
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Сангийн сайд Б.Жавхлан нар Өмнөговь аймагт очиж, Гашуунсухайтын хилийн боомт дахь чингэлэгт тээврийн терминалын ажлын явцтай танилцлаа. Засгийн газар өнгөрсөн долдугаар сард тогтоол батлан, нүүрсний экспорт бүхий боомт, хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр эл терминалыг хоёр сарын хугацаанд барилаа. Нийт санхүүжилтийн 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 15 хувийг “Тавантолгой”, 25 хувийг “Энержи ресурс” ХХК гаргажээ. Төслийн гүйцэтгэгчээр “Энержи ресурс” ажиллаж, 30 га талбайд терминал байгуулсныг Улсын комисс хүлээн авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын улмаас нүүрсний экспорт саарсан. Экспортыг нэмэгдүүлэх олон цогц ажил хийж байна. Ирэх оны долдугаар сард Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулна. Мөн терминал байгуулна. Чингэлэгт тээврийн терминал нүүрсний экспортын нэмэлт гарц болно. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Шивээхүрэнгийн боомтод ийм терминал байгуулахаар бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн” гэлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж, буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр тэндээс экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой” хэмээсэн.
Терминалын үйл ажиллагааг бүрэн автоматжуулан, “ухаалаг гарц”-ын систем нэвтрүүлж, бүртгэл хяналтыг цахим хэлбэрт шилжүүлснээр тэндээс ачилт хийх захиалгыг 7-14 хоногийн өмнө авч, гаалийн бүрдүүлэлтийг урьдчилан хийх боломж бүрдүүлэх юм байна. Мөн уртын (20.30-07.30) болон богинын (08.00-20.00) тээврийн ачилтын цагийг давхцалгүйгээр зохион байгуулж, жолооч нар хоорондоо харилцаа үүсгэхгүйгээр дамжин тээвэрлэлт хийхээр зохицуулжээ.
Ерөнхий сайд терминалтай танилцсаны дараа Гашуунсухайт боомт болон Цагаан хадны бүс нутагт халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, ногоон бүс болгох цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Улсын болон аймгийн Онцгой комисс, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, холбогдох бусад байгууллагад үүрэг болголоо. Үүний хүрээнд жижиг битүүмжилсэн тээвэр буюу “бөмбөлөг” арга хэмжээг улам идэвхжүүлэхийг сануулсан юм. Мөн терминалын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд жигдрүүлснээр Цагаан хад дахь нүүрсийг богино хугацаанд хилээр гаргаж, цаашид Тавантолгойн уурхайгаас уртын тээврийг эхлүүлэх нь чухлыг хэлж байлаа. Улмаар нүүрс ачсан чингэлэгтэй автомашинуудын хил нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад чиглэл болгов.
Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав яаралтай шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал буйг хэллээ. Гашуунсухайтын хилийн боомтод PCR шинжилгээний төхөөрөмжийг нэмэгдүүлж, эмч, эмнэлгийн ажилтан найман хүний орон тоог шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн боомтод нүүрсийг тусгаарлалтын дэглэмээр чингэлэгтэй тээвэрлэх “Ногоон гарц” түр журмыг батлах шаардлагатайг уламжлав. Эдгээрийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд даалгалаа.