Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах 32 дугаар байрны гуравдугаар давхрын айлд гал гарч байна гэх дуудлага өнгөрсөн бямба гаргийн 08.58 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Галын улмаас тухайн айлын цонхоор хар утаа олгойдож, бага насны хүүхдийг аврахын тулд тус давхрын цонхоор гаргаж буй бичлэг цахимд түгж, олон хүнийг хиртхийлгэсэн. Гуравдугаар давхрын цонхоор нэгэн эмэгтэй эхлээд хүүхдийг тосож авах даавуу шидэж, дараа нь оймсноос өөр хувцасгүй балчир хүүг цонхоор гаргасан юм. Цонхны доор хэдэн хүн бүтээлэг дэлгээд, тал талаас нь барьж, хүүг тосож авсан.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиход 56 ам.метр гурван өрөө байрны зочны өрөөний дотор хэсэг, эд хогшил шатаж байсныг унтраажээ. Галын голомтоос 22, 86 настай хоёр хүнийг аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлсэн байна. Бичлэгт гарсан бага насны хүүхдийг мөн эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа гэнэ.