон нийттэй харилцах албаныхантай гэрээ байгуулдаг. “Splice media” олон улсын байгууллагаас манайд судалгаа хийгээд “Монголд хэвлэлийн эрх чөлөө байна. Гэхдээ чөлөөт хэвлэл алга” гэсэн нь нөхцөл байдлыг маш оновчтой тодорхойлсон дүгнэлт гэж боддог” хэмээснийг энд дурдъя. Тэгэхээр хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрынхан редакцуудтай үнэнийг дээдэлсэн, нээлттэй, харилцан ойлголцсон, тогтвортой харилцаа үүсгэн, эргэх холбоотой, үр ашигтай байдлаар хамтран ажиллах нь зүйтэйг үүнээс ойлгож болно.
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТАРХИ УГААСААР БАЙХ УУ
Хэвлэлийн алба, сайд, даргын пиар маркетинг өнөө үед хэр түвшинд буйг цөөн жишээгээр тайлбарлая. Өнөөгийн УИХ-ын гишүүн, ЗГХЭГын дарга С.Бямбацогт өнгөрсөн хавар “Бямбын урилга” гэх ярилцлагын “нэвтрүүлэг” хөтлөх болсноо зарласан юм. Тэрбээр “УИХ-ын гишүүдтэйгээ санал бодлоо солилцож, зааж зөвлөх зүйл байвал мэдлэг туршлагаа хуваалцан, тэдний бодож санаж, хийж төлөвлөж байгаа зүйлсийг та нартаа хүргэх зорилгоор “Бямбын урилга” контентыг эхлүүлж байна” хэмээсэн. Үүнд эрчим хүчний либералчлал сэдвээр УИХ-ын гишүүн С.Цэнгүүнтэй, Наурызын баярыг тохиолдуулан гишүүн Т.Аубакиртай, геополитикийн сэдвээр гишүүн Ч.Анартай, Гавьяат тамирчин, ОУХМ Б.Билгүүнтэй гэхчлэн ярилцжээ. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчээр үүний дараа хэд хэдэн гишүүн ийм “нэвтрүүлэг” цахим хуудсаараа цацаж, “тэнэглэсэн”. Уг нь УИХ-ын гишүүн төдийгүй ЗГХЭГ-ын даргын алба хашдаг түүнд хийх ажил мундахгүй баймаар юм. Гэтэл хөтлөгч, нэвтрүүлэгчийн ажил хийж, өөрийгөө сурталчилж явах нь хэр зохимжтой вэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны мэдээ, мэдээллийг дамжуулагч “Улаанбаатар мэдээ” гэх цахим хуудас бий. Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр тус хуудсаараа дамжуулан “Улаанбаатар метро” төсөлд ажиллахаар ирээд буй залуучуудыг “Нийслэл” подкастад урьж, оролцуулснаа мэдээлсэн байх жишээтэй. Ирэх оны нийслэлийн төсөв 4.6 их наяд төгрөг. Энэ мөнгө бол Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийн Монгол Улсын бүтэн жилийн төсвийн дүн. Үүний хэчнээн нь ийм элий балай, даргаа өмнөө шүтсэн бичлэг, постод зарцуулагдах нь эргэлзээтэй. Энэ талаар тодруулж, мэдээлэл авъя гэхэд “Үзвэл үнс, харвал хальс болчихно” гэдэг шиг үл мэдэгдэх шалтгаанаар хав дарчхаад буй. Төсөв тойрсон ийм “хонины найр” нийслэлд байгаа нь огтхон ч нууц биш юм шүү.
Тэр байтугай, Засгийн газар, Ерөнхийлөг чийн хэвлэл мэдээллийн албаныхан хахаж, огьтол рийл бичлэг, постер нийлүүлж байна. Манай Ерөнхийлөгчийн рийл бичлэг Холливудын муухан киноноос дээр гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Өнгөрсөн лхагва гарагт tsahiur.mn сайтын сэтгүүлч Б.Уянга “ЕТГ-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Physical Asia” шоунд эх орноо төлөөлөн оролцсон тамирчидтай уулзсан рийлийг удахгүй цацах байх. Энэ уулзалтыг хэвлэлийнхэн өглөөнөөс хойш хүлээсэн. “Тамирчид ирээгүй. Та нар энд байж болохгүй, өөр газар очиж хүлээ” гэх байдлаар сэтгүүлч, зураглаачдыг төөрүүлсээр байтал уулзалт дуусчихсан гэх нь тэр. Үүний шалтгаан нь хэвлэлийнхэн тамирч даас яриа авчихвал Ерөнхийлөгчтэй уулзсан нь ач холбогдолгүй болчих учраас тэр биз. Ингэж л ойлголоо. Тамирчдын ялалт, бахархлыг хэвлэлээр шууд дамжуулах нь сайхан уу, эсвэл Ерөнхийлөгч хүлээн авч уулзлаа гэсэн албан мэдээ нь илүү гоё уу” гэжээ. Түүнчлэн Ерөнхий сайд нь “Ерөнхий сайдаас” хэмээх инстаграмын сувагт мэдээллээ дамжуулж, сүржин дуу дэвссэн пост “шахсаар” буй. Энэ мэтчилэн аливаа төрийн байгууллага, даргын дэргэдэх хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба төсвөөс санхүүжиж буй хэр нь үндсэн чиг үүргээсээ нэгэнт хазайж, хувь хүн, хуулийн этгээдийн сурталчилгааны хэлтэс шиг данхар бүтэцтэй ажиллах болсны цухасхан жишээ нь энэ.
Төсвийн мөнгөөр пиар, тархи угаалтаа явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй барьцаж буй хэвлэлийн албад аа. Сэтгүүлчийн эх сурвалжийг хянадаг хэвлэлийн төлөөлөгч, даргын зөвшөөрөлгүйгээр яриа, тодруулга өгдөггүй “амьгүй албат”-ууд аа. Энэ бол бидний Үндсэн хуульдаа тунхагласан хүмүүнлэг, иргэний ард чилсан нийгэм огт биш ээ. Татвар төлөгчдийн мөнгөөр даргаа магтан дуулж, ичгүүргүй пропоганда явуулснаараа эргээд энэ салбарт ажиллах нүүргүй болж, нийгэм, олон нийтийн өмнө үйлдсэн гэмээ асуулгах өдөр ирнэ. Зааж, зааварлаж, цагдсан хэвлэлийн албадыг цэгцлэхгүй бол дарангуйлагч дарга нараасаа дутуугүй хэвлэлийн эрх чөлөөг хяхаж дуусах шинжтэй дэг.
Д.Хүслэн