УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс хүсэлт тавьсны дагуу Оросын төмөр замын “Гэгээн пантелеймон” явуулын эмнэлгийнхэн өчигдөр Монголд ирж, иргэдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж эхэллээ. “Явуулын поликлиник галт тэрэг”-ний эмч, мэргэжилтнүүд 20 хоног манай улсад ажиллаж, өмнөөс хойд хил хүртэлх өртөө, зөрлөг бүрд хүрч, төмөр зам дагуух иргэдэд үйлчлэх гэнэ. Тодруулбал, явуулын эмнэлгийнхэн ирэх сарын 2 хүртэл Улаанбаатар, Замын-Үүд, Сайншанд, Чойр, Дархан, Зүүнхараа, Сүхбаатар хот, суурин дамжин үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээ хийхээр болжээ. Нийт 34 эмч, мэргэжилтэн өдөр бүр 08.00-18.00 цаг хүртэл ажиллаж, өдөрт дунджаар 200-300 хүнд үйлчлэхээр төлөвлөсөн байна. “Гэгээн пантелеймон” хэмээх явуулын поликлиник галт тэрэг нь оношилгоо, лабораторийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан тул иргэд шаардлагатай нарийн мэргэжлийн шинжилгээ, оношилгоонд хамрагдаж, орос эмч нараас эмнэлгийн тусламж, зөвлөгөө авах боломжтой гэв.
О.Ундрах