
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн нутаг, Цагаан тохой гэдэг газарт энэ сарын 22-нд орсон усархаг борооны улмаас төмөр замын ул шороо угаагдаж, зам төмөр суларсны улмаас Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэгний вагон унажээ. Ослын дуудлагыг өнгөрсөн пүрэв гаргийн 21.45 цагт онцгой байдлын байгууллага, цагдаа, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаныхан хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид хамгийн түрүүнд очиж авран хамгаалах ажиллагаа хийсэн байна. Төмөр замын “Салхит” өртөөнөөс “Эрдэнэт” өртөөний чиглэлийн 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 8-9 вагон замаас гарсан байж. Улмаар долоон вагон дизель түлш, нэг вагон элс, мөн нэг вагон масло ачсан хөдлөх бүрэлдэхүүн замаас гарч унасан аж. Ослоос шалтгаалж гурван вагоноос түлш асгарч хөрсөнд шингэж, экологид ноцтой хохирол учруулаад байна. “Салхит” өртөөн дэх Улаанбаатар төмөр замын Аврах ангийнхан Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчидтай хамтран замаас гарсан вагонуудаас 360 тн шатахуун болон 60 тн техникийн тосыг автоцистернд юүлэн, шилжүүлэн ачиж, өчигдөр өглөө сэргээн босгож, төмөр замын хөдөлгөөнийг нээсэн тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Өдгөө хэдий хэмжээний хохирол экологид болон төмөр замын салбарт учирсныг тогтоохоор Тээврийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шийдвэр гаргаж, ТЦА-ны Мөрдөн шалгах газрынхан шалгахаар болоод буй гэнэ.
Усархаг борооны улмаас төмөр замын суурь бүтэц гэмтэж, далан, гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж эвдрэх явдал нэг бус удаа гарч буй. Үүнийг төмөр замын насжилт, 1948-1949 онд барьсан гүүр, хоолойн хийцүүд хуучирч, муудсан, 1000 гаруй км төмөр замын ул шороонд үерээс хамгаалах далан, ус зайлуулах шуудуу, суваг хангалтгүй нь ийм осол гарахад хүргэж байгааг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Тэгэхээр төмөр замын ул шороог хамгаалах, дахиж ийм осол гаргахгүйн тулд орчин үеийн стандартад нийцсэн далан барих шаардлагатай болжээ. Ташрамд дурдахад, 2018 оны наймдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн нутагт зорчигч тээврийн галт тэрэг үерийн улмаас замаас гарч хүмүүс гэмтэн, төмөр замд хохирол учирсныг уншигчид санаж буй. Ослын шалтгаан нь төмөр замын ул шороог хамгаалах далан суваг хангалтгүй, зэрэгцүүлж тавьсан авто замын ус зайлуулах байгууламжаас хальсан ус төмөр замыг угааснаас болсон гэж мэргэжлийнхэн хэлдэг. Тухайн ослын улмаас төмөр замд хэдий хэмжээний хохирол учирсныг Улаанбаатар төмар замынхан нууцалж, эцэстээ 200 сая төгрөгөөр хохирсон хэмээж байсан юм.
Бэлтгэсэн Г.Равжаа