Монгол Улс олон намын систем бүхий ардчилсан тогтолцоонд шилжээд хэдийн 30 гаруй жилийг үджээ. Хүнээр бол насанд хүрч, үзэл бодол нь төлөвших хангалттай хугацаа. Гэвч төрийн жолоо атгаж, түмний өмнөөс бодлого батлах учиртай тү шээд маань өнөө хэр урт хугацааны тооцоо, судалгаатай шийдвэр ховорхон гаргадаг. Тэд иргэдийн эрх, эрх чөлөөг хангахын оронд өдөр тутмын амьдралд нь сөргөөр нөлөөлж, гай болох шийдвэр л гаргах нь түгээмэл. Түмний эрх ашгийг боомилж, дарга нарт л давуу эрх олгодог давхар стандарт тогтоосон ийм шийдвэрийн хамгийн тод жишээ бол төрийн өндөр албан тушаалтнууд замын хөдөлгөөнд оролцохдоо тусгай хамгаалалт авч, энгийн иргэдийн хөдөлгөөнийг хязгаарладаг явдал юм. Өөрөөр хэлбэл, төрийн түшээдийг “дардан” замаар зорчуулахын тулд нийслэлчүүдийн эрхийг золиосолдог гэсэн үг. Иргэд цаг зав, уур уцаараа барж, даарч хөрөх, эсэх нь тэдэнд огт хамаагүй.
ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВЧ ЭХЛЭВ
Ерөөс нийслэлийн иргэдэд асуудал мундахгүй. Авто замын түгжрэл, халтиргаа гулгаа, нийтийн тээврийн хүрэлцээ, ханиад томуу гээд түм буман бэрхшээлийн дунд амьдрах гэж тэмтчиж явна. Эдгээрээс ганцхан түгжрэл л гэхэд иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмжид нөлөөлж, эрүүл мэнд, эдийн засаг, сурч боловсрох эрхэд халдаад зогсохгүй, гамшгийн хэмжээнд хүрсэн. Бидний амьдралын чанарыг чимээгүй доройтуулсаар байгаа. Иргэд нь ийм хүнд нөхцөлд арай ядан амьдарч байхад дарга нар өглөө, оройгүй зам хаалгаж, тусгай зохицуулалтаар түгжрэлийг ажралгүй шуртхийн өнгөрдөг нь үнэн. Тиймээс эл асуудлыг зогсоохоор иргэн А.Пүрэврагчаа D-Parliament цахим системд өргөдөл гарган, олон нийтээс санал авч эхэлжээ. Уг өргөдөлд ирэх сарын 17-ныг хүртэл санал авах бөгөөд УИХ-ын тухай хуулийн 39.41-д заасны дагуу 100 мянган хүн гарын үсэг зурж дэмжвэл парламентаар эл асуудлыг хэлэлцэх боломж бүрддэг.
Энэхүү өргөдөлд “Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн цаг, мөнгийг үрээд зогсохгүй яаралтай, онцгой тохиолдолд түргэн тусламж, гал команд зэрэг төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг хязгаарлаж, амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирох ноцтой түвшинд хүрсэн. Гэтэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өөрсдийгөө замын түгжрэлд саатахгүй байх нөхцөлийг тээврийн цагдаагийн тусгай хамгаалалт, зохицуулалтаар шийдүүлчхээд бусад иргэнийхээ зорчих хөдөлгөөнийг зогсоож, хохироогоод үлдээдэг. Энэ нь Үндсэн хуулиар олгосон “Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг алдагдуулж, шударга ёс, ардчилал, иргэдийн эрх тэгш байдлыг илт зөрчиж байна. Мөн “Төрийн өндөр албан тушаалтнуудад зам хааж, тусгай зохицуулалт хийдгийг зөвхөн улс орны аюулгүй байдалтай холбоотой болон гадаад улсын зочдын албан айлчлал, гамшиг, осол, хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах зэрэг онцгой нөхцөл байдлын үед л хэрэгжүүлэх ёстой. Төрийн тэргүүнээсээ эхлээд өдөр тутамдаа тусгай зохицуулалтаар давуу эрх эдэлдгийг хориглох хэрэгтэй. Түүнчлэн ил тод байдлыг бий болгож, зам хаасан шалтгаан, үндэслэл бүрийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг байх эрх зүйн зохицуулалтыг хуульчлан хэрэгжүүлэхийг шаардаж байна. Энэхүү өөрчлөлт нь нийгэмд шударга ёс тогтоох, төрийн хууль иргэддээ эрх тэгш үйлчлэх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх алхам болно” хэмээн онцолжээ.
3.8 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ
Нийслэлийн Замын хөгжлийн газраас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар авто замын түгжрэлээс үүдэлтэй жилийн нийт алдагдсан боломжийн өртөг (цаг хугацааны үнэ цэн, түлшний зарцуулалт, эрүүл мэндийн хор хөнөөл) 3-3.8 их наяд төгрөгт хүрчээ. Үндсэндээ нийслэлчүүд бид жилдээ гурав орчим их наяд төгрөгийг түгжрэлээс үүдэн алдаж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол Улсын ДНБ-ий 6-7 хувьтай тэнцэх бөгөөд нэг хүн жилд дунджаар сая гаруй төгрөгийн хохирол амсаж буй гэсэн үг. Энэ бол таны, миний, бидний гэр бүлийн өрхийн төсөвт нөлөөлөхүйц бодит алдагдал. Ийм хэмжээний мөнгөөр хэчнээн сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой байсныг төсөөлөхөд ч харамсалтай. Иргэд ийнхүү ачааны хүндийг үүрч, олсон орлогынхоо 30 хувийг татвар нэрээр “хураалгаж” байхад төрийн өндөр албан тушаалтнууд өөрсдөө түгжрэл үүсгэж, зам хаалгах нь бусдын цаг зав, ая тухтай амьдрах эрхийг булаан авч буйтай агаар нэг юм.
ДАРГА НАРЫН ЭДЭЛДЭГ ДАВУУ ЭРХ ОГТХОН Ч БАГАДААГҮЙ
Түүхээ ч мэдэхгүй байж түмний эрх ашгийг хамгаална гэж төрийн дээд албан тушаалд заларчхаад ийм эрх, ямба эдэлдгийг болиулах нь зүйтэй гэх хүн олон. Үндсэндээ манайд ийм ялзарсан, түмнээс дээгүүр эрх эдлэх хүсэлтэй дарга сэтэртэй хүн олон. Дарга нарын эдэлдэг давуу эрх зөвхөн замын хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй. Хэрэв та санаж буй бол нийслэлийн ЗДТГ-аас түгжрэлийг бууруулах зорилгоор “Ecomobility” гэх сүржин нэртэй аяныг өнгөрсөн онд өрнүүлсэн байдаг. Ингэхдээ Төрийн ордны ажилтан, албан хаагчдыг Улаанбаатар хотын 10 чиглэлд тээвэрлэхээр нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас цөөнгүй автобус гаргаж өгсөн. Гэхдээ эл автобуснуудад нь суух хүн олдоогүйгээс гадна түгжрэлийг бууруулах бус, дарга нарын сонгуулийн сурталчилгаа, олноос оноо авах арга л болсон юм. Угтаа тусгаар улсын хууль иргэддээ эрх тэгш үйлчлэх учиртай. Төрийн түшээд бол нийтийн эрх ашгийг хангаж, ард түмний төлөө ажиллах үүрэгтэй шүү дээ. Гэвч бодит байдалд бүгд эсрэгээрээ. Тэд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, давуу эрх эдэлж, дабл стандарт бий болгоод буйг энэ мэт олон жишээнээс харж болно. Ерөөс дарга нарын эрх ямбаны золиосонд иргэд боломжоо алдаад байна гэсэн үг.
ХӨГЖИНГҮЙ ОРНУУДАД ТӨРИЙН ТҮШЭЭД НЬ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ЭНГИЙН ИРГЭДИЙН АДИЛ ОРОЛЦДОГ
Хөгжингүй, ардчилсан орнуудад төрийн өндөр албан тушаалтнууд энгийн иргэдээс давуу эрх эдлэхийг эрс эсэргүүцдэг. Тухайлбал, Герман, Британи болон Скандинавын оронд дээрх төрийн өндөр албан тушаалтнууд замын хөдөлгөөнд энгийн иргэдийн л адил оролцдог. Улс төрийн томоохон айлчлал, эсвэл онц байдал зарласнаас бусад үед барагтаа замын хөдөлгөөн хязгаарладаггүй гэнэ. Тусгай зохицуулалтыг зөвхөн улс орны аюулгүй байдалтай холбоотой гадаадын зочдын албан айлчлал, гамшиг, осол, хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах зэрэг онцгой нөхцөл байдлын үед л хэрэгжүүлдэг олон улсын жишиг бий. Мөн төрийн түшээд давуу эрх эдэлснээс болж хариуцлага хүлээсэн тохиолдол ч цөөнгүй байдаг аж. Тухайлбал, АНУ-ын Нью-Жерси мужийн захирагчийн Тамгын газрын орлогч дарга Бриджет Энн Келли болон Боомтын газрын удирдлага болох Билл Барони, Дэвид Уайлдстайн нар 2013 онд улс төрийн зорилгоор Жорж Вашингтон гүүрийг хаах тушаал өгчээ. Улмаар түгжрэл үүсгэж, түргэн тусламжийн машин явахад саад учруулан, нэг иргэн амиа алдсан юм. Энэ хэрэг ил болсны дараа замын хөдөлгөөнийг хаах тушаал өгсөн гол хүмүү сийг албан тушаалаас нь огцруулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Эл үйл явдал нь хожмоо төрийн өндөр албан тушаалтнууд олон нийтийн итгэлийг алдвал шийтгэх боломжтойг баталсан том сургамж болон үлджээ. Түүнч лэн олон улсад тусгай зохицуулалт хийсэн шалтгаан, үндэслэлийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлэх зарчим баримталдаг. Харин Монголд зам хаасан шалтгаан нь тодорхойгүй, бас хэзээ нээх нь ч мэдэгддэггүй.
Эцэст нь, иргэдийн эрх ашгийг боомилж, эрх мэдэлтнүүдэд илүү боломж олгодог энэхүү тогтолцоог өөрчилснөөр Монголд хүн бүрийн эрх тэгш байдал, оролцоог хангасан шударга ёс тогтох эхлэлийг тавих юм.
Э.Сондор