Сайд, дарга нарын хийж чаддаг ганц ажил нь сургууль, цэцэрлэгийг хаах, хүүхдүүдийн урлагийн үзлэг, шинэ жил, спортын арга хэмжээг хориглох явдал. Нийгмийн аливаа асуудлыг шийдэх, халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авах, түгжрэлийг бууруулах зэрэгт энэ л аргаа ашигладаг, өөр шийдэл тэдэнд угаасаа байхгүй. Хэдэн жилийн өмнө хүйтэрлээ гээд хичээл сургалтаа зогсоож л байсан улс шүү дээ. Урагшгүй ноёдод ханиад, томуу бол сайхан шалтаг. Утаатай угаартай, түгжрэлтэй, түмэн асуудалтай Улаанбаатарт өвөл үргэлж л хүйтэн байдаг. Тэр хэрээр ханиад, томуу дэгдэх нь ойлгомжтой. Гэтэл энэ завшааныг ашиглаад гэдэг шиг Боловсролын сайд П.Наранбаяр I-IX ангийнхны хичээлийг ирэх даваа гаргаас тодорхойгүй хугацаагаар цахимд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Нэмээд сурагчдын дунд зохион байгуулах спортын тэмцээн, уралдаан, урлагийн үзлэгийг ч хориглочхов. Сав л хийвэл хүүхдүүдээ ингэж хорьж, боож хаадгаа хэзээ болих вэ, сайд, дарга нар аа. Хүүхдүүдийн сурч боловсрох эрх, авьяас чадвараа нээх, бие бялдраа хөгжүүлэх боломжийг хулгайлдаг байдал арай хэтэрч буй юм биш үү.
Багш, суралцагчдыг хамарсан урлаг, спортын уралдаан, тэмцээн болон хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс бүр 2026 оны нэгдүгээр сарын 26 хүртэл зогсоож, урлагийн танхим, спорт заалыг бусдад ашиглуулахгүй байх шийдвэр гаргасан юм байна. Саяхан л сайд П.Наранбаяр ЭМЯнаас хүргүүлсэн, сурагчдын амралтын хугацааг урагшлуулах саналыг хүлээн авахгүй гэж попроод байгаагүй бил үү. Гэтэл ачир дэрээ сургуулиудад аль хэдийн мэдэгдэл хүргүүлчихсэн, хүүхдүүдийн хичээлийг цахим болгох “тохироо”-гоо хийчихсэн байх шив.
Ханиад, томуу ихтэй үед ач холбогдол багатай, хичээлээс гадуурх сургалт, эцэг, эхчүү дийн дунд зохион байгуулдаг элдэв уралдаан гэх мэтийг бол хориглох нь зөв. Харин сургалтын хөтөлбөрт тусгасан, заавал зохион байгуулах ёстой урлагийн үзлэг, спорт өдөрлөгийг жил бүр аахар шаахар шалтгаанаар хориглоод байж болохгүй шүү дээ. Хүүхдүүд дандаа академик сургалт авна гэж байхгүй. Мөн хи чээл, сургуульдаа тасралтгүй явж, олуулаа бужигнаж байж дархлаагаа солилцож, өвдөхөө больдгийг ч эмч нар хэлдэг. Эсрэгээрээ олон хоног сургууль, цэцэрлэгтээ яваагүй хүүхдүүд дархлаа султай, өвчлөмтгий байдаг гэнэ шүү. Ерөнхийдөө бага насны хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ халдвар авахаас илүүтэй том чууд, эцэг, эхчүүд өөрсдөө өвчин “халдаадаг” гэсэн судалгаа ч бий.
“Ковид-19”-ийн үед буюу 2020-2021 онд манай улс бусад орны жишгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бүх нийтээр хөл хорио тогтоосон. Цахимаар ажиллаж, суралцах тухай ойлголт бидний хувьд шинэ байсан тул тэр хэрээр алдаа гаргаж, сурагчид онлайн хичээлийн туршилтын туулай болцгоож, боловсролын чанар ч дагаад нуран унасан. Үнэндээ цахим хичээл гэх нэр зүүсэн видео бичлэг, зурагт хуудас шинэ зууны сурагчдын хэрэгцээ, шаардлагыг огтхон ч хангаагүй. Одоо ч сайжирсан зүйлгүй. Ямар ч бэлтгэл хангаагүй байж цахимаар хичээллэх яасан ч дуртай юм.
Өнгөрсөн хугацаанд оромдож орсон цахим хичээлүүдийн балгаар бага ангийнхан одоо ч эх хэлээрээ бүрэн дүүрэн уншиж чадахгүй байгаа. Коронавирусний үеийн боловсролын хоцрогдлыг өнгөрсөн хугацаанд хэн ч арилгаагүй, алдагдсан цаг хугацааг хүүхдүүдэд нөхөж өгөөгүй. Дээрээс нь багш нарын ажил хаялт залгаад, одоо ханиад, томуунаас болж сургууль, цэцэрлэгүүд үүдээ барих гэж байна. Ингэх бүрд эгэл ардын мянга, түмэн хүүхэд гэртээ дэлгэц ширтэн, цоожтой хаалганы цаана хөөрхийлөлтэйгөөр үлддэгийг сайд, дарга нар даанч мэдэхгүй. Хамгийн гол нь хариуцлагаас үргэлж зугтдаг төр засгийн балгаар Монголын ирээдүйн гэрэл бөхөж, хүүхдүүд “харанхуй ангал” руу бөөн бөөнөөрөө унаж байгаа нь харамсалтай.
О.Ундрах