2010 оны БАЛДОРЖ шагн алын “Шилдэг -10”-т тухайн үеийн “Өдр ийн сонин”-ы албаны дарг а Ж.Ганг аа “Харь буриадын нутаг дүрэн цагаан нулимстай”, “Ал тайгаас хянг ан хүр тэл ” тэмдэглэлээрээ шалг арс ан юм.
Ж.Гангаа
Монголын сэтгүүл зүйн “Их хурд” буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хоорон дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, “гал тогооныхон” маань ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд “Балдорж” сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа сорьдог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 2010 онд хоёр дахь удаагийн БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулахад тухайн үеийн “Өдрийн сонин”-ы албаны дарга Жамбалын Гангаа “Харь буриадын нутаг дүүрэн цагаан нулимстай”, “Алтайгаас хянган хүртэл” аян замын тэмдэглэлээрээ “Шилдэг-10”-т шалгарсан юм.
Ульхан харуул дээр очтол Оргилболд начин машин дотор сууж байв. Энэ аварга биет эр “Микро”-ны арын суудлыг ганцаар дүүргэн биеэ хэд эвхэн бөгцийн нэг зүйлийг хичээнгүйлэн үйлдэнэ. Сонирхвоос үгийн сүлжээ бөглөх аж. Харин түүний эхнэр наагуур цаагуур гүйн Оросын хилийн орчим дахь наймаа арилжааны ажлыг эрхлэх авай. Мань бөхийн бие тэнхээ дажгүй гэнэ.
Барилдахаа хэдийн больж, энд ирж төвхнөжээ. Оросууд аварга биетэй монголыг сонирхон уриалгахан хил давуулах бөгөөд тэрээр буриад тосгодоор эхнэрээ бөс бараа зарахад нь даган бараа болно. Энэ үедээ таг дуугүй явна. Ульхан дээр ийн начны тухай жаал ярилцаад ОХУ-ын хилийг гаталлаа. Уг боомт ер нь их чанга талдаа аж. Оросууд өдөрт хоёроос үл хэтрүүлэн машин нэвтрүүлэх агаад нэжгээд хүн 35 кг-аас илүүгүй бараатай орохыг зөвшөөрнө.
Хилийн багана дөнгөж давмагц хавар цагийн урьхан хонгор салхи ба социализмын уугуул нутаг хоёр хамтдаа угтах нь нэг л танил. Шугуй доторх Орос руу ордог үүдэн дээр “МАХН-ын яруу алдар бадартугай” гэж бичээд нөгөө талд нь “Монгол-Зөвлөлтийн эвдэршгүй мөнхийн нөхөрлөл мандтугай” хэмээсэн лоозон байх. Лавтайяа хорин жилийн өмнө бичсэн бололтой. “Зөвлөлт” даргаас уг лоозонг ямар учраас одоо болтол байлгаж буйн учрыг лавлахад орчуулуулж аваад учиргүй их инээцгээв. Энэ улирч баларсан юмыг ингэхэд манай буриад нөхөд яагаад бидэнд үл хэлнэ вэ хэмээн өөр зуураа гайхацгаах. Та агуу их Орос оронд тавтай морил хэмээсний дагуу хил дээрээс эхэлсэн нарийн хар замаар умар зүг жирийлгэж өгөв. 400 км явахад за ер нь арваад машинтай л зөрсөн дөө. Хоёр “66”, гурван “ЮМЗ” трактор, бусад нь “Москвич”. Ердөө хилийн цаахна буй Онон мөрний эрэг дээрх Мангад тосгоноор бууж цай ууцгаав. “Мангут-265 лет” гэсэн дурсгалын самбартайг бодвол одоогоос 300 орчим жилийн өмнө Ермакийн зочид мөрөн өгсөн салаар анх ирж байсан бололтой. Голыг өгсөн улам нааш хөвж өөрийн эзэмшлээ тэлэх санаа байсан боловч эрхбиш Монгол гээд нэг орон байсан болохоор “шинэ тив нээх процесс” зогссон аж. Мангадууд 300 жилийн өмнө ирснээсээ хойш хэдэн сайхан дүнзэн байшин барьж аваа байлгүй. Тэр цагаас хойш хорвоо олонтоо хувирсан ч энд төдий л өөрчлөгдсөн зүйлгүй ХХI зуунтай золгоо юу даа.
Хажуу айлын тахиа үе үе цахирган хоолойгоор донгодож, бургасан дотроос үнээ мөөрч, ноход хөв хөв хуцна. Хашаан дотор нэг нөхөр түлээ хагалах нь бас сонсдох бөгөөд “Аа п…” хэмээн хэдэнтээ харааснаа чимээ алдрав. Гараа авчхав уу даа, янз нь. Өглөөний тунгалаг агаарт айлуудын яндангийн утаа эгц дээш олгойдон сайхан өдөр болох төлөвтэй. Орос нөхөр маань зочдодоо талх, шөл бэлдэж, хоолны өмнө гээд ганц биш, хэд хэдэн “юм” гаргаж ирснээ томоо “гүрүүшиг”-үүдэд юүлээд барив. Нэг гүрүүшгэнд лав тал шил юм орчих шиг болов. Тэгээд хоолон дээрээ гээд дахиад л цэлэлзүүлэх… Айраг ч ингэж ууж байснаа санахгүй юм байна. Яасан чулуу шиг бөх бие хаатай улс юм. Ингээд арван хэдхээн “юм”-аар амаа зайлсан болоод цааш хөдлөв. Замд тосгод жирэлзэн өнгөрнө. Дарасун, Зун аргалей, Улан чулит… гэх мэт нэрсийг Дарс, Зүүн аргалт, Улаан чулуут гэх мэтээр өөрийнхөөрөө орчуулж болмоор ч юм шиг. Читинский орох гээд яваа юм л даа. Чита гэдэг нь “Зэд” гэсэн шашны холбогдолтой нэр гэж зарим нь тайлбарлаж байсан шүү. Байгал нуураас зүүн тийших Онон, Амур мөрний хөндийд манай зүүн гурван аймгийг нийлүүлсэнтэй дүйх уудам нутагт Читийн тойрог гэх нэг сая гаруй хүн амтай Оросын засаг захиргааны нэгж байдаг юм байна. Харин түүний дотор “Агинская автономи” гэх биеэ даасан өөр бас нэг тойрог өнөөг хүртэл байв.
Аг, хорь буриадын нутаг нь Хэнтий, Дорнодын хойд харалдаа орших бөгөөд буриад зоны сүүлчийн ганц тусгаар тогтнол байжээ. Гэхдээ их гүрний няхуур бодлогын дагуу Казахстан Монголтой шууд хиллэдэггүй шиг наагуур нь Мангут, Михиало Павлово гэх мэтийн орос тосгодтой, орос захиргаа “тэврэн” тойрсон ажгуу. Уг нь Дорнодын буриадуудын хамаг садан төрөл Агид буй. Агийн тойрогт зуу хүрэхгүй мянган буриадууд бараг цэврээрээ оршдог бөгөөд дотроо бэлгэ тэмдгийн ч гэсэн хурал думтай, тэндээсээ даргаа сонгоно, хуулиа гаргачихна. Сая гаран хүнтэй Читаас нэг их дутахгүй хэмжээний төсөв улсаас гаргуулчихдаг байсан тул цалин цаваг хамаагүй илүү явжээ. Явжээ гэдгийн учир нь саяхнаас Орос орон засаг захиргааныхаа нэгжийг томсгон зарим нэг “дэмий” тойрог автономиудаа нэгтгэх арга хэмжээ авч эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Чита дотор байдаг Агинскаяаг Читатай нь цуг нэгтгэн “За Байгаль” гэсэн хөөрхөн нэр өгөөд хязгаар хэмээх дээд шатлалд оруулан дэвшүүллээ. Зүй ёсоор бол Орос, Буриадгүй энэ их өргөмжлөлийг туйлын талархан хүлээн авч, зүйрлэшгүй их баярлах учиртай бөлгөө.
Зүйрлэвээс үндэс угсаа гэж олон юм ярьдаг Баян-Өлгийчүүдийг засаг захиргааны хууль гаргаад Увс, Ховдтой нэгтгэж орхиод даргаар нь Ц.Нямдоржийг томилчихвол казах түмэн машид баярлах юм байна л даа. Ийм сайхан ёслолыг хийхээр өдрийн сайныг сонгон Ерөнхийлөгчийнхөө сонгуулийн урд өдрийг товложээ. ”Забайкальского края” байгуулагдсан өдөр нь 2008 оны гуравдугаар сарын 1 боллоо. Буриад нөхдөө гүнээ хүндэтгэн баярын өдрөөрөө Өвөр Монгол, Хятадын төлөөлөгчдийг урив. Монгол талаас Хэнтий, Дорнодынхныг ч дуудахаа мартсангүй. 400 мянган хүн амтай Чита хот баярын “настрин”-д умбав. Орос хүмүүс бүгд үндэснийхээ хувцсаар гангарч, охид эрээн палаажаа, хөвүүд хэлхгэр цагаан цамцаа өмсжээ. Бүх л хувцас нарийн шагласан хээ хуартай. Нөгөө баянхуур хөгжим энд тэндгүй хангинаастай. Чита дахь Оросын арми ч хүрэлцэн ирсэн байв. Соёлын ордондоо хүндэтгэлийн концерт тоглов. Концертыг нээж хязгаарын шинэ дарга Р.Ф.Гениатулин гэх идэрхэн орос эр үг хэллээ. Тэрбээр нэг цаг гаран үг хэлж үүндээ улс орны өнөөгийн нөхцөл байдлаас өгсүүлээд бүх л юмыг багтаах шиг болов. Энэ бүгдийг бүрэн эхээр нь тавилтай биш. Концертын дараа хүндэт зочид төлөөлөгчдөд зориулсан ланжгар хүлээн авалт болох нь тэр. Том зааланд лав зургаа, долоон зуун хүнийг урин идэж уулгав. Энгэрээрээ дүүрэн одон, медаль зүүсэн өвгөд, цэргийнхэн, буриадууд, олон хөлийн л улс цугларлаа.
Агийн тойргийн хуучин дарга Б.Б.Жамсуев (Жамц)-ыг буриад зоноо хүлээлгэж өгсөн явдалд нь талархаж Путин Москва руу өндөр алба хашихыг урьсан байна. Жамц одоо Орос явж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нэг орлогч даргаар явна. Инээд алдаад л хөл нь газар хүрэхгүй баяртай яваа энэ идэр эр дотроо юу бодож яваа нь үл анзаарагдана. Өнөөдрөөс шинэ албандаа зүтгэх учиртай түүний үдэлтийн цайллаганд манай Д.Одбаяр гишүүн оролцохоор зөрж яваа харагдсан. Харин энэ өдөр Буриадын өөр нэг дарга Д.Ц.Дугаров туйлын баргар царайлан нэн гунигтай байлаа. Тэрбээр хундаганы үг хэлэхдээ ч олигтой юм ярьж, учиргүй их баярлаж чадсангүй. Бид засгийн даалгаврын дагуу ийм шийдвэрийг гаргалаа. Одоо хүмүүсийн сэтгэлийг татах их олон ажлыг Гениатулина хийнэ биз ээ гэсхийгээд үгээ татав. Их Орос гүрнээс үхтлээ айдаг шинж буриад бүхэнд мэдрэгдэнэ. Тэгсэн атлаа ертөнцийн хамаг сайны туйл зөвхөн орос хүн гэж боддог юм шиг. Оросоосоо илүү оросоор ярина. Оросоор ханиана, инээнэ, тэднээс илүү ууна. Таваг нүүрэндээ наачихсан юм шиг налчийгаад биднээс хэт илүү ази төрхтэй атлаа би монгол биш, тэр орныг мэдэхгүй, нэг ч монгол үг байхгүй хэмээн улаан цайм мэтгэнэ. Америк, Франц энэ тэр явж үзээгүй байх. Москвагаас хэдэн мянган км, алсын алс хаягдсан энэ хүмүүс Байгал нуураас цааш давж үзэлгүй байсаар насыг бардаг биз ээ. Орос нь ч тэр. Буриад нь ч тэр. Сибирь лүү зайлбал та нарыг боолоос чинь чөлөөлнө гэсний дагуу олон мянган тариачин козакууд “сайн эр” Ермакийг даган энд ирцгээсэн түүхээ концерт дээрээ жүжигчлэн үзүүлж байсан. Энэ удам судрыг харжээ байхад эндхийнхэн одоогийн байгаа амьдралаа энэнээс илүү хэрэггүй гээд сэтгэл хангалуун байдаг болов уу.
Орос орны томоо хөх алаг “хөнжил”-д сүүлчийн буриад ийнхүү шурган далд орохыг нүдээр үзээд буцах цаг болов. Одоо Агийн буриад газрын зураг дээрээс үүрд арчигдан одлоо. Сонгууль энэ тэр болдгоороо болох л байх даа. Нэг буриад арван оростой өрсөлдлөө ч явдлын гарз байлгүй. Сонгууль гэснээс маргааш нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Сонгуулийн өдөр зөвхөн Медведевийн хөргийг гудмандаа байрлуулж, бусдыг нь орхисон байв. Замд тосгонд буухад хүмүүс өглөө эртээ босож хэсгүүд дээрээ саналаа өгчээ. Харин үдэд өндөр настны саналыг авахаар “Фургон”-той хүмүүс ирсэн юм. Дөрвөн хүний нэр бүхий саналын хуудсыг өвөө, эмээ нарт тараан паспорт дээр нь тэмдэглэгээ хийн, харж байгаад хамгийн доод талын хүний ард “зөв” тэмдгийг тавиулав. Тэр нь Медведевийн нэр. Нууж хаах ч юм байхгүй амар юм билээ. Медведевийг зөвшөөрснийг сайтар нягтлан хараад сая саналын хуудсыг нугалан лацтай хайрцаг руу шургуулна.
Гэрийн эзэн Дондог хоймортоо гадуур хувцастайгаа гараа халаасандаа хийн сууж угтсан юм. Хуучин Агийнхан бүгд монголоор ярьцгаах нь дотно санагдсан. Дондог их дуугаар “Хөөе. Дариймаа эдэнд сай хийж өгөгтий” хэмээн хүнгэнэж бааварлана. Түүний энгэрт сүхний иш шиг томоо гэгч хутганы тал ёрдойх нь зэвүүн.
-Та гэртэй сууж байж энэхутгыгхармаалж яадагюм гэхэд
-Тэгээд өөр хаанаа зүүх юм. Урьд бол бүсэндээ зүүдэг байлаа. Одоо куртекний энгэртэй зүүхэвш гээд шал өөр юм ярьдаг байгаа. Агийн буриад байхгүй боллоо доо хэмээн үг өдвөөс
-Тэглээ. Өчигдөр Агийг хөдөөлүүллээ. За тэгээд өчнөөн жил Оростой хамт яваа юм чинь ямар ч захиргаатай байсан хамаа юу. Танай Монголд амьдрал сайн байгаа сурагтай байх юм. Би хааяа нэг Дорнод явж садангууд дээрээ очдог л доо. Үр хүүхдээ элэг нэгт Монгол руу айл гэр болгон явуулдаг ч юм уу гэж буриадууд ярьцгааж байгаа. Тэгж биднийг дураар дургиулахгүй биз дээ хэмээхүйд элэг дотор цагаан гунигаар дүүрч огшиж билээ. Өөр бас нэг айл Дорж өвгөнийхөөр ороод гарсан. Өвгөний хутга Дондогийнхоос арай бага тул өмднийхөө халаасанд хийжээ. Харин хэдэн сайхан буутай юм. Том төмөр сейфнээс буугаа гарган үзүүлж ангийн тухай хөөрөлдөв. Ач хүү нь одоохондоо чандага намнахтайгаа аж. Ононгийн адагт буга, гөрөөс, гахай элбэг. Хүн хөл тун сийрэг, эзгүй тал, ой шугуй л үргэлжилнэ. Тосгонд ганц нэг дэлгүүр, тэгээд өөр байгууламж бараг үгүй. Айл бүр нэжгээд дүнзэн байшинтай. Байшингаа тойруулаад банзан хашаатай. Хашаан дотор нэг пин байх нь усанд ордог саун. Өрх бүр нэлээд том ногооны талбайтай. Энд л бүх амьжиргааны утга учир оршино. Гэрийн дотор том том сияан хувин түмпэнгүүд, паалантай аяга таваг өржээ. Гаднаа 40-ийн бидон, хөнгөн цагаан эд хогшлууд тавилсан нь яах аргагүй манай наяад оны өмнөх амьдрал дурайна. Дэлгүүрт хятад бараанаас гадна элдвийн бахь, хөрөө, алх зэрэг аж ахуйн хэрэглэл түлхүү. Худалдагч нь өмнөө том сампин гаргаад тавьчихсан, тас няс хийн тоо бодно. Гудманд овоолоостой үртэс их байгаа нь модны наймаа нэлээд явагддагийг илчилжээ. Мал цөөвтөр. Хонь, ямаа бараг харагдаагүй.
Энэ мэтээр буриад зоноор аялсаар Монголын хил рүү орж ирэхэд тэртээд нэгэн дуу намуухан аялах нь:
-“Хорь буриадын нутаг дүүрэн цагаан манантай
Харь нутгийн бүсгүй дүүрэн дүүрэн нулимстай…”
хэмээн хавар эртийн оохор цоохор цасан дунд аниргүйг эвдчих вий гэх шиг гуниглангуй уянгална. Читийн армийн “АК” буу үүрсэн баавгай шиг том орос цэргүүд биднийг хил дээрээс үдэн буцахуй дор нөгөө дуу чимээ ч алдрав. Баяртай. Харь болсон хорь буриад минь.
Дульдурга тосгон. Забайкальского. ОХУ 2010 он