
Энэ жил Өвөрхангай аймагт 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил шинээр хийж буй. Эл ажлын хүрээнд Бат-Өлзий сумд 440 хүүхдийн суудалтай сургууль болон спорт заал барихаар өнөөдөр шав тавилаа. Дээрх сумд оршин суугаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ачаалал ихэссэн гэнэ. Тиймээс шинээр сургуулийн барилга барихаар төлөвлөж, “Бако констракшн” компани ажлыг нь гүйцэтгэхээр болжээ. Ингэснээр хүүхдүүдийн сурч, хөгжих орчин сайжирч, гурван ээлжээр хичээллэхээ болих гэнэ.