Дуурь бүжгийн эрдмийн театрын хоёрдугаар давхрын жижигхэн өрөөнд Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин Жамъянгийн Чулууны нэрэмжит залуу уран бүтээлчдийг дэмжих сан үйл ажиллагаа явуулдаг юм. Аавынхаа нэрээр овоглосон сангийн үйл ажиллагааг удирдан, нуруундаа үүрч яваа хүн бол урлагийн гавьяат зүтгэлтэн, ХБК-ийн багш Ч.Чинбат. “Чулуун” сангийнхан өсвөрийн хөгжимчдийн уралдаан зохион байгууллаа”, “Ардын язгуур урлагийн тухай судалгаа явуулж байна”, “Учиртай гурван толгой” дуурийн партитурыг шинэчлэн хэвлэлээ” гэхчлэн энэ сан урлагийн ертөнцийн тулгамдсан олон асуудалд сэтгэл гарган оролцдог.
Магадгүй энэ салбарт насаараа зүтгэж явсан аавынх нь захиас, эзэмшсэн мэргэжилдээ дурласан түүний зүтгэл ийн ажиллахад хүргэдэг байх. Өнгөрсөн бямба гаригийн их үдийн хэрд Ч.Чинбат гуай сангийнхаа өрөөнд сууж байв. Аавтайгаа хамт ажиллаж байсан уран бүтээлчдийн гэрэл зургаар тэрбээр ном гаргахаар ийн суугаа аж.
-“Чулуун” сангийнхан сүүлийн үед ямар ажил хийж байна вэ. Сонин сайхан мэдээлэл дуулгаач.
-Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байх үед соёл урлагийн салбараас эхлээд Монгол Улс тэр аяараа хүнд байдалд орсон. Тэр үеэс сонгодог урлагийн чиглэлээр сурч байгаа хүүхдүүдийг дэмжихээр шийдэж өсвөрийн хөгжимчдийн уралдаан зохион байгуулсан юм.
Хоёр жилийн дараагаас уралдаанаа аавынхаа нэрэмжит болгож, түрүүлсэн хүүхдүүдийг аавтай хамт оркестрт тоглуулсан. 1996 онд буюу тэр жил аав маань бурхан болсон юм. Одоо уралдаан маань олон улсын хэмжээний болж өргөжсөн. Саяхан 10 дахь уралдаанаа зохион байгууллаа. Манай сангийн үйл ажиллагаанд хамгийн үнэтэй хувь нэмэр оруулдаг байгууллага бол Швейцарийн хөгжлийн агентлаг.
Тэдний дэмжлэгтэйгээр ардын жүжигчин Ганбаатар, Х.Уртнасан, гавьяат багш Ч.Тунгалагийн мастер классыг зохион байгууллаа. Энэ нь ирээдүйн хөгжимчдөд маш хэрэгтэй сургалт. Барууны оронд бол хаа сайгүй мундаг хөгжимчдийн тоглолт зохион байгуулагдаж, түүнийг үзэж суралцах боломж тохиодог. Харин Монголд тийм биш. Мөн ардын язгуур урлагийн талаар судалгаа явуулж өвлүүлэн үлдээх талаар хэд хэдэн ажил эхлүүллээ. Аймаг, сумын соёлын төвийн мэргэжилтнүүд болон язгуур урлагийн сургалт явуулж байгаа зарим хүнд сертификат олгож, хөгжмийн зэмсгээр, хүүхд үүдийг тоглолтын хувцсаар хангаж байна.
-Танай сан хэдэн хүний орон тоотой ажилладаг юм бэ?
-Төрийн бус байгууллага учраас тодорхой орон тооны ажилтан байхгүй ээ. Хөгжмийн талын судалгаа, уран бүтээл хийх шаардлага гарвал сургуулийнхаа багш нарыг дайчлаад, дууны талын ажил хийх хэрэгтэй бол дуучдаа оролцуулаад, язгуурын талаар судалгаа хийх хэрэгтэй бол Ховдын театрынхандаа хандаад л сайн дурын маягаар үйл ажиллагаагаа явуулдаг.
-Ховд аймагтай ойр ажилладгаас харвал аав тань энэ нутгийнх уу?
-Өвөө маань Ховд аймгийн Эрдэнэбүрэнийнх. Тэгсэн хэрнээ аавын ах эгч нар Жаргалант, Буянт, Улаан харгана гэхчилэн өөр өөр газар төрсөн нь гайхашрал төрүүлдэг байлаа. Саяхан Ховдод очоод л үүний учрыг мэдсэн. Ховд голоо даган аймгийн төв рүүгээ яг энэ газруудаар дамжин ирдэг юм байна. Тэгэхээр ах эгч нар маань нүүдэллэн явах замд төрсөн хэрэг.
-Уран бүтээлээс нь гадна аавынхаа ямар зан чанараар бахархаж, өөртөө төлөвшүүлэхийг хичээдэг вэ?
-Их даруу, хөдөлмөрч, бүх ажлаа тэмдэглэдэг зарчимч, шударга нэгэн байсан. Дарга үйлчлэгч хоёрыг ялгалгүй магтах бол магтаж, загнах хэрэгтэй бол загначихдаг хүн байлаа.
-Таныг юу гэж зэмлэдэг байв.
-Хийл хөгжим тоглож сурахад цаг хугацаа, тэсвэр хатуужил их шаарддаг. Жаахан байхдаа давтаж байгаа дүр эсгээд цонхоор гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харж зогсож байгаад л загнуулдаг байсан. Сургуулиа төгсөж ирээд өөрийгөө маш завгүй, шургуу сайн ажиллаж байна гэж дүгнэдэг байх үед “Чи залуудаа л амжуулахгүй бол хөгширсөн хойноо хийх гээд ч чадахгүй” гэж зэмлэдэг байлаа. Одоо би өөрийгөө “Гайгүй үр бүтээлтэй ажиллаж дээ” гэж боддог ч аав шигээ хөдөлмөрлөж чадаагүйгээ мэднэ.
Аав маань байсан бол “За болж дээ” л гэх байсан байх. Гэхдээ уран бүтээлийг минь хараад голж ч мэдэх юм. Учир нь “Намайг бодвол хоёр дээд сургууль төгссөн байж юм бичээч” гэдэг байсан юм. Дээхнэ үеийг бодвол өнөөгийн нийгэм их өрнүүн болжээ. Зам дээр яваа олон машиныг харахад л бухимдмаар болох юм. Тухайн үед бичиж, бүтээж туурвихад юу ч саад болохгүй амгалан байсан юм уу даа.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Уг нь дөрвүүлээ. Нэг дүү маань бурхан болоод одоо эгч, бага дүүтэйгээ гурвуулаа болсон.
-Бүгдээрээ урлагийн мэргэжилтэй юү?
-Эгч маань Москвад театр урлагийн дээд сургууль дүүргэсэн нүүр хувиргагч. Бага дүүгээс бусад нь урлагийн мэргэжилтэй. Мөн том хүү маань Морин хуурын чуулгын анхны хөгжимчдийн нэг. Одоо АНУ-д байгаа. Дунд хүүгийн маань хүү ХБК-ийн дөрөвдүгээр ангид сурч байна. Төгөлдөр хуурч болох юм.
-Та өөрийгөө ямар хөгжмийн зэмсэгтэй зүйрлэх вэ?
-Өөрийнхөө тоглодог хийл хөгжимтэй зүйрлэнэ.
-Хийл хөгжим юугаараа тантай адилхан юм бол?
-Их уянгалаг, зөөлөн хөгжим. Хүнд хэлээд ойлгуулах боломжгүй зүйлийг ч илэрхийлдгийг нь бодохоор үгээр биш сэтгэлийн өнгөөр эгшиглэдэг гэж хэлмээр байдаг.
-Зам дээр байгаа машинуудыг харахад л бухимдмаар санагддаг гэж байсан. Та юуны төлөө бухимдаж шаналдаг вэ?
-Бухимдахгүй хүн гэж алга. Нэг хэсэг сонгодог урлаг мөхөж байна гэж шаналдаг байсан. Харин одоо бол эргээд сэргэлээ. Гэхдээ сонгодог урлагт төрөөс хандах хандлагыг арай л өөр болгомоор байна. Аливаа улсын хөгжлийг сонгодог урлагаар нь дүгнэдэг. Тиймдээ ч манай хө- рөнгө мөнгөтэй эрхмүүд хүүхдээ ядаж л төгөлдөр хуур тоглодог, театрт суугаад тоглолт үздэг болгохыг эрхэмлэж байна. Театр маань байнга үзэгчтэй, ХБК-д элсэгчдийн тоо нэмэгдсэн зэргээс үүнийг харж болно.
-Бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?
-Монголын телевизүүдийг үзэх дургүй. Хаа сайгүй мэдэмхийрсэн хүн ярьж, бухимдаж, шүүмжилж, “боож үхэх” гээд байх юм билээ. Шүүмжлүүлэх зүйлийг ч тэр дээдсүүд нь хийгээд байх юм. Ард түмний төлөө гэх хэрнээ хэчнээн тэрбумыг идчихээд зүгээр л явж байна. Гэтэл 10.000 төгрөг хулгайлсан иргэн нь ял аваад шоронд сууж байх юм. Хууль нь ч сонин. Монголын ард түмэн ийм байдалтай байхад зүгээр суугаад байх хэцүү. Цалин нэмлээ гэхэд маргааш нь өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихнэ. Үгүй яах вэ, нэг үеэ бодвол амьдрал арай л цэгцэрч байгаа болохоор тайвшрах юм.
-ХБК-ийг төгссөн хүн бүхэн ажилтай болж чаддаг уу?
-ҮДБЭЧ, Улсын филармони, ЦДБЭЧ гээд эдгээр байгууллагын хөгжимчдийг манай сургууль бэлтгэж байна. Бид орон нутаг руу хүүхдүүдээ явуулж чадахгүй л алдчихаад байна шүү дээ. Гэтэл орон нутгийн театрыг хөгжүүлнэ гэж яриад л байдаг.
-Таны санааг зовоосон болон баярлаж, бахархдаг бүхэн урлагтай холбогдох юм аа?
-Тэр ч мэдээж. Саяхан “Алтан намар” наадам болж өндөрлөлөө. Залуу хөгжмийн зохиолчдын мэргэжлийн хөгжмийг сонсоход бахархмаар байсан шүү.
-Дэлхийн жишгээр сонгодог урлагийн зүтгэлтн үүд нийгмийнхээ дээд ангилалд багтаж үнэлэгддэг юм шиг ээ?
-Хөгжим тоглодог хүмүүсийг элит л гээд байгаа юм. Гэтэл бид тэр элит хүмүүст нь зориулж тоглож байгаа юм шүү дээ. Харин биднийг соёлтой, урлагийн мэргэжилтнүүд гэвэл зохино. Элит гэдэг тодорхойлолтод боловсролтой хүмүүс нь багтаж байна уу, эсвэл мөнгөтэй хүмүүс нь ороод байна уу гэдэг ч сонирхолтой.
-Тэгвэл та бүхний уран бүтээлээ зориулан хүргэж байгаа үзэгчдийн хэд нь урлагаа бүрэн ойлгодог бол?
-20-иод хувь нь л ойлгодог байх даа. Зарим нь урлагтай танилцахаар театрт хөл тавьдаг бол нэг хэсэг нь ойлгодог хүн шиг харагдъя гэсэндээ ч ирж байна. Өөрийгөө соёлтой болгохын тулд чармайлт гаргаж байгаа болохоор аль алиныг нь сайшаалтай.
-Хөгжмийг яаж ойлгох ёстой вэ?
-Хөгжим бол хүний уураг тархинд өгч буй хамгийн сайн энерги. Өөрийн сэтгэлийн хүлээж авч байгаа хэмжээгээр хөгжмийг мэдрэх хэрэгтэй. Түүнээс биш хөгжимд зөвхөн үүний тухай өгүүлнэ гэсэн тогтсон зүйл байхгүй. Сайхан аялгуу сонсоод нэг нь нутгаа сэтгэлдээ зурж байхад нөгөө нь ээжийнхээ тухай бодож болох юм.
Гэхдээ П.И.Чайковскийн “Арванхоёр сар”, Ж.Ревальдын “Дөрвөн улирал” гээд юу өгүүлэхээ заасан зохиолууд ч бий. Өөрийн дотоод сэтгэлээ хөгжмөөр тодруулан дахин мэдэрдэг учраас хөгжим хүн бүрийн сэтгэлд хүрдэг юм.
-Багш хүн мэргэжлийн хичээлээс гадна сурагчдаа ухаан заах үүрэгтэй юм шиг ээ?
-Зориуд ухаантай болгох гэж заагаад байгаа биш л дээ. Сургалтын явцад л хүмүүжил олгоод байгаа юм. Өмсөх хувцас, биеэ авч яваа байдал гээд бүх зүйлд нь дүгнэлт хийж, болохгүйг нь хэлснээр соёлд суралцдаг. Манай сурагчид лав нүдээ бүлтэртэл гоёод сургууль дээрээ ирэхээс ичнэ.
Зарим оюутныг харахад панк нь ч юм уу бүү мэд, танигдахгүй хачин л улс явах юм. Өөртөө байхгүй соёлоо хувцсаараа орлуулах гээд байгаа юм уу даа. Хүн толгойд байгаагаараа л гоёх хэрэгтэй. Ухаантай хүн гоё харагддаг байх аа. Түүнээс биш хэтэрхий дэгжирхсэн хүнийг “Юу ч мэдэхгүй байж тоть шиг гоёод” гэж ярьдаг биз дээ. Хятад тоглоом шиг гоёод байх тусам хямдхан харагддаг.
Харин энгийн байх тусмаа хамгийн сайхан харагдах болно.
-Амьдрал зорилгогүй, түүнийг бид л бий болгоод байгаа юм шиг санагддаг уу. Та өөрийн амьдралаа хэрхэн дүгнэдэг вэ?
-Энэ асуултад хүн бүр өөрийнхөөрөө л хариулах байх. Харин би ирээдүйнхээ төлөө бас өвөө, аавынхаа үргэлжлэл болохоор амьдарч байгаа. Тиймдээ ч хүүхдүүдээ эрүүл энх, сайн сайхан яваасай гэж хүсдэг.
ж.солонго