
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр АН-ынхны тамганы маргаантай холбоотой гомдлыг хэлэлцлээ. Тус шүүхэд хурал 09.00 цагт эхлэхэд гуравдагч этгээд буюу С.Эрдэнийн тэргүүлж буй талынхан шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасныг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч нь хүлээн авах үндэслэлгүй хэмээн захирамж гаргаснаар хурлыг үргэлжлүүлсэн юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ц.Тувааны тэргүүлж буй АН-ынхан нэхэмжлэл гаргаж, нөгөө талыг нь хуулийн этгээдээр бүртгэж, тамга олгосон УБЕГ-ын Хяналтын шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан юм. Уг нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд 955 дугаартай захирамж гаргаж, АН-ынхны хууль сахиулах байгууллагаар шалгаж буй хэргийг эцэслэтэл УБЕГ-ынхны шийдвэрийг түдгэлзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн түдгэлзүүлсэн юм.
Харин энэ захирамжийг хариуцагч УБЕГ-ынхан болон гуравдагч этгээд С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан эсэргүүцэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу ийнхүү хэлэлцлээ. Улмаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийн 1 болон 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэхдээ 1 дэх заалт болох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.1 дэх хэсгийн “Бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахаар нөхцөл байдал байгаа, эсэх”-ийг нягталж тогтоогоогүй нь шүүгчийн захирамж үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж дүгнэсэн. 2 дахь заалт нь дээрх хуулийн 65.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл тогтоогдоогүй, ийм захирамж гаргах үндэслэл бий болоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад АН-ынхны гаргасан нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэн, дээрх захирамжийн 1 болон 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгожээ. Ингэснээр АН-ынхны тамганы маргааны хэргийн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр болсон төдийгүй С.Эрдэнэд УБЕГ-аас олгосон тамга нь хүчинтэй гэж үзэх нөхцөл байдал ч бий болж буй юм.